![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/gol.-600x456.jpg)
Монголбанк аравдугаар сард бодлогын хүүгээ 0.5 нэгжээр өсгөж 12.35 хувь болгосон. Он гарсаар инфляцийн өсөлтийг бууруулах зорилгоор гурван удаа өсгөж, заавал байх нөөцийг хоёр удаа нэмсэн. Гэсэн өнөөдөр ч Засгийн газар төсвийг тэлэх бодлогоор ажилласаар байна.
Монголбанк, Засгийн газар хоёр өөр замаар дөрлөсөн бух шиг явж байхад нийгмийн суурь инфляци 12.3 хувьд хүрсэн гэдгийг статистикчид анхааруулав. Тухайлбал, нийслэлд мөнгөний ханшийн уналт хамгийн өндөр байгаа аж. Гэхдээ үзүүлэлт амьдралаас хол гэж шүүмжлэгчид байдаг. Хэдийгээр амьдралаас хол ч гэлээ түгшүүрийн харанга дэлэхэд ойрхон байгаа гэсэн үзүүлэлт гарсан байна.
Тэгэхээр Монголбанк бодлогын хүүгээ нэмж инфляцийг уургалах гэж оролдсон ч чадалгүй алдчихаад байна. Инфляцийг уураглахад төсөв, мөнгөний бодлого хоёроо нэг зам дээр гаргах хэрэгтэй байгаа гэсэн үг. Энэ мэтээр төсөв мөнгөний бодлого нэг голын хоёр эргээд давхиад байвал инфляци өсч ядуурлыг нэмэгдүүлдэг, нийгмийн орлогын ялгааг ихсэгдэг аж.
Ирэх цаг хугацаа таагүй мэдээллээр дүүрэн байхад манай улсын ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг өсгөнө, төрийн албан хаагч, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувь нэмнэ гэсэн тооцоогүй их мөнгө суусан. Үүнийг Олон улсын валютын сангийнхан таагүй үйл явдлын эхлэл гэдгийг анхааруулж байна. Хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй төсөв эргээд ард түмний амьжиргааг доройтуулж, бүтээн байгуулалт зогсонги байдалд оруулахгүй гэх баталгаа алга. Дэлхийн зах зээл, хөршийн худалдан авалт өмнөхөөсөө илүү хүчтэй нүүрлэх гээд эдийн засгийн хямралыг тойрохгүй гэх аргагүй. Тэгэхээр төсвийг ганцхан жилээр бус ядаж гурван жилээр бодож тооцохгүй шаардлагатай байна.
Мөн Хүний хөгжил сангаас олгох хишиг хувийн үлдэгдэл нэг сая төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох гэж байгаа. Оюутнуудад 500 мянгыг нь бэлнээр олгоно гээд бэлэн мөнгийг зах зээл рүү юүлж өгнө. Төрийн энэ их энэрэнгүй сэтгэл эргээд иргэдийн нуруун дээр инфляцийн асар их дарамт болж бууна гэдгийг эрх биш нэг бодож л баймаар. Эдийн засагчдын хэлж буйгаар инфляцийг тогтоон бариад байх боломжтой хамгийн уян хатан зүйл гэнэ.
Харин Сангийн сайд С.Баярцогт “бид инфляцийг бариад байж чаддаг. Ирэх жил бүр боломжтой байгаа. Өндөр ургац авсан учир махны нөөцөө сайтар бэлтгэх хэрэгтэй. Ингэж чадвал инфляцийг өсөхөд нөлөөлдөг шатахууны үнийг зохицуулах ажил л үлдэнэ. ОХУ нефть бүтээгдэхүүнийхээ үнийг нэмбэл бид татвараа буулгана. Буулгавал бид татвараа нэмнэ” гэсэн маш хялбархан тайлбарыг хэлэв. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “2012 оны төсвийн болон мөнгөний бодлогод болзошгүй гадаад шокыг даван туулах арга хэмжээг аль болох өргөн суулгаж өгөх хэрэгтэй байна. Төсөв хэтэрхий хурдан тэлж буйн улмаас эдийн засгийн халалт бодитойгоор нүүрлэн дотоодын нийт бүтээгдхүүний хуваарилалтад төрийн оролцоо нэмэгдэж Голланд өвчнийг тээгч гол суваг болгон хувирч байна. Төгрөг чангаран, инфляци өндөр байгаагийн улмаас төгрөгийн бодит ханш чангарч байна. Төр томрон хувийн хэвшлийн өсөлтийг шахаж байна.
Үүний дээр уул уурхайн салбарт өндөр цалин нэвтэрч, төрийн албан хаагчдын цалинг огцом нэмэгдүүлж буйн улмаас манай хувийн сектор, үүн дотроо уул уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадвар суларч байна. Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн байнгын тогтвортой орлогын өсөлт хангалтгүй байна. Өсөлтийг илүү хүртээмжтэй болгон бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, түүний дотор боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд анхаарах цаг тулж ирээд байна” хэмээн Засгийн газрын бодлогын эсрэг зүйлийг хэлж байна.
Түүгээр ч барахгүй энэ эрхэмүүдийн хэлсэн ярьсан бүхэн амьдрал дээр зөрөөд байна. Дэлгүүрийн лангуу, айлын эзэгтэйн хэтэвчинд эерэгээр буух хэрэгтэй байна. Гэвч Засгийн газрын төсөв тэлэх бодлогыг парламент ирэх оны сонгуулийн нүдээр харж дэмжиж байгаа. Харин сонгуулийн маргаашнаас төсөв тэлсэн гэдгийг харах байх.