![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/Mongol-hel-antiqua.jpg)
2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг, Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоол гаргасан. Үүнд Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1, 2 дугаар хавсралтын ёсоор, гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай гэсэн байдаг.
Мөн тогтоолд бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл, хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосон.
Түүнчлэн бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг 6айгууллага, бүх шатны сургуулийн багш, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагууд, төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан худалдан боруулахаар болсон билээ.
Гэтэл эрдэмтдийн зөвлөлөөр орж аль үгийг ямар тохиолдолд хэрэглэх, салаа утгыг нь хэрхэн ойлгох талаар удаан маргалдсны эцэст нэг тийш болгож цэгцэлжээ. Гэхдээ зарим үгс БАЙ-гаа онохгүй байхын зовлон байна.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/sod28.jpg)
Тухайлбал, айхтар гэдэг үгийг айхавтар, бодьгал гэх үгийг бодгаль, туулайн бүжинг бөжин, гарьд гэх үгийг гарди, шөнө дөл болохын дөлийг дүл, Түвдийг Төвөд, ура хашгирахыг урай, засаг захиргааны нэгж болох хошууг хушуу, хиншүү хярвасын хиншүүг хэншүү, үнэ цэнэ гэхэд хэрэглэгддэг цэнэ-ийг цэн, цээжийг чээж, чармай нүцгэнийг чармаа, эрхи-ийг эрих гэхчилэнгээр тогтоожээ.
Эдгээр үгс чихэнд нэг л наалдаж өгөхгүй бас нүдэнд дасч өгөхгүй зовоогоод байгаа юм. Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийн дагуу дээрх үгсийг оруулсан өгүүлбэр бүтээвэл Монгол улсын ГАРДИ, ТӨВӨДийн нэгэн ХУШУУНд ЧАРМАА нүцгэн бэлтгэл хийж Монгол хүний үнэ ЦЭН гэж юу болохыг БӨЖИН туулай мэт зүрхтэнүүдэд харуулж УРАЙ хашгирав.
Энэ өгүүлбэрийг хэлэхэд харь нутгийн хүн Монгол хэлийг сурч арай ядан ярьж байгаа мэт сонсогдоно. Дээрх батлагдсан үгнүүдийг Монголчууд бид Кирил үсэг үзэж эхэлсэн үеэсээ эхлэн заалгаж нүдэндээ дасгаж, чихэндээ хоногшуулсан билээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/rinchenresized.jpg)
Нэрт эрдэмтэн зохиолч Б.Ренчин судар бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас тасгийн эрхлэгч хүртэл алба хашихдаа шинэ эргэлтийн бодлогыг талархан хүлээн авч түүнд идэвхтэй оролцон монгол хэлний хөгжил, уламжлалыг хадгалах болон өвлүүлэн үлдээх, түүний цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмрийг оруулсан шилдэг эрдэмтэн. Түүний хийж бүтээсэн, зохиож туурвисан зэргийг энд тоочоод баршгүй бөгөөд бид бэлхнээ мэдэх юм.
Энэ л агуу их бичгийн хүний тухай дурсамж уудлах болсон шалтгаан нь Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох асуудалтай холбоотой.
Нэгэн удаа эрдэмтдийн зөвлөл хуралдаж Монгол хэлэнд ихээр хэрэглэгдэж байгаа гадаад хэлний талаар хэлэлцэж нэлээд маргалдсан гэдэг. Гэтэл тухайн үед Орос ах нартай найзалж, Ленин, Жанибеков нарыг бурханчлан тахиж байсан учраас АЛИМ гэдэг үгийг Оросуудын нэгэн адил ЯБЛОКО гэж бичнэ хэмээн зүтгэцгээжээ. Энэ үед Б.Ренчин гуай эсэргүүцэж АЛИМ хэмээн бичих нь зөв хэмээн мянга тайлбарлаад ч тусыг эс олж олонхийн саналаар ЯБЛОКО хэмээн бичих шийдвэр гарч баталжээ. Энэ үеэр Б.Ренчин гуай “Цэнхэрлэн харагдах уул” дууны мөрийг “...Алаглагхан харагдана хө хө, Яавлаг жимтэй уул байна аа хө хө...” хэмээн аялсаар гарч явахад Яблоко хэмээн бичнэ хэмээн маргасан эрдэмтэд хэлэх үггүй болж Яблокоо буцааж АЛИМ болгосон гэдэг. Ийм л хүн өнөө цаг үед үгүйлэгдээд байна уу даа гэх бодол төрөв.
Тэгэхээр дээрх үгнүүдийн тухайд шууд Орос буюу гадаад үг болгочихоогүй ч гэсэн олон жил бичиж, хэрэглэж ирсэн хувилбарыг өөрчлөх нь хэр зохистой вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Адаглаад л МОНГОЛ УЛСЫН ГАРЬД гэх цол ГАРДИ гэж бичихэд нэг л өөр харагдаж байгаа биз. Мөн шөнө дөл болтол гэх үгийг ШӨНӨ ДҮЛ гэхээр утга санааны хувьд ч гэсэн өөр болж арай л өөр зүйл нүдэнд төсөөлөгдөх юм. Гэвч зөв, бурууг цаг хугацаа л шүүх байх даа.
Ж.Хулан