Хуванцар саванд хоол биш ХОР агуулагдаж байна
2011-11-10

Цаг үетэйгээ хөл нийлүүлж, даяарчлагдах дуртай Монголчууд гэр ахуйн хэрэглээний эд зүйлсээ ч мөн л даяарчилж хэзээнээс нааш хэрэглэж ирсэн Оросын төмөр савнуудыг халж, урд хөршид үйлдвэрлэгдсэн хуванцар савнуудыг хэрэглэх болсон. Тийм ч учраас сүүлийн үед шар, цэнхэр өнгийн 20, 25, 40, 100, 200 литрийн усны савгүй айл бараг байхгүй болсон. Ялангуяа гэр хорооллын иргэд ундны усаа 20 литрийн шар, цэнхэр саваар зөөж 200 литрийн саванд юүлдэг нийтлэг төрхтэй. Нарантуул захын сав суулга зардаг хэсгийн бараа цэнхэр, шар өнгийн саваар чимэглэх болсоор даруй хэдэн жил өнгөрсөн ч эдгээр сав суулгыг хаана хийдэг, хаанаас оруулж ирэх нь Монголчууд бидэнд ямар ч пад хамаагүй хэрэг байв. Хагарч цоороогүй байвал барав хэмээн авч хэрэглэдэг эдгээр хуванцар савнуудыг худалдан авч ундны ус, айраг цагаа, тараг, сүү зэргээ хийж зөөвөрлөдөг. Гэтэл Монголчуудыг ундны усны саваар хангаж байгаа эдгээр хагарч цуурдаггүй, хямд төсөр, хөнгөн нимгэн эд нь арьс ширний үйлдвэрийн хорны сав байсан гэдэг илэрхий болсон ч Нарантуул, Хархорин захын наймаачид зарсаар байгаа юм. Хонь, ямааны арьсны үсийг зумлахад хэрэглэдэг химийн хорт бодисын саванд хийсэн ус, тараг, сүү, айраг нь хор болж байгааг манайхан тоодоггүй. Саяхан Мэргэжлийн хяналтын газар ажлын хэсэг байгуулж хуванцар савны бизнес эрхэлдэг, түүнд савласан химийн бодис импортолдог аж ахуйн нэгж, усны сав гэх тодотголтой савнуудад шинжилгээ хийжээ. Эндээс техникийн зориулалттай савыг хүнсний хэрэглээнд ашиглах нь хүний сэтгэцэд нөлөөлж, хорт хавдар үүсгэх аюултай болохыг баталгаажуулжээ. Мөн хүний удамшил, сэтгэц, эрүүл мэндэд аюул учруулж байдгийг шинжилгээний дүн баталсан байна. Уг дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан хуванцар сав  худалддаг аж ахуйн нэгж, арьс ширний үйлдвэрийнхнийг химийн бодис агуулсан савыг худалдахгүй байхыг шаардаж албан бичиг илгээхээр болсон гэнэ. Мөн хил, гаальд уг савыг оруулахад анхаарч, хязгаарлахаар болж буй аж. МЕЛАМИНТАЙ САВ СУУЛГА Түүнчлэн Монголчуудын өргөн хэрэглээнд тооцогддог хуванцар сав суулга ч бас АСУУДАЛТАЙ аж. Меламин буюу мелалит нь аминопластын бүлэгт хамаарагдах, янз бүрийн дүүргэгчид, будагч бодисуудууд болон меламин-формальдегидын давирхайгаас тогтсон шахмал юм. Химийн бодис, түүгээр хийсэн хуванцар адилхан меламин нэртэй. Хүнсэнд меламиныг шууд хэрэглэх талаар зөвшөөрөл, зөвлөмж байхгүй. Уургийн агууламжийг зохиомлоор нэмэгдүүлэх зорилгоор меламиныг хууль бусаар нэмдэг байна. Шинжпэх ухааны үүднээс меламин нь байгаль дээрхи хүнсний сүлжээнд маш өчүүхэн хэмжээгээр агуулагдаж байдаг ба энэ нь хэрэглэгчдийг эрүүл мэндийн ямар нэгэн эрсдэлд оруулдаггүй. Европын холбооны улсуудад хүнсэн дэхь меламиний хэмжээ өдөрт биеийн жингийн килограмм тутамд 0,5 мг, АНУ-д өдөрт биеийн жингийн килограмм тутамд 0,63 мг-аас бага байхад хүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үздэг. 1950-1960 оны үеүүдэд хуванцар аяга тавгийг өргөн хэрэглэдэг болсон бөгөөд дэлхийн  II дайны үед АНУ-ын усан цэргийн флотын цэргүүдэд зориулж анх үйлдвэрлэсэн гэдэг. Энэ нь хөнгөн боловч зурагддаг, эвдэрч хагардаг печенд хийж болдоггүй байжээ. Меламинтай саванд халуун хоол цай хийхэд хуванцар зөөлөрч формальдеид нь чөлөөтэй болон улмаар хүнсний бүтээгдэхүүнд шингэн ордог байна. Формальдегид нь хортой бодис бөгөөд харшил үүсгэх, ген гэмтээх, хавдар үүсгэдэг тул эрүүл ахуйн нормыг хатуу мөрдөх хэрэгтэй аж. Формальдегидийн дээрх зөвшөөрөгдөх тоо хэмжээ байдаг хэдий ч хүүхдэд зориулагдсан бараа бүтээгдэхүүн, хоолны сав, хэрэгсэлийг үйлдвэрлэхдээ меламиныг ашиглахыг хориглодог. Түүнчлэн меламин хоолны хэрэгслүүд нь олон дахин угаах болон халдваргүйжүүлэхэд тогтворгүй шинж чанартай учир нийтийн хоолонд хэрэглэхийг Европын орнуудад хориглодог. Формальдегидаас гадна меламинтай хоолны хэрэгсэлд бусад альдегидууд тухайлбал ацетальдегид болон хүнд металууд байдаг байна. Монгол улсад импортоор орж ирж буй хуванцар сав суулга 2008 оны байдлаар 25 улсын 1411 нэрийн 9,218,909 ширхэг хүнсний зориулалттай хуванцар сав импортолсон ба үүний 93,9 хувийг Хятад улсаас, 2,1 хувийг нь БНСУ-аас, 1.2 хувийг Сингапур улсаас, 2.8 хувийг бусад улсаас импортолж оруулж ирсэн байна. Мөн 2008 онд импортоор орж ирсэн сав суулганы тэмдэглэгээний байдалд судалгаа хийхэд нийт савны 5,8 хувь нь тэмдэглэгээгүй, 92,2 хувь нь ямар нэг тэмдэглэгээтэй болов ч ойлгомжгүй байгаа нь гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хуванцар сав суулга Монгол улсад орж ирэн худалдаалагдаж байна гэж үзэхээр болсон тухай мэргэжлийн хяналтынхан онцолсон. Тиймээс хуванцар саванд савласан бүтээгдэхүүнүүдийн хадгалалтын хугацааг сайтар хянаж байх, хугацаа дуусмагц хэрэглэхгүй байх, /нүүрний тос, шүдний оо,ургамлын тос маргарин/, хуванцар савыг ширүүн зүйлээр үрж угаахгүй байх, хуванцар савны гадна талд нэмэх хасах хэмийг заасан халбага, сэрээний зураг бүхий тэмдэглээтэй байвал тухайн заасан хэмд нь хүнсний бүтээгдэхүүн хийж хэрэглэх, ус ундааны суларсан саванд дахин хүнсний бүтээгдэхүүн /сүү айраг, тараг, хоормог/ хийхийг хориглох, меламин савыг богино долгионы зууханд хийх, халуун хоол цай хийхийг хатуу хориглох талаар анхааруулсан байна. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
төгөлдөр:
Хэн анх зохиосон юм
2016-10-07
төгөлдөр:
Хэн анх зохиосон юм
2016-10-07
Шар сав чинь ургамлын тосны сав биш юмуу, бусдыг нь мэдэхгүй юм. Гэхдээ ургамлын тосны шар сав бол байдаг шдээ. Тосыг нь арилгах гэж бөөн л юм болдог шдээ.
2011-12-15
ер нь бол хөдөөнөөс ирсэн гэх сүү тараг айрагийг ууж хэрэглэх арга тун байхгүй болж дээ. бүгд л ийм хогийн хуванцар саванд хийцгээж байгаа. тэгээд ч бас манай хүмүүсийн мэдлэг боловсрол үнэхээр муу байнаа. хэлж зааж байхгүй бол ... хотын гуанзнууд гэхэд л бас нөгөө муухай нимгэн гялгар уутанд хоол хийгээд хүмүүст өгдөг.
2011-12-07