![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/journalist-middle.jpg)
2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын гишүүд хэвлэл мэдээллийнхэнд харшилтай, аль болох амыг нь барих утга бүхий шийдвэр гаргадаг болсон. Тэд хэвлэл мэдээллийнхний амыг барих ээлжит төлөвлөгөөгө өчигдөр хэлэлцлээ. Тэр нь УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчийн хууль зөрчсөн асуудал, нэр дэвшигчдийн нэр төрийг гутаасан, сонгуулийг будилуулсан, санал хураалтад сөрөгөөр нөлөөлсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдэд мөнгөн торгууль ногдуулах талаарх санал байв.
Ажлын хэсгийнхэн энэ саналыг боловсруулах гэж нэлээд цаг заваа зарцуулж, хөлс хүчээ үрсэн юм байх. Өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө цаг хугацаа, ёс зүй, хууль дүрмийг умартан зүтгэдэг зангаараа ажилласан гэж байгаа. Үүнийхээ үр дүнд хууль зөрчсөн, хариуцлага алдсан албан тушаалтан, нэр дэвшигч, хэвлэл мэдээллийн байгууллагад яг тохирсон хариуцлага тооцох арга буюу торгуулийг олж чадсан гэнэ.
Энэ мэргэн санаагаа өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр хошин шогийн зүйл болсон нь төрийн албан хаагч, гишүүдийг торгох саналыг сонссон гишүүд толгой нь эргэж ямар их мөнгө вэ. Хэрээс хэтэрсэн торгууль ногдуулах гэж байна. Хэмжээг нь багасгахгүй бол болохгүй хэмээн ам уралдан төрийн албан хаагчийн сарын цалинг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх гэснийг 2-4 болгох гэж зүтгэв.
Тухайлбал, Д.Одхүү Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хохироосон төрийн албан хаагчийг сарын цалингийн доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэснийг Су. Батболд гишүүн эсэргүүцэж, “Гишүүд сүүлийн үед Эрүүгийн хуульд зааснаас давсан хэмжээний торгууль ногдуулах асуудлыг хуульд оруулах гэдэг болсон байна. Сонгуулийн ажилтны цалин сайндаа 300 мянган төгрөг. Сонгуулийг будилуулдаг нь улстөрчид.
Улстөрчдөөс болж 300 мянган төгрөгийн цалинтай хүнийг ингэж өндөр торгож таарахгүй. Сүүлийн үеийн хуулиудад төрийн албан хаагчдыг санаанд оромгүй өндөр хувиар торгох асуудал явдаг болсон” гэж байх юм. Түүний саналыг дэмжиж амандаа бувтанасан гишүүн олон байв. Яагаад гэвэл өөрсдөд нь хамаатай юм болохоор аргагүй. Тэгэхээр төрийн албан хаагч, нэр дэвшигч хариуцлага алдсан, алдаа гаргасныхаа төлөө 1 сая 200 мянган төгрөгийн торгууль хүлээх нь. Харин худал мэдээлэл цацсан, хувийн нууцад халдсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэхээр төсөлд оруулжээ. Эцэстээ сонгуулийн үеэр сэтгүүлчид хэн нэгний мууг үзэх гэж, хувийннууцыг ухаж явдаггүй. Улстөрчид өөрсдөө нэгнийхээ мууг үзэх гэж боловсруулсан материалаа амандаа орсон мөнгөө хэлж төлбөртэй нийтлүүлдэг гэдэг нь нэгэнт ил болсон.
Хүний гараар могой бариулж сурсан эрхэмүүд үүнийхээ дараа сэтгүүлчдийг золигт гаргаж байж дуусгах нь. Энэ саналыг сонсгон санал хураахад өмнө нь 10 хувийг их гэж маргалдаж байсан гишүүдээс нэг нь ч дуугарсангүй. Ингээд ирэх сонгуулийн үер хэвлэл, мэдээллийн хэрэгсэл худал мэдээлэл цацсан гэх хэрэгт унавал дааж давшгүй торгууль үүрэхээр боллоо. Бодож үзвэл хөдөлмөр хөлсний доод хэмжээ 140,400 байгаа.
Он гараад нэмэгдэнэ. Гэхдээ одоогийнхыг 70 дахин нэмэгдүүлэхэд 9 сая, 898 мянган төгрөг болж байна. Албан тушаал, авдаг цалин, эдэлдэг хангамжаараа тэнгэрийн хүмүүс 1 сая гаруйхан төгрөг төлж чадахгүй гэж байсан атлаа нийгмийг эмчилснийхээ төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага 10 орчим сай төгрөгийн торгууль төдөг болох нь. За тэгээд бүр дургүйгээр хөдөлвөл шүүхэд өгч байгаад хэдэн 100 саяар нэмэхжилж дарамтална. Төрийн хаагч, нэр дэвшигчийг торгохдоо хуулиас дээгүүр авирлаж байна хэмээн хуулийн үндэстэй эсэргүүцэж байсан гишүүд сэтгүүлчдийг торгох болохоор хууль хамаагүй болчихдог байна. Сонгуулийн хуульд оруулж буй энэ санал нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байна.
Уг хуулийн 4.2-т Хуулийн хүрээнд мэдээ , мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрт хууль тэгш үйлчлэх эрхтэй гэсэн хэлэх дуртай үгээ эргээд нэг харах болжээ, түшээд ээ!
Та бүхэн нэг сая гаруй төгрөгийн торгуулиас айж байгаа бол үнэний төлөө сэтгүүлчид 10 сая төгрөгийн торгуулиас айхгүй. Хамгийн гол нь иргэн үрт хууль тэгш үйлчилдэг баймаар байна.