![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/mungu-amlahgui-sanamj-bichig-gariin-useg-zurav.jpg)
МАН-ын бүлэг өчигдөр дахин буулт хийлээ. Үүнийгээ улстөр, нийгмийн тогтвортой байдлыг дээдэлсэн гэж тайлбарлаж байна. Тэд АН-ын бүлгийн санал болгосон 48/28 бүхий холимог тогтолцооноос гадна сонгуулийн 26 тойргийг хүлээн авах болжээ.
Ингэхдээ нийслэлд 14, орон нутагт 34 мандаттай байхаар болж байна. АН-ынхан хавраас хойш гэдийсээр өчигдөр хүссэндээ хүрснийх их л додьгор байна. Сонгуулийн хуулийг явуулъя, нийгэмд бий болсон хүлээлт, 2008 оны долдугаар сарын 1-ний үйлд явдлыг давтахгүй гэж бодож байгаа бол бидний саналыг хүлээж авахаас өөр аргагүй байсан гэх нь байна.
УИХ-ын Сонгуулийн хуулийн зөвшилцөх ажлын хэсгийний нуруу сүүлийн хэдэн сарын турш тэнийгээгүй. Өөрийн намаасаа нэлээд хатуу шахалтад орж хэвлэл мэдээллээр зовлонгоо тоочиж байсан гишүүд их ажлын ард гарлаа гэх.Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ долоо хоногт Сонгуулийн хуулийн зөвшилцлийг дуусгаж хуулийн хугацаанд багтаан дуусгахыг ажлын хэсэг, намын бүлгийн дарга, байнгын хорооны дарга нарт үүрэг болгосон.
Улстөрийн намуудын хамтасран санамж бичиг, гэрээнд Сонгуулийн хуулийг зөвшилцлийн замаар шийдэж, бүрэн эрхийнхээ хугацаанд батална гэсэн байгааг ч спикер сануулсан байна. Энэ хурлаар яригдсан асуудлыг ажил хэрэг болгож энэ долоо хоногт сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг дуусгах болж байна.
Парламентын хувьд чадахгүй гэж байсан том асуудлын ард гарсан хэмээн догь байгаа ч хуульд сэтгэл дундуур, гомдогсод байгаа гэдгийг мартаж болохгүй. Эхний нь сонгуульд өрсөлдөж ямар нэг суудалд хүрэх буюу сэтэрт хүрэх гэсэн шинэковууд. Мажоритари 48 суудлаас шинэковуудад хүрэх нь юу л бол. Тэрбум тэрбумаар нь хандивлаад, нийслэлд, орон нутгийн намдаа шилэн байр бариулж өгөхгүй л бол ховор тохиол болчихоод байгаа.
Мөн ингэж их хүчин зүтгэл гаргачихаад УИХ-д нэр дэвшиж өрсөлдөөд унавал яах вэ гэдэг. Тэгэхээр тэдэнд даагаа нэхэж орон нутгийн сонгууль өрсөлдөх шанс байгаа. Тиймээс УИХ болон орон нутгийн сонгуулийг нэр өдөр явуулахгүй байх шийдвэр гарахыг хүлээж суугаа. МАН-ын бүлгийн гишүүд хоёр сонгуулийг нэг өдөр явуулбал улс орон даяараа улстөржөөд, сонгуульд нэр дэвшсэн, компант ажлынхан гээд нийгмийн бүхий л ажил хаягдана. Улс төрийн хэт их халалт бий болж хуваагдал, явцуу эрх ашгийн төлөө ажиллах болно гэж үзэж байгаа.
Тэгвэл АН-ынхан хоёр сонгуулийг нэг өдөр нэг санал хураалтаар шийдэх хэрэгтэй. Эдийн засаг, цаг хугацаа, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд хэрэгтэй гэж тайлбарлаад байна. АН-ын бүлгийн саналыг дэмжиж байгаа улстөрчид ч олон байна. УИХ-ын сонгуульд өвдөг шороодвол шархаа нөхөх боломжийг орон нутгийн сонгууль олгоно. Өөрөөр хэлбэл гомдогсдын гомдлыг тайлах бас нэг гарц болдог билээ. Дараагийн хүлээлтэд байгаа хэсэг нь эмэгтэйчүүд. Өнөөдрийн байдлаар эрчүүдийн үзэл бодол, мэдрэмжээр шийдэж байгаа Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот 15 хувь байгаа.
Тэд 15 хувийг батлахдаа ч дурамжсан байна. Эрчүүдийн аминчхан санааг ойлгосон эмэгтэйчүүд намын, нийгмийн гарал харгалзахгүй эвлэлдэн нэгдэж 30 хувийн төлөө зүтгэж байгаа. Эмэгтэйчүүдийн уран ухаан парламентын танхимд зөөлөн агаар салхилуулах эсэхийг энэ долоо хоонгт шийдэж гэж байна.