Төр түшилцсэн эрхэмүүд бие биенийхээ булхайг уудлан, нэг нэгэн рүүгээ “чулуу шидэх”-ийг ард түмэн анхааралтай ажиж байв. Энэ үйл явдал цаашид хэрхэн өрнөж нэг хүн рүү онилсон зүүний үзүүр нөгөө дээр хэрхэн үсэрхийлж олныг хамрах бол гэдэг нь үнэхээр сонирхолтой байлаа. Гэвч тэдний анхаарлыг улстөрөөс сарниулсан бас нэгэн сонирхолтой, хачирхалтай үйл явдал гэнэтхэн өрнөсөн нь ”Дэмчиг бурхан” буюу IX Богд Жавзүндамбыг Монголын шашны тэргүүнээр өргөмжлөх ёслолын ажиллагааны зар.
IX Богд Жавзүндамбыг Монголын шашны тэргүүнээр өргөмжлөх ёслол нь нийслэлчүүд төдийгүй Монголчуудын хувьд шинэ бас хачирхалтай сонин мэдээ байлаа.
Учир нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Д.Чойжамц хамбыг Монгол дахь шашны байгууллагын тэргүүн хийгээд хамгийн дээд зиндааны хүн гэж ойлгодог байв. Гэтэл гэнэтхэн сүсэгнүүд Богд гэгээнээ залах ёслолын зар тарааж Гандантэгчэнлин хийдийг тойрон байрлах сүм хийдийн тэргүүн хэвлэлийн бага хурал зарлаж дээрх үйл ажиллагааг буруу хэмээн шүүмжиллээ.
Аливаа зүйлд бодь сэтгэлээр хандаж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн зааж сургадаг санваартнууд ч эл мэдээллийг гэнэтхэн сонсоод барьц алдсан нь олны хараанаас мултарсангүй. “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж тэргүүтэй нэр бүхий хамба нар Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцыг Монголын Бурхан шашны тэргүүний суудлаа IX Богдод шилжүүлэн өгөхдөө өөрсдийнх нь саналыг үл хэрэгссэн, үүгээрээ хууль дүрэм зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн нь ёстой л орчин үеийн залуусын хэлдэгээр сюрприз буюу цочир сонин боллоо.
Харин сүсэгнүүдийн тухайд дээрх мэдээллийг сонссон ч сонсоогүй байя хэмээн бодсон уу аль эсвэл олны жишгийг барьсан уу юутай ч богдыг залах өдөр Гандан хийдийн хашаа хөл гишгэх зайгүй болсон юм.
Монгол орон 87 жилийн дараа Богд гэгээнтэй болж байгаа нь энэ гэнэ. Богд гэгээн Жибзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан Жамбалнамдолчойжижалцан бээр өдгөө 79 нас сүүдрийг зооглож буй. Тэрээр 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцэл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарчээ.
Харин өнгөрсөн жил IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монгол улсад ирсэн байна. Тухайн үед Гандантэгчинлэн хийдийн тэргүүн лам нар болоод бусад хийдүүдийн хамба лам нартай ярилцаад энэ жил IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монголын бурхан шашны тэргүүнээр залах шийд гарсан нь өдгөө биелжээ.
Харин Д.Чойжамц хамбын тухайд энэ асуудалд ул суурьтай хандаж, ёстой л хамбын буурь зааж байв. Тэрээр “Богд нь дээр заларч, хамба нь өдөр тутмын үйл хэргийг удирдан явуулдаг уламжлалтай. IX Богдын эзгүй байсан орон зай одоо л нөхөгдлөө” хэмээн өгүүлсэн юм. Тэгэхээр Чой хамба олон жилийн өмнө тодорсон богдыг сэнтийд нь залалгүй, өөрөө орлож явсан болж таарч байгаа юм. Тэгэхээр одоо л бүх зүйл хэв хэвэндээ орж байх ёстой газраа очиж байгаа байх нь.
Богдын эзгүйд БОСС-ууд юу хийв
Соц нийгмийн үед танил айл, садан төрөлдөө л орж хийморийн сан тавьж, хүүхдийн ном уншихаас хэтэрдэггүй байсан хуврагууд 1990 он гарснаар эрх чөлөөт иргэд болсон. Харин 2000 он гарнаас хойш төрөл арилжсан мэт ааштай олон лам хувраг төрж сүм хийдүүд ч олширсон. Гэвч бурханы шавь нарын гар буруу зүйл рүү илүү явах болсон нь өргөл барьц.
Ном уншуулж, засал хийлгэхээр очсон хүнийг “Хэдийг өгөх юм” хэмээн хээв нэг асуудаг лам нар бий. Тэр ч бүү хэл зовлон дээр зовлон нэмж ийм байна, тийм байна, тэгэхгүй бол болохгүй, тэрний чинь толгойг залгих гэж байна гэсэн айдас төрүүлж халаасан дахь хэдийг нь хуу хамдаг нөхдүүд ч байна.
Өнөөдөр шар дээл өмсөж хүрэн жанч нөмөрсөн хуврагууд үнэтэй гар утас барьж, жийпээр гоёх болсон нь өргөл барьцны л үр өгөөж. Ийнхүү мөнгөжсөн цөөнх нь хувийн сүм хийд барьж Гандангаас өрх тусгаарласан бол дөнгөж хөл тавьж байгаа багачуул нь түрээсийн ширээний ард сууж өдөржин ном унших хүн харуулдаж, өмнөө суусан хүнийг ч үл хайхран үүдээс орж ирсэн хүмүүсийг зүг өлөв долов харж суудаг нь туйлын үнэн.
Харин сүсэгнүүдийн хамгийн их цуглардаг Гандантэгчэнлин хийдийн тухайд буяны газар гэхээсээ илүүтэй бизнесийн байгууллага болсон. Бүх ном нь тарифтай. Түүнээс гадна мөнгө олох тусгай арга нь хандив. Машины зогсоолоосоо 200 төгрөгийн татварыг хаа нэгтээ авна. Хашаан дотор байрлах 00 нь ч үнэтэй. Ингээд бодохоор бурханы, буяны газар биш бизнесийн байгууллага гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно.
Тэгэхээр эцсийн дүнд БОГДЫН ЭЗГҮЙД Бурхангүй газрын бумба галзуурч байж гэж дүгнэхээс өөр арга алга. Харин одоо Монголын бурхан шашин эзэнтэй болж Богд суудалдаа заларсан болохоор бүх л зүйл байр байрандаа очиж буян дагасан бизнес устах биз ээ гэж найдая.
Ж.Хулан