![collec copy](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/collec-copy1.jpg)
Ираныг бөмбөгдөнө гэнэ үү. АНУ ч биш Израйль ч биш Их Британийн агаарын хүчин Ираныг бөмбөгдөхөөр бэлтгэж байна гэнэ үү.
Сарын өмнө Британийн Батлан хамгаалахын сайдын ширээн дээр Иран улсын цөмийн хөтөлбөрийн стратегийн цэгүүдэд агаараас цохилт өгөх маш нууц төлөвлөгөө боловсруулагдан тавигдсан аж.
Энэ талаар английн The Guardian, Time, АНУ-ын Huffington Post зэрэг улстөрийн томоохон хэвлэлүүд тоймлон бичжээ. Өрнөдийн хэвлэлүүд юуны учир Ираны бөмбөгдөлтийг зөгнөх болов. Тэдний бичиж буйгаар бол Ойрхи Дорнодын бүс нутагт арабын орнууд, Израйль, Ираныг хамарсан бүс нутгийн шинжтэй дайн эсхүл цэргийн мөргөлдөөн гарахад нэн ойрхон боллоо хэмээжээ. Дэлхийн эдийн засаг хаа хаанаа хүндхэн байгаа энэ үед тэд юунд дайныг зөгнөнө вэ.
Исламын Иран улс цөмийн хөтөлбөрөө тун ахицтай урагшлуулж нэг л мэдэхэд Израйлийн бөөрөн дээр жин тавьж мэдэх асуудал өнөө маргаашийн хэрэг болсон тул АНУ, Их Британи, Израйль гэсэн “учиртай гурван толгой” зэвсгээ сэмээрхэн агсаж эхэлсэн гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Израйль баллистик пуужингийн ээлжит туршилтаа амжилттай хийсэн талаар Батлан хамгаалахын сайд нь Израйлийн төв радиогоор мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Иран улс энэ мэдээнд тун эмзэг хандаж хариу мэдэгдэл хийгээд авсан юм. Тэрхүү мэдэгдэлд Израйлийн баллистик пуужингийн туршилт нь сүрдүүлэг, өдөөн хатгалга хэмээжээ.
![israeliran-737751](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/israeliran-737751.jpg)
Энэ ч бас нэг юм хэлээд байна. Их Британи Ираныг бөмбөгдөх нь гэсэн шум дэгдэхээс өмнө болж өнгөрсөн үүнтэй холбогдох сэжмүүдийг эргэн дурдая.
Өнгөрсөн оны сүүлээр алдарт Викиликс сайтын уудлан дэлгэсэн материалууд дунд Саудын Араб Ираныг бөмбөгдөж цөмийн хөтөлбөрөөс нь хагацаахыг америкчуудаас эелдгээр хүссэн тухай нууц материал байлаа.
Мөн түүнтэй давхцан АНУ дахь Арабын нэгдсэн Эмират улсын элчин Юсуф аль Утайба Ираныг эдийн засгаар нь туйлдуулан цөмийн хөтөлбөрөөс нь салгах гэж оролдон цаг хугацаа алдахын оронд цэргийн хүчээр цохилт өгч асуудлыг цэглэх хэрэгтэй хэмээн ил тод ярилцлага өгч байлаа.
Энэ нь тэр үедээ шуугиан дэгдээж байлаа. Махмуд Ахмединижадын гарт цөмийн зэвсэг орох нь Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Арабын хувьд Израйлаас дутуугүй заналхийлэл үүсгэнэ. Мөн үүнтэй холбоотойгоор америкчуудын холбоотон гэгдэх Арабын орнууд буруу харж инээж зөв харж уйлан Ираныг дагахаас өөр аргагүй болно гэдгийг ч тэд америкчуудад сануулаад амжсан юм.
![photo 1](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/photo-1.jpg)
Мөн нэг талаар Ираны эсрэг оновчтой шуурхай агаарын цохилт хийж, энэ цэргийн ажиллагааны зардлыг дээр дурдсан арабын улсууд хариуцна гэсэн мэдээлэл ч энд дурдагдсан.
Жилийн өмнөх энэ зарим нь нууц байгаад илчлэгдсэн зарим нь ил тод зарлагдсан мэдээллүүд одоо “ажил хэрэг” болоход ойртоо юу.
Арабын шахуудын санхүүжүүлсэн цэргийн ажиллагаа Британийн гараар хийгдэх гэж байна уу.
Хэрэв хийгдлээ гэхэд энэ нь НАТО-гийн мандатын дор мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлтэй хийгдэх болно. Ираны цөмийн реактор дээр унах бөмбөг нь английнх гэсэн үг.
Гэхдээ НАТО Ливи хэмээх дайны голомтоос хэдхэн хоногийн өмнө салаад байгаа. НАТО-гийн өмнөөс дэлхийн улстөрийн тавцанд голлон тоглогчдын нэг болох Барак Обамагийн засаг захиргаа шинэ дайны голомтыг асаахад тийм ч бэлэн бус байгаа нь Их Британийг энд хөдөлгөх шалтгаан болох магадлалтай.
Гэлээ гэхдээ НҮБ-ын танхимд ОХУ, Хятад зэрэг гүрнүүд ийм боломжийг олгохгүй тэгээд ч дэлхий даяар ил тод зарлаж байгаад Ираны стратегийн баазуудад цохилт өгнө гэдэг нь үлгэр болно. Тиймээс л араа бүрэн даатгуулсан Их Британи Ираныг бөмбөгдөх үү үгүй юу гэсэн мэдээлэл сэвэлзэж эхэлжээ.
Ирантай хамгийн их өс зангидалцдаг улс мэдээж хэрэг Израйль. Энд Израйль гол дүрд тоглох нь ойлгомжтой гэдгийг мартаж болохгүй. Тиймээс ч Израйль ойр ойрхон стратегийн зэвсгийн туршилт хийж Ираныг өндөлзүүлсээр буй. Угаас эргэн тойрныхоо орнуудтай бүс нутгийн асуудалд хэзээ ч салахгүйгээр орооцолдсон Израйль нэгэнт алдах зүйлгүй.
![iran-missile-test](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/iran-missile-test.jpg)
Палестины Хамас, Ливаны Хезболлах бүлэглэлүүд Израйлийг өдөр шөнөгүй заналхийлэл дунд байлгадаг. Тэдний ард Иран болон Ливан улсууд байдаг гэж Израйлийн тагнуулын алба Моссад үздэг.
Тиймээс ч Иран улс баяжуулсан ураны тусламжтайгаар цөмийн цэнэгт хошуутай болвол Хамас, Хезболлах бүлэглэлийн гарт орох нь тодорхой. Тэгсэн цагт лалын тулгар үзэлтний еврейчүүдийг газрын хөрснөөс арчих эртний мөрөөдөл биеллээ олно хэмээн израйльчууд эмээх.
Тиймээс арабын баян улсууд болон АНУ, Их Британиас илүүтэй Ираны цөмийн хөтөлбөрт санаа зовних улс бол Израйль юм. “Айрон Доме” хэмээх ойрын тусгалт пуужингаар израйлийн арми Ливаныг довтлохын өмнө яг одоогийн шиг туршилт хийж байсан.
Тэр пуужинг израйльчууд Хезболлах бүлэгтэй 34 хоног дайтахдаа хэрэглэсэн юм. 40000 гаруй харвагч пуужинтай гэгдэх Хезболлах бүлэглэл энэ тулаанд ихээхэн хохирол үзсэн.
Харин Сирийн ерөнхийлөгч Башар Ассад энэ үеэр тун хүлцэнгүй байдлыг хөндлөнгөөс ажигласан. Гэсэн хэдий ч израйльчууд их барьсан ч өмхий бага барьсан ч өмхий хэмээн үзэж 2007 онд Хезболлахт зэвсэг нийлүүлсэн хэмээн Сирийг ч бөмбөгдөж байлаа.
Тиймээс англичуудтай англичуудгүй Израйль, Ливан, Сири улсуудын дунд дайны гал асахад хэзээд бэлхэн байгаа. Хэрэв ийм тохиолдолд Иран ч зүгээр байхгүй нь тодорхой. Яг энэ үед НАТО далимыг ашиглаж Ираныг бөмбөгдөх болов уу. Ийм таамаглал сайдын ширээн дээр ирсэн нууц төлөвлөгөөний агуулгыг эрэн тэмтчиж эхэлсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө хийгдсэн Израйлийн баллистик пуужингийн тусгал нь Тегеранд хүрэх чадалтай. Тиймээс л Иран улс энэ асуудалд тун эмзэг хандаж байгаа.
Энэ нь ч ямар нэг юмны дохио хэмээн өрнөдийн шинжээчид үзэж байна. Сирийн нийслэл Дамаск хотоос 22 км-ийн зайтай орших Беккагийн хөндийгөөр Израйлийн талаас Ливан руу хийх халдлага явагддаг. Харин Сирийн хувьд дотоод асуудалдаа орооцолдоод гадагшаа ямар нэгэн бодлого явуулах тэнхэлгүй болсон нь Израйльд давуу тал олгож буй.
Өнөөгийн улам бүр даяарчлагдаж буй, асуудлыг олон улсын дипломат аргаар шийдэхийг хичээдэг дэлхий дахинд ихээхэн хөнөөлт дайны эхлэлийг тавих хамгийн өндөр магадлалд дайсагнагч орнуудын дунд орших эмгэнэлтэй хувь тавилан нь Израйль улсыг хүргэнэ хэмээн ажиглагчид сэрэмжлүүлсээр байна.
О.Нар