![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images1.jpg)
Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд нийслэлд “хотолсон” муу сүнснүүдийг айлган цочоож хөөхийн тулд бүгдээрээ баг өмсөж, үс гэзгээ сэгсийлгэн “Амьд сүнс”-нүүд болцгоов. Гэхдээ Монголчууд бидний хөл хөөрцөг болон тэмдэглээд байгаа “Halloween day”-ийн нарийн учрыг мэдэж байгаа эсэх нь бүү мэд.
Юутай ч Америкчуудын дээр үеийн уламжлалт цаг тооллоор өнөөдөр буюу 11 дүгээр сарын нэгэнд шинэ он эхлэх гэж байгаа учраас түүний өмнөх өдөр дэлхий дээрх сүнснүүдийг айлган цочоож буцаахын тулд анх үүссэн гэдэг.
Мөн энэ баярыг хуучны Ирланд үндэстнүүд тэмдэглэж байсан гэх хувилбар ч байдаг. Тэд 10 дугаар сарын 31-ний үдэш бүх сүнснүүд дэлхий дээр төвлөрөн цуглаж хаа сайгүй тэнүүчилдэг гэж үздэг аж. Энэ өдөр баг өмсөх нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдлах арга байсан гэдэг.
Харин эртний Ромд Сүнсний баярыг ихэд чухалчлан наадам болгон тэмдэглэсээр ирсэн ба энэ баярыг ихэвчлэн христ шашинтай улсууд тэмдэглэдэг болжээ. Хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад зэрэг улсууд. Англи болон Хятадад тодорхой хэмжээнд тэмдэглэдэг ч энэ нь улс орныг хамрах хэмжээнд хүрдэггүй аж.
Латин Америкчуудын хувьд Чөтгөрийн баяр хэмээн тэмдэглэдэг байна. Тус улсад 19 дүгээр зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь европын орнуудаас олон мянган дүрвэгчид ирсэнтэй холбоотой гэнэ.
БИЛЭГ ТЭМДЭГ ХИЙГЭЭД ДОМОГ
Энэ баярын хамгийн гол билэг тэмдэг болсон зүйл бол улбар шар болон хар өнгө юм. Харин яагаад хар болон хулууны улбар шар өнгийг сонгосон тухай домог бий.
... Америк улс даяар алдартай Чарли гэдэг баян хүн байж гэнэ. Тэрээр хүнд мөнгө зээлдэггүй төдийгүй хүйтэн, адайр муухай ааштай хүн байжээ. Гэтэл Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хоргодож 10 дугаар сарын 31-нд хулууны хэлбэрээр үзэгддэг болсон байна. Ойр орчмынх нь айл хөршүүд Чарлигийн сүнснээс айж гэрээсээ холуур явуулах арга бодож олцгоожээ.
Тэд улбар шар өнгийн хулуунаас хамгийн томыг нь сонгон авч орой дээр нь тэгшхэн зүсэж доторх зөөлөн эдийг бүгдийг нь ухаж авчээ. Үүнийхээ дараа хулууны хальсан дээр дүрс гарган цоолж дотор талд лаа асаагаад тавьсан байна. Тухайн үед тэд Чарлийн сүнс эдгээр хулууг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ийнхүү бэлддэг болжээ. Хожим нь бусад хүмүүст хүрч нийтээрээ хулууг сүнс болгодог уламжлал тогтсон байна.
TRICK OR TREAT
Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн гэх муухай хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Энэ нь “Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү” гэсэн утгатай ба хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар шүтлэгээс үүссэн аж.
АЛДАРТНУУДЫН БАГ
Ялангуяа алдартай улс төрчдийн дүртэй багууд хамгийн эрэлт ихтэй бараа болжээ. Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Маккейн болон Альяскийн амбан захирагч мисс хүүхний дүртэй багууд хамгийн эрэлттэй байжээ. Түүнчлэн ногоон нүүртэй үзэшгүй муухай дүр төрхтэй эмгэн, цав цагаан нүүртэй час улаан уруул, нүдтэй өвгөн гэх зэргээр хүний нүдэнд хамгийн муухайгаар харагдаж болох багнууд л уг баярын гол чимэг болдог.
МОНГОЛЧУУД МУУ СҮНСНҮҮДЭЭ ҮРГЭЭЧИХЛЭЭ, ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
Шат шатаар ахисаар дэлхийг нөмрөн буй “Halloween day” Азид хүрээгээ тэлж Монголд зочлоод байгаа нь энэ. Юутай ч өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр буюу баасан гарагаас эхлээд нийслэлчүүд Сүнсний бас Чөтгөрийн баярыг хавтгайруулан тэмдэглэсээр хамгийн сүүлд Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд гээд залуусын бүхэл бүтэн арми уг баярыг тэмдэглэв.
Дээр өгүүлсэнчлэн уг баяраар муу сүнснүүдийг хөөж амар тайван, сайн сайхан бүхнийг дууддаг. Монголчууд ч бас энэ жишгээс хазайгаагүй нь лав. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу нийлсэн мянга мянган хүний арми нийслэлд үүрэлсэн муу сүнснүүдийг амралтын өдрүүдэд үргээж даваа гарагт сүүлийг нь мушгилаа гэж ойлгож болох нь.
Улс орныг залж, жолоодоод байгаа төрийн түшээд сүүлийн хэдэн жил барцад ихтэй байсан төдийгүй хоёр тал болж хоорондоо уралцаад байсан нь муу сүнснүүдийн л хорлол байж таарлаа. Бас улс орон тавгүйтэж, уул тал хөдөлж, гал түймэр гарч, горхи шанд ширгэж, ус мөрөн булингартаж, ураг төрлүүд муудалцаж байгаа гээд үсгийн толгой холбохоор арвин их үйл явдал болоод байгаа нь бас л муу сүнсний хийж байгаа үйлдэл байх нь.
Харин одоо эрч хүч, энерги ихтэй залуус нийлж байгаад нийслэлд бугшсан сүнснүүдийг хөөгөөд явуулчихлаа. Бүр дөрвөн өдөр хөөж уг үндсээр нь устгаж цэвэрлэлээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Төр улс минь төвшин болж, түмэн олон амгалан байх нь. Яг энэ үед соц нийгмийн үед дуулдаг байсан Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой нь ангаар бүрэн, хөрсөн дороо эрдэнээр арвин, хүний хэрэгцээ цөм бүрэн эх оронд минь энэ дутаад байсан юм хэмээн егөөдөхөөс өөр үг үнэндээ олдсонгүй. Уг нь Монголчууд бидэнд үр удамдаа үлдээх үнэн үгтэй, хүндэтгэх заншилтай үндэсний баяр бий. Бас тэмдэглэх баяр цөөдөөгүй л байлтай.
Ж.Хулан