![2355397](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/2355397.jpg)
Аливаа хувьсгал болгон эгнээнээсээ үндэсний баатар, уриалан дуудагч төрүүлдэг.
Хувьсгалыг гардан зохион байгуулж удирдах хүмүүсээс гадна бэлгэ тэмдэг, нүүр царай болдог хүмүүс байдаг билээ.
Тэгвэл Арабын хувьсгалуудыг энэ оны эхээр сүр дуулиантай эхлүүлж байсан Египетийн ард түмний дунд нэгэн шинэ баатар мэндэлсэн нь 31 настай Ваил Саид Аббас Гоним хэмээх компьютерийн инженер мэргэжилтэй залуу юм.
Түүнийг Тайм сэтгүүл яах аргагүй энэ оны зуун алдартны нэгэнд оруулан нэрлэж байгаа.
Ваил Гоним нь Египетийн нийслэл Каир хотод төрсен бөгөөд өндөр боловсрол эзэмшиж, 2008 оноос интернэтийн аварга том корпораци Google-д ажиллах болж улмаар 2010 онд тус компанийн Хойд Африк болон Ойрхи Дорнодыг хариуцсан газрын захирлаар ажиллаж байгаа нэгэн.
![wael_ghonim_of_egypt_1148135](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/wael_ghonim_of_egypt_1148135.jpg)
Өндөр боловсролтой, олон ургальч үзэлтэй шинэ үеийн египет залуусын төлөөлөл болсон тэрбээр нэгдүгээр сард египетийн цагдаагийнхны гарт эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн нэгэн залуугийн үхлийг эсэргүүцэж интернэтийн facebook сүлжээгээр эсэргүүцлийн хуудас нээсэн юм.
Улмаар тэрбээр олон жил төрийн толгойд заларсан Хосни Мубаракийг шүүмжилж, төрийн алдаа завхрал, нийгмийн гажуудал, дутагдлыг хатуу дурдсанаар египетийн интернэт хэрэглэгч олон мянган шинэ үеийн залуусыг ухааруулж өгсөн.
Түүний үнэн бөгөөд хүчтэй үгс санаанд багтамгүй олон хүнийг эгнээндээ нэгтгэж улмаар энэ оны нэгдүгээр сарын 25-нд Тахрирын талбайд 20000 хүн хамарсан анхны жагсаал болсон билээ.
Ингээд ч зогссонгүй facebook хуудас дээр Гонимыг дэмжсэн 130000 гаруй хүн "Бид санал нэгдэж байна, дарангуйлал бус ардчилал шударга ёсыг хүсэж байна" хэмээн дуу хоолойгоо нэгтгэжээ.
Ингэж египетийн хувьсгал Гонимын уриалан дуудсан үгсийн тусламжтайгаар Тахрирын талбайд өрнөсөн билээ. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо Google-ийн оффист ажилладаг Гоним тэмцэл ид дундаа орсон хоёрдугаар сарын 8-нд эх орондоо баатрын дүрээр ирсэн юм.
Энэ үед түүний эхлүүлсэн хувьсгал төрийн зөөлөн сэнтийд 40 жил заларсан ерөнхийлөгч Хосни Мубаракыг нэгэнт унагаад байлаа.
![waelll](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/waelll.jpg)
Ваил Гоним жагсагчидтай уулзаж индэр дээрээс үг хэлж тэднийг уриалан, өнөөх цагдаагийнхны гарт амь үрэгдсэн залуугийн ээжтэй очиж уулзан зургаа татуулж телевизээр ярилцлага өгч байлаа. Одоо тэрбээр Египетийн үндэсний баатар нэгэнт болжээ. ВВС түүний талаар 30 жил дарангуйлсан Хосни Мубаракийн үеийг интернэт, компьютермын гар хулганаар зэвсэглэсэн Ваил Гоним дуусгалаа хэмээн бичиж байсан.
Дашрамд дурдахад Ваил Гоним нь АНУ-ын иргэн эмэгтэйтэй гэрлэсэн, одоо хоёр хүүхэдтэй хэмээн барууны сонинуудын нүүрэнд тэр үед өдөр алгасахгүй бичигдэж байлаа. Үүнийг нь дагаад үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ч тархаж байлаа.
Түүнийг АНУ-ын Батлан хамгаалах яамны Ойрхи Дорнод хариуцсан газартай хамтран ажиллаж байсан хэмээх мэдээлэл гарч байсан нь зарим хүмүүст эргэлзээ төрүүлж байлаа.
![1477218_3_f576_wael-ghonim-au-centre-s-adresse-aux](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/1477218_3_f576_wael-ghonim-au-centre-s-adresse-aux.jpg)
Ваил Гонимын жишээнээс харахад энэ цаг үед интернэтийн томоохон сүлжээ ашиглан хувьсгал хийх боломжтой гэдгийг баталж байна.
Ер нь Facebook зэрэг сүлжээг анх үүсэж байхад нь АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тусгай санхүүжилтээр ивээн тэтгэж байсан гэдэг асуудал ч тавигдаж байлаа.
Хэрэв тийм бол Египетэд гарсан ард түмний хувьсгал шинэ зууны мэдээлэл харилцааны хэрэгсэл ашигласан хувьсгалын анхдагч болж буйгаас гадна АНУ энэ тал дээр нэлээдгүй анхаарал эртнээс тавьж байсан нь ажиглагдана.
Ямартай ч Ваил Гонимын хувьд араб дахины олон ургальч үзэл бодолтой шинэ үеийн залуусын төлөөлөл юм.
Түүний уриалан дуудсан гал цогтой үгс арабын ертөнцийг тэр чигээр нь хувьсгалын шуурганд автуулсан. Харамсалтай нь Ваил Гоним мэтийн шинэ үеийн залуусын хүссэнээр ардчилал шударга ёс тийм ч аархан тогтчихгүй бололтой. Залуусын хүсэл эрмэлзэл, мөрөөдөл дээр дөрөөлөн төрийн эрхэнд гарах лалын тулгар үзэлтнүүд эдгээр хувьсгал хийж буй төр засагтайгаа тэмцэлдэж буй улс бүхэнд байна. Йемен, Сири, Ливи, Тунис, Бахрейн зэрэг тэмцлийн шуурганд хуйхлагдсан улсууд үүнд багтана.
![_51160281_011217448-1](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/51160281_011217448-1.jpg)
”Арабын хувьсгал бол яахын аргагүй мэдээллийн хэрэгслийн, ялангуяа интернетийн хувьсгал байсан. Би хувьдаа Арабын эсэргүүцлийн хөдөлгөөнийг Хувьсгал номер 2 буюу Хувьсгал 2.0 гэж нэрлэнэ” хэмээн Ваил Гоним хэлж байлаа.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Эль Барадей Гонимын тухай хэлсэн үгэндээ ”Түүнд болон египетийн залуу үедээ манай ард түмэн баярлалаа гэж хэлэх цаг болжээ” хэмээж байлаа.
О.Нар