![kl9i2pgb](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/kl9i2pgb.jpg)
Арванхоёрдугаар сарын 24 болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ өдрийг хүрэхээс өмнө Сонгуулийн хуулиа баталж чадахгүй бол 2008 оны томсгосон мажоритари хувилбараар сонгуулиа явуулах болох юм. Хуучин хуулиар сонгууль явуулбал түүхэнд долдугаар сарын 1 хэмээн хараар тэмдэглэгдэн үлдсэн өдрийг дахин давтагдах болно. Улстөрчид өрсөлдөгч намынхантайгаа бус өөр хоорондоо тэрсэлдэх болно гэсэн таамаг дагалдаж байна. УИХ-ын сонгуулийн хуулийг батах хугацаа ойртох тусам Төрийн ордонд өрнөж байгаа сонирхлын зөрчил гаарч байна.
МАН-ын бүлэг 48/28 хэмээх мажоритари давамгайлсан холимог хувилбарыг сонгоод үүнээс цааш сонголт, буулт байхгүй гэдгийг АН-ынханд хатуу сануулсан. Энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуучин хуулиараа сонгуульдаа оролцоно биз гэсэн өнгө аясыг ах нар үзүүлсэн. Энэ хувилбараар 28 пропорциональ суудлыг намын нэрээр авна. Тухайн нам хэдэн хувийн санал авна төдий хэмжээгээр суудал эзэлнэ. Мажоритари 48 суудлыг нэр дэвшигчийн нэрээр тодруулах болж байна. Гэхдээ нэг тойрог нэг мандат байхыг санал болгоод байгаа.
Өнөөгийн парламентад байгаа нийслэлийн 20 төлөөллийг нэмэгдүүлэхээр ийнхүү нэг тойрог нэг мандат гэсэн санал оруулж байгаа гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, 48 суудлын 3/1 хувиас доошгүй буюу 16 нь нийслэлээс сонгогдоно. Пропорциональ 28 суудлын 13 нь нийслэлд оногдох болохоор нийт саналын жингээр 29-д хүрч байгаа аж. Мөн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах боломжгүй гэж үзэж байгаа. АН-ынхан 48/28 гэсэн тоог хүлээн авч болж байна. Ганцхан мажоритариар сонгох 48 суудлыг нэг тойрог нэг мандат бус 26 тойрогт хуваах хэрэгтэй.
Энэ саналыг хүлээн авахгүй бол Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй. Завсарлага авахад ч бэлэн байна хэмээн гэдийж байгаа. Энэ тухайгаа АН-ын гишүүд хэлэхдээ улс орныг 48 тойрогт хувааж байгаа нь хагалган бутаргах, тойрог өмчлөх, худалдаж авахыг боломжийг олгож байна гэх. Улстөрчдийн тайлбарлаж буйгаар 76 тоон дотроо холимог тогтолцоог багтаах хэрэгтэй. Үүнээс илүү өөрчлөлт шинэчлэлтийг хийвэл Үндсэн хуультай зөрчилдөнө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацаа парламентад үлдээгүй. Намуудын болно улстөрчид амбиц, ашиг сонирхлоо дарж чадаагүй байхад сонгуулийн хуулийн өөрчлөлт ахихгүй. Энэ чигээрээ явбал хуучин хуулиараа сонгууль явах нь бараг тодорхой болж байна гэх. Үүнийг хуульч С.Нарангэрэл ч баталж байгаа юм. УИХ-д суудалгүй бусад буюу жижиг намуудын хувьд пропорциональ талдаа гарч байгаа ч сонгуулиа шударга явуулж чадвал аль ч тогтолцоогоор явуулахад айх зүйл алга.
Луйваргүй, элдэв маргаангүй, улстөрийн намуудын ашиг сонирхол тусахгүй явуулж чадвал улстөрийн тавцан дээр зэрэгцэн зогсоход бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа. Харин ИЗНН-ын дарга Д.Энхбат улстөрийн цоо шинэ зоригтой рефорум хийх цаг болсон. Өнөөгийн УИХ, улстөрийн намуудын удирдлагад байгаа хүмүүс энэ шинэчлэлийг хийхгүй. Одоогийн УИХ-ын 76 гишүүн парламентаас татгалзан дахин нэр дэвшихгүй байх. Дараагийн сонгуулийн явуулж цоо шинэ хүмүүсээр парламентаа бүрдүүлье. Ингэж чадвал өнөөгийн хардлага, бохир бүхэн үгүй болно. Хэрэв ийм алхам хийнэ гэвэл би суудлаасаа татгалзахад бэлэн байна гэж хэлж байсан. Сэрэхгүй бол сайхан л зүүд байна. Улстөрийн зоригтой юм шиг мэдэгдэл байна. Ийм улстөрч олон байгаасай хэмээн хүмүүс олон янзаар хүлээн авч байгаа.
Энэ мэтчилэн иргэний болон улстөрийн зориг гаргасан олон мэдэгдлийг УИХ-ын гишүүн, улстөрчид хийж байна. Нэг үгээр хэлбэл сонгуулийн хуулиар өнөөдрийг хүртэл зөвшилцөж чадахгүй байгаа нь улстөрд хүч үзэхээр хумсаа нууж байгаа улстөрчдөд тайзнаа гарч тоглолт хийх олон боломжийг олгож байна. Дараагийн фронтынхонд шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлж олонд танигдах завшааныг олгож байгаа юм. Энэ мэтчилэн мэргэн үгсийн чуулганд төөрөлдсөн Сонгуулийн хуулийн мэндлэх хугацаа хойшилсоор байна.
Ц.Ургамал