![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/justice-symbol-600x455.jpg)
Арбитрын шүүхэд хүрээд манай талд ялалтын мэдээ дагуулж байсан С.В.Паушокийн зарга болоод ялалтын мэдээ дагуулах болов уу гэсэн хүлээлт үүсгээд байгаа “Хан ресорсез”-ын гэх хоёр зарга үүсэх болсон уг шалтгааныг харьцуулаад үзэхээр эрхгүй болгоомжлол төрөхөөр байгаа юм.
Монголын Засгийн газар, МонАтом төрийн өмчит компаниас 200 сая ам.доллар нэхэмжилсэн заргыг шүүх хурлын товыг тодорхойлох урьдчилсан хуралдаан Парис хотноо болж ирэх оны тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд гэж тогтсон талаар эл заргыг нааштай шийдвэрлэхийн төлөөнөө Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Г.Баясгалан дуулгасан. Мөн тэр хурлаар “Хан ресорсез” –ын нэхэмжлэл нь Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээний асуудал мөн, бишийн тухай л хэлэлцэнэ хэмээн тайвшруулж байгаа. Хэрэв Арбитрын шүүхээр шийдэх маргаан биш гэж үзвэл тавдугаар сард болох хурлаар хэргийг хаах боломж нээгдэнэ, яг л “Алтан дорнод Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг шиг эхний шүүх хурлаар ялах магадлал байхыг үгүйсгэхгүй” хэмээн хэвлэлд ярьсан байгаа юм. Үнэхээр ч тэгж шийдэгдвэл тун сайхан мэдээ байж таарах билээ.
Гэхдээ яг л С.В.Паушокийн зарга шиг ялалт манайд ирэх болов уу гэж харахаар дээр өгүүлсэнчлэн ялсан, ялахын төлөө байгаа хоёр заргыг харьцуулж харах хэрэгтэй болох нь.
Эхлээд С.В.Паушокийн заргын талаар цухас өгүүлье.
68 хувийн татвараас үүдсэн 1.5 тэрбум долларын нэхэмжлэлтэй зарга Монголын талд шийдвэрлэгдсэний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Энэ шийдвэрийн бас нэг ач холбогдол нь Монгол улс бие даасан тусгаар улс, дотоод асуудлаа өөрөө шийдэх эрхтэй гэдгийг баталгаажуулсан шийдвэр гарч байна... Шүүхийн шийдвэр нь гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсын хуулийг дагах ёстой, биелүүлэх ёстой гэдгийг харууллаа” хэмээн хэлж байсан.
С.В.Паушок болон түүний Алтандорнод Монгол ххк, Востокнефтьгаз ххк-иас нэхэмжилсэн эл зарга гурван жил хагасын дараа шийдвэрлэгдсэн. Оросын талаас тохиролцох саналуудтай зэрэгцэн дарамтыг үзүүлж байсан гэх энэ зарга шийдэгдэх хүртлээ ийм хугацааг туулахдаа Монгол улсын Засгийн газраас буюу Монголын ард түмнээс 7 тэрбумыг залгисан байдаг юм. Гэхдээ олон улсын арбитрчид Монголын талыг дэмжин шинэ их өрд унагалгүй өнгөрөөсөн нь тэр долоон тэрбум зүгээр салхинд хийсчихээгүй гэсэн үг.
Гол нь дээрх зарга Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг байсан бөгөөд олон улсын хууль тогтоомжид нийцэхгүй хуулийг Монгол Улсын Их Хурал баталж, өөрсдийг нь хохироосон гэсэн агуулгатай байв.
Харин Арбитрын шүүх дээрх хуультай холбоотой гаргасан С.В.Паушокийн нэхэмжлэлийг эрхзүйн хувьд үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрхзүйд бүрэн нийцсэн. Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш гэсэн байр суурийг арбитрын шүүхийн бүрэлдэхүүн илэрхийлсэн байдаг. Харин Монголын талыг өмгөөлсөн өмгөөлөгч Майкл Молан “олон улсад нэр хүндтэй нэр бүхий гурван арбитрчаас бүрдсэн баг Монголын талд 100 хувь шийдвэрийг гаргалаа. 68 хувийн татвар нь олон улсын хууль тогтоомжид нийцсэн. Монгол улс олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргалаа” гэж байв.
Тэгэхээр Монгол Улс ялсан заргын үүссэн учир шалтгаан нэг ийм. Харин ялах эсэх нь тодорхойгүй байгаа “Хан ресорсез”-ын зарга юу билээ. Заавал Арбитрын шүүхээр эцэслэн шийдэгдэлгүйгээр хаагдчих боломж бий болов уу гээд нэг харъя.
Дорнод ураны орд дээр Канадтай бус Оростой хослон ажиллахаар засаг дахь нөхдүүд шийдвэрлэн улмаар замаа засахын тулд, Канадыг гаргахын тулд авсан арга хэмжээнүүд нь энэ заргыг үүсгэхэд хүргэсэн юм. Монгол, Оросын Ерөнхий сайд нар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Москва хотноо Дорнод Уран хамтарсан үйлдвэрийг цаасан дээр байгуулсаны дараахан буюу 2011 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монголын Засгийн газар Арбитрын шүүх дээр дуудагдсан. Канадын “Хан ресорсез” компани 200 сая америк долларын нөхөн олговор нэхэмжилсэн.
“Хан ресорсез” компани нэхэмжлэлдээ “...Дорнодын ураны орд газарт лиценз эзэмших эрхийг Монгол улсын засгийн газар хураан авч хууль бус хандсан гэсэн үндэслэлээр Монгол улсын засгийн газрын эсрэг олон улсын арбитрын шүүхэд албан ѐсоор нэхэмжлэл гаргасан” хэмээн өгүүлсэн.
Мөн нэхэмжлэгч тал Монгол Улсын Цөмийн энергийн газар уран болон цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж лицензийг нь шинээр олгохоор Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг 2009 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хурааж авсан нь Дорнод ураны ордын лицензийг “Хан ресорсез”-оос хууль бусаар булаасан алхам гэж үзэж буй.
Шинэчлэн бүртгэж байгаа учраас лицензийг нь түр хугацаагаар хурааж авч байна гэж анх ойлгуулсан ч, эргүүлээд компаниудад олгохдоо “Хан ресорсез”-ыг үлдээн, улмаар шинэчлэн бүртгэж олгохгүй гэдгээ 2010 оны 11-р сард мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар Дорнодын ураны орд газрыг Хан ресорсез компанийн оролцоогүйгээр ашиглах зорилгоор ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан гэж Хан ресорсез үзэн нэхэмжлэл гаргасан байгаа юм.
Тус компанийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Грант Эди “...Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж мэдэгдсэн бөгөөд энэ хэргийг өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно гэдгээ мэдэгдсэн билээ.
Сонирхолтой нь манай Засгийн газар “Хан ресорсез” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавихад нь тод дуугаран “Хан ресорсез”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдэж байсан. Улмаар санал тавиад бараагүй “АРМЗ” компанитай нийлэн Дорнод ураны орд дээр орж ирэх шийдвэрийг үзэглэсэн дүр зурагтай байгаа.
Мэдээж манай Засгийн газар өөрийн зөв гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн. Цөмийн Энергийн Газраас “ Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресорсез” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан.
Сануулахад, “Хан ресорсез инк” зөвхөн манай талыг бус нөгөө тал Оросыг ч оролдсон. “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гарган, “АРМЗ” болон түүний салбар компаниудыг нийт 300 сая канад долларын гэм хохирлыг учруулсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Гэсэн ч “Атомредметзолота” төрийн өмчит компанид холбогдох нэхэмжлэлийг Оросын тал хүлээн авахаас татгалзсаныг Хууль зүйн яамнаас нь илэрхийлсэн.
Гаагийн Конвенцийн 13 дугаар зүйлийг үндэслэн “АРМЗ”-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэний дараа “Хан”-гийн Ерөнхийлөгч эрхэм “АРМЗ компанийг шүүхийн заргаас хаацайлахын тулд ийм ер бусын арга хэмжээ авсанд сэтгэл дундуур байна. Биднийг энэхүү түр зуурын замын бэрхшээл зогсоохгүй бөгөөд АРМЗ-г шүүхэд өгөх өөр арга замыг бид эрэлхийлнэ” гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч өнөөдрийг хүрэхэд “Хан ресорсез” Оросын Засгийн газрыг шүүхэд дахин өгөөгүй байна.
Тэгэхээр манай тухайд Хан-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан гэдэг нь харагдаж буй.
Канадууд Оросын талаас 300 сая канад долларыг нэхэмжлэхдээ "Төв Азийн Уран" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн АРМЗ компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн эдийн засгийн харилцаанд хууль бусаар оролцсон, Хан болон түүний салбар компаниудын эрх ашиг, бизнесийн нэр хүнд, хөрөнгөд санаатайгаар хохирол учруулсан хэмээн тайлбарласан.
Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресорсез” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресорсе Инк”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан.
Мөн АРМЗ өөрсдийнх нь хувьцааг урьдчилан тохиролцолгүйгээр худалдан авах гэсэн санаа нь биелээгүй учир Хан-гийн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах оролдлогыг хийж улмаар Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах бололцоог хангаж Хан-гийн эрх ашгийг үл харгалзан, хор уршиг учруулсан хэмээн мэдүүлсэн байдгаас үзэхэд эдгээр үндэслэлүүд нь Оросын талыг шууд буруутгаж дийлэхгүй байлаа ч, хийж хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухайд амаргүй үндэслэлүүд байж мэдэхээр.
Тиймээс яг л С.В.Паушокийн зарга шиг ялж чадах болов уу? гээд байгаа юм.
Э.Болорхажид