![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/4zd1tixy-600x481.jpg)
Хүн төрөлхтөн, тэр дундаа яруу найрагч, зохиолчид хайрыг мөнхийн сэдэв гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эл сэдвийг магтан дуулсан дуу, шүлэг, өгүүлэг, роман гээд зохиолууд их. Харин энэ сэдэв Монголд эсрэг утгаараа мөнхийн сэдэв болоод байна. Өөрөөр хэлбэл тангараг өргөсөн эмч нарт хүнийг, хүүхдийг хайрлах хайр, нинжин сэтгэл гэж үгүй, тангараг өргөсөн цагаан халаадтай “алуурчин” болсон гэхэд нэг их хатуудахгүй болжээ. Гэхдээ хүний төлөө төрчихсөн юм шиг сайн эмч нар бий. Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт гэгчээр мууг цогцлоосон цөөнх сүүлийн үед олонхи болох нь.
Үүнийг хагас жилийн дотор эндсэн 607 хүүхдийн үхэл бэлхнээ гэрчилнэ. Түүнээс гадна авто осол, хордлого гэнэтийн байдлаар олон хүн амь насаа алдаж байгаагаас эмчийн буруугаас үүдэлтэйгээр амь насаа алдагчдын тоо сүүлийн үед эрс нэмэгджээ.
2011 оны эхний 6 сарын байдлаар 33.694 эх амаржиж 607 эх хүүхдээ алдаж 17 эх нас барсан нь бага тоо гэж үү. Дайн байлдаан болоогүй, ямар нэгэн онош нь үл мэдэгдэх тахал Монголд гараагүй. Тайван цагийн “тахал” болсон эл байдал хүнд суртал, эмчийн ёс зүй, мэдлэгтэй шууд холбоотой.
Уг нь Хүний их эмчийн тангарагт "Эмч би, Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө, Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” хэмээсэн байдаг ч энэ нь ёс төдий зүйл болжээ.
Улсын клиникийн төв эмнэлэг хүнд сурталаар “магнайлав”
Өнгөрсөн долоо хоногт манай сайт Эрүүл мэндийн байгууллагуудын хүнд суртал, авлига хээл хахууль аль эмнэлэгт их байгаа талаар бүх нийтийн санал асуулга явуулсан. Олонхийн санал буюу 24 хувийн саналаар Улсын клиникийн төв эмнэлэг манлайлж, Клиникийн I амаржих газар 17 хувиар удаалав. Харин Эх нялхсын эрдэм шинжилгээний төв гуравт орж, Хавдар судлалын үндэсний төв дөрөвт, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг тавд, Гэмтэл согог судлалын үндэсний төв зургаад, Клиникийн II нэгдсэн эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн II амаржих газар гээд ар араасаа шил даран жагслаа.
Авлигын тогтолцоо
Эрүүл мэндийн салбарт авлига гэдэг асуудал хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Наад зах нь асрагчаар ойр зуурынхаа юмыг зөөлгөж, эргэлтийнхээ цай хоолыг удаалгүй авахуулах хэрэгтэй бол шоколад, набор мэтхэнийг өгөх хэрэгтэй. Харин Сувилагчид бол асрагчийнхаас арай том набор, доод тал нь 10 мянган төгрөг өгдөг бол эмчилгээ эрхэлсэн эмч юм уу аль эсвэл түүнийг таних эмчид дугтуйлсан мөнгө гардуулж байж “дуулгавартай” болгох гажиг тогтолцоо хэвшил болсон нь ядарсан иргэдийг туйлдуулж байна. Шат шатандаа их бага хэмжээний авлига авдаг тогтолцоо зөвхөн эрүүл мэндийн салбарт л эрчимтэй явагддаг.
Өглөө үзүүлбэл үнэгүй, өдөр ирвэл төлбөртэй
Яг ийм дүрэм журам улсын эмнэлгүүдэд үйлчилдэг. Доктор, профессор зэрэг эрдэм чадалтай эмч нар нь хувийн эмнэлэг байгуулаад “өрх” тусгаарлаж, харин хувийн эмнэлэг байгуулах “чадалгүй” нь төсвийн цалингаа харж үлддэг. Гэвч тэд бас л бага ч гэсэн орлоготой байхыг илүүд үзэж өглөө эрт ирж очер, дугаар авч байж үзүүлбэл үнэ төлбөргүй үздэг. Харин үдээс хойш бол төлбөртэй болчихдог. Хэрэв иргэд эмчид үзүүлэхдээ төлбөр төлж, өглөө өдрийн зааг ялгаа гаргаад байвал эрүүл мэндийн даатгал төлөх хэрэг байна уу, С.Ламбаа сайд аа.
Эмч нар хариуцлага тооцуулах дургүй
Эрүүл мэндийн салбарт хүнд суртал, авлига хээл хахуууль газар авсан ч салбарын яам эмч нараас хариуцлага нэхдэг “хөг” нь өнгөрчээ. Өнгөрсөн зун Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцох асуудлыг чангатгах тухай ярьж эхэлмэгц эмч нар өргөсөн тангарагаасаа няцаж ажил хаялт зарлана хэмээн салбарын сайдаа “сүрдүүлсэн”.
Тэдний шаардаж байгаа шаардлага нь Эмч нарт хариуцлага тооцохдоо өндөр хэмжээний торгууль ногдуулах асуудал нь “эмзэг” сэдэв болоод байгаа дуулгаж мөнгөн дүнг бууруул хэмээсэн юм. Эмч нарын авдаг цалин амьдралд хүрэлцдэггүй учраас торгуулийн дүн өндөр тогтоож байгааг тэд эсэргүүцсэн юм. Үүнийг уншаад ямар дүгнэлт хийхээ уншигч та өөрөө мэдээрэй.
Эмчийн буруугаас үүдэн...
Эмчийн буруугаас болж өрөөсөн нүдгүй болсон... Эмчийн буруугаас болж 29 настай залуу эрүүгээ тайруулжээ... Эмчийн буруугаас эхийнхээ хэвлийд энджээ... Эмчийн буруугаас болж дөнгөж мэндэлсэн нярай хорвоогоос буцлаа... Эмчийн буруугаас болж нэгэн ээж төрсөн үрээ үнэрлэж чадалгүй бурханы оронд явлаа...Эмчийн буруугаас болж нялх үрийн минь тархи үхэжлээ... Эмчийн буруугаас болж ханиа алдчихлаа... гэх гомдол тасрахгүй. Энэ олон “Эмчийн буруугаас...” гэсэн мэдээлэл Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танд нэгнийг бодогдуулахгүй байна гэж үү.
Эмч хариуцлагатай хандсан бол...
Дээрх “Эмчийн буруугаас болж...”-ийн дараа “Хэрэв эмч хариуцлагатай хандсан бол...” гэдэг гомдол ч бас тасрахгүй. Жишээ өгүүлье.
...Нийслэлийн II дугаар амаржих газар 26 настай нэгэн эх төрөхөөр очжээ. Гэтэл тус эмнэлэгийн эх барих эмч ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж бүсгүйн арван cap тээсэн үр нь амь насаа алджээ. Төрөх хугацаа нь болж өвдөлт өгсөн эх оройн 20.00 цагийн үед дээрх эмнэлэгт амаржихаар ирсэн аж. Тухайн үед эмч нь төрөх орон дээр гаргасан боловч, арай болоогүй байна гэсэн шалтгаанаар эхийг төрөх орноос буулгаж алхуулжээ. Үүнээс үүдэн гэдсэн дэх хүүхдэд бүтэлт өгч амь насаа алдсан байна. Энэ талаар ар гэрийнхнээс тодруулахад "Эмч нарын буруугаас болж бидний үр удам тасарлаа. Тухайн өдөр өвдөөд дуншиж эхлэхээр нь энд авчирсан юм. Гэтэл эмч нь эхлээд төрөх болоогүй гэж ярьж байснаа гэнэт яаралтай хагалгаанд орох болчихлоо гэж хэлээд буцаад орсон. Удаан хүлээсний эцэст “Ээжийнх нь амийг авраад харин хорвоод мэндлэх бяцхан хүүг аварч чадаагүй гэсэн хариу хэлсэн" гэв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/7a2c73c43a20098ebig.jpg)
... Налайх дүүргийн эмнэлэгийн сувилагч хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүүхдэд ажлын хариуцлага алдаж буруу тариа тарьснаас болоод нэг хүүхэд нь нас барсан хэрэг гарчээ.
Энэхүү сувилагч нь мэргэжлээрээ 1986 оноос эхлэн ажиллаж байгаа аж. Сувилагчийн хүүхдэд хийх ёстой байсан тариа нь Дексанетазон буюу харшил хордлого тайлах үйлчилгээтэй байтал Сугсанметон буюу булчин сулруулах тариаг андуурч тунг нь хэтрүүлэн тарьсан байна.
Энэхүү андуурч тарьсан тариа нь яаралтай тохиолдолд булчин сулруулах гэж хэрэглэдэг бөгөөд бага насны хүүхдэд маш бага тунгаар тарих ёстой юм байна. Одоогоор хариуцлага алдсан сувилагчийг ажлаас нь түр чөлөөлөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна...гэх хэргүүд ар араасаа хөвөрнө. Гэвч хэсэг хугацааны дараа хариуцлага алдсан цагаан халаадтай “алуурчин” өөр нэг газар ажилд ордог.
Цагаан халаад нөмөрч цалингаа чамласан тэд эм тарианаас ч ашиг гаргадаг
Өвчтөнөөс мөнгө авахын зэрэгцээ эм тарианаас ашиг унагадаг сувилагч бий. Тэд ямар тариа хийж байгааг хянах чадваргүй өндөр настан эсвэл хүүхдэд тариа хийхдээ үндсэн тариаг нь авч үлдээд зөвхөн тариа найруулах усыг нь хийж байсан нь илэрсэн. Түүнчлэн өвчтөнд хийх дусалыг цаг хугацаанд нь хийлгүй өнжөөж илүү гарган авах, өвчтөнд хувиасаа эм тариа зарах гээд эрүүл мэндийн салбар, эмч сувилагч, асрагч нарыг тойрсон асуудал дуусахгүй. Хамгийн гол асуудал бол эрдэнэт хүний амь насанд хүрчихээд дараа нь хэнэг ч үгүй өөр эмнэлэгт ажлаа хийгээд “асуудал үүсгээд” явж байдаг.
Тиймээс мөнгө, нулимсанд живсэн эрүүл мэндийн салбар эрдэнэт хүний аминд хүрсэн “алуурчин” эмч нараар хүрээгээ тэлсээр байх уу. С.Ламбаа сайд аа.
Ж.Хулан