![428947187](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/428947187.gif)
"
Бурхны даажин Каддафи" /төгсгөл/
Ливийн хувьсгалын нууцуудын талаар сонирхолтой мэдээллүүд өнгөрсөн долдугаар сард Викилийкс сайтад нийтлэгдсэнийг билээ. Ливийн дайн нь цэвэр их гүрнүүдийн газрын баялагт шунасан шуналаас үүдэлтэй болохыг мөн америкчууд ойрхи дорнодод Тунис, Египетээс эхэлсэн хувьсгалын шуургаар далимдуулж ливийн дотоодод ихээхэн нууц ажиллагаа явуулж байсныг гэрчилжээ. Энэ талаар ганцхан Викиликс ч төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүд бичсээр ирсэн.
Египетэд Хосни Мубаракыг унагах үед сөрөг хүчнийхэн болон “Лалын ахан дүүс” бүлэглэлтэй хуйвалдаж дэмжлэг өгч байсан нь америкчууд өөрсдөө. Тэнд ажиллаж байсан америкийн ТТГ-ын ихээхэн ажилтнууд Ливи рүү яаралтай илгээгдсэн аж. Учир нь Египетэд Хосни Мубарак унаж Цагаан ордны хүссэн шиг “Лалын ахан дүүс” тэдэнд төдийлөн нүүр өгөөгүй тул Ливид үүссэн Каддафигийн эсрэг хөдөлгөөнийг өөрт ашигтайгаар эргүүлэхийг санаархсан байна. Энэ нь ч амжилтад хүрсэн.
![6a00d8341c60bf53ef0120a5eadf8e970c-500wi](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/6a00d8341c60bf53ef0120a5eadf8e970c-500wi1.jpg)
АНУ-ын засгийн газрын Ойрхи Дорнод хариуцсан газар болон Пентагон үүнд ихээхэн хүчтэй санаа тавьж байлаа. Эхний ээлжинд одоогийн Ливийн шилжилтийн түр хороо гэгчийн удирдах хүмүүстэй нууцаар уулзаж Каддафиг унагах талаар тохиролцоо хийжээ.
Үүнд Каддафиг түлхэн унагахад цэрэг, зэвсгийн хүчээр туслах мөн дайн дуусмагц Ливид хохирлыг арилгахад дэмжлэг үзүүлэх үүний хариуд тус улсын газрын тос, байгалийн хийн баялгийн ихээхэн хувийг давуу эрхтэйгээр ашиглах болзол америкчууд тавьсан гэдэг.
Харин Ливийн сөрөг хүчний удирдлагууд гадны цэргийн хүч нутаг дэвсгэртээ оруулахыг хүсэхгүй гэдгээ илэрхийлж зэвсэг хэрэгслээр дэмжихийг хүсэж болзлыг хүлээн авснаар иргэний дайн үндсэндээ эхэлсэн хэмээн үздэг аж.
Нууц ажилтнуудын ливичүүдтэй хийсэн тохиролцоо амжилттай болмогч америкчууд гадаад бодлогодоо европчуудыг илтээр уриалж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Обама НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссеныг хүлээн авч уулзан Каддафигийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхийг тулгасан. Мөн Итали, Их Британи, Франц улсуудын төрийн тэргүүнүүдтэй ил далд хэлэлцээ хийсний эцэст НАТО Ливийг бөмбөгдөж эхэлсэн юм. АНУ-д нэг мөр болон Ливийг дайрах цэргийн ажиллагаанд оролцсон НАТО-гийн гишүүн орнууд тус бүртээ Ливитэй дайтах шалтаг шалтгаан байсан ажээ.
![ITALY LIBYA GADHAFI VISIT](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/Gadhafi-Berlusconi-libya-italy.jpg)
Итали улс гэхэд Ливиэс байгалийн хий, газрын тосоор шууд хараат учир энэ дайнд оролцох зайлшгүй шаардлагатай. Ливийг эзэллээ гэхэд Каддафигийн дарамтгүйгээр байгалийн баялгийг нь хүртэх болно гэсэн үг. Тиймээс Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Каддафитай ихээхэн дотны харилцаатай байснаа мартаж нүүр буруулсан юм.
Францын хувьд ерөнхийлөгч Николя Саркозигийн сонгуулийн кампанит ажлын үеэр Каддафигаас ихээхэн санхүүжүүлэлт авч байснаа далдлахын тулд үг дуугүй АНУ-ын саналыг хүлээн авсан хэмээн шинжээчид үздэг. Мөн Италийн нэгэн адил Газрын дундад тэнгисийг даван авдаг газрын тосны ихээхэн баялгийг бусдад зүгээр суугаад алдахыг хүссэнгүй.
Их Британийн хувьд Каддафитай эртний тооцоотой гэгддэг. Шотландын Локербид алан хядах ажиллагаа явуулж онгоц унаган олон хүний аминд хүрч байсан алан хядагчийг Каддафи асар их барьцаа төлөн суллуулж байлаа. Мөн Дэвид Камероны хувьд Саддам Хусейныг унагалцсан Тони Блэйрээс дутахыг хүссэнгүй ч гэж бичдэг. Мөн тус улсад асар их хадгаламжаа хадгалуулсан Каддафигийн дансыг хааж тодорхой хэмжээгээр хувь хүртсэн ч гэдэг.
Ийнхүү тус тусын шалтаг шалтгаантайгаар Ливи рүү НАТО-гийн орнууд дайрч бөмбөгдөж эхэлсэн юм. Энэ үед Каддафид үнэнч армийнхан болон сөрөг хүчнийхэн Ливийн хотуудын төлөө ана мана тулалдаж байлаа. НАТО-гийн хүчтэй бөмбөгдөлт Каддафид олон жилийн турш хурааж хуримтлуулсан цэрэг зэвсгийн нөөцөө хэрэглэх боломж олгосонгүй.
Химийн зэвсэгтэй хэмээн Европыг айлгаж сүрдүүлж байсан Каддафи шууд ашиглах хэмжээний химийн зэвсэг огт байгаагүйг өнгөрсөн сард Ливийн өмнөд нутагт элсэн цөлийн дунд байрших нэгэн химийн үйлдвэрийг босогчид эзлэх үеэр өрнөдийнхөн мэдсэн юм.
Хагас боловсруулагдсан торхтой ихээхэн хэмжээний химийн бодисуудыг дайнд хэрэглэх ямар ч боломжгүй байсан аж. Мөн энэ үеэр ОХУ, Иран, Венесуэл, Хятад зэрэг улсууд Ливи дэх цэргийн ажиллагааг эрс буруушааж байлаа. Ливитэй зэрэгцэн хямрал мөргөлдөөн үүссэн Сири улсад Ливиэс ч дутахгүй олон хүний амь үрэгдэж Башар Ассад армийн хүчийг ард түмнийхээ эсрэг шууд чиглүүлж байхад АНУ тэргүүтэй улсууд юу ч хийсэнгүй. Хийхийг ч хүчилсэнгүй. Хэрвээ үнэхээр Ливи шиг “хүний эрх”-ийн төлөө санаа зовнисон бол Сири ч мөн НАТО-гийн пуужинд өртөх байлаа.
Өрнөдийн гүрнүүдийн төрийн тэргүүнүүд олон улсын тавцанд байр сууриа илэрхийлж шүүмжилснээс хэтрээгүй юм. Харин Ливид байдал өөр байлаа. Оросууд ч Каддафиг сүртэй өмгөөлж чадсангүй.
Медведев, Путин нарын илт зөрүүтэй мэдэгдлүүд Ливийн дотоод хэрэгт өрнөдийн гүрнүүдийг оролцоход хүчтэй хориг тавих боломжгүй байсныг илтгэдэг.
Ийнхүү энэ жилийн эхээр эхэлсэн Ливийн хямрал эцэстээ Каддафигийн ялагдал, түүний үхлээр үндсэндээ дуусаж байна. Каддафиг үхмэгц олон улсын шинжээчид Ливийн ирээдүйн талаар таамаглан бичиж эхэлсэн. Ливийн баялагт эзэн суусан Шилжилтийн түр хороонд Ливийг олон улсын тавцанд төлөөлж өөрийн улсын эрх ашгийн төлөө хүчтэй дуугарах хүн одоохондоо байхгүй гэнэ. Иргэний дайнд нэрвэгдсэн Ливи улс хурдан шинэчлэгдэж, хөл дээрээ тогтож чадахгүй бөгөөд АНУ тэргүүтэй улсууд Ливийн газрын баялгийг хэрхэн ил далд хуваарилалт хийх нь эн тэргүүний асуудал болох болно хэмээжээ.
О.Нар