Грекийн нийслэл Афин хотноо өчигдөр иргэд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн боллоо. Үүнийг Грекийн хямрал эцэстээ тулаад буйг харуулсан сануулга хэмээн өрнөдийн хэвлэлүүд бичиж байна. Европын холбооноос дахин их хэмжээний зээл авахын тулд Герман, Франц овгоруудын тавьсан шахалтад орж Грек улс төсвөө танах бодлогыг хэрэгжүүлэхээр болоод байгаа.
Засгийн газраас нь оруулж ирсэн энэхүү төлөвлөгөөг иргэдийн эсэргүүцлийг үл тоон Грекийн парламент баталлаа. Үүний дараа албан ёсоор зарласны дараа хэдэн сарын турш гудамжинд эсэргүүцэл илэрхийлэн үймээн дэгдээж байсан иргэд улам ширүүн эсэргүүцэл, шаардлага бүхий лоозон барьж жагсах нэрээр шууд л цагдаа нартай мөргөлдлөө.
Европын холбооноос зөвшөөрсөн хэмжээний дөрөв дахин хэтрүүлээд байгаа Грекийн төсвийн алдагдал улс орноо төдийгүй евро бүсийг цаашлаад дэлхийн эдийн засгийг усанд живүүлэх бөмбөг болж магадгүй хэмээн олон улсын тоймчид бичжээ.
Грекийн ерөнхий сайд Жорж Папендреус ард түмэндээ хандан бид өөрчлөгдөх ёстой, эс тэгвэл манай ард түмэн мөхлийн ирмэгт тулна хэмээн аргаа барсан мэдэгдэл хийж бодит үнэнийг бага ч атугай мэдрүүлэхийг оролдов. Олон улсын санхүүгийн шинжээчид Грекийн эдийн засгийн хямралын эх үүсвэр яах аргагүй Грекчүүдийн өөрсдийнх нь буруу хэмээн тодорхойлдог.
Грек эртний соёл иргэншлийнх нь үеийг эс тооцвол өнгөрсөн зууны дунд үед цагтаа цалгиж явсан улс юм. Асар хурдацтай эдийн засгийн хөгжилтэй Японы дараа дэлхийд хоёрдугаарт хөгжлийнхөө хурдаар бичигдэж явсан үе бий.
Грекчүүд гудамжинд гарч жагсаал цуглаан хийж төр засагтайгаа тэмцэхээс өөр ажилгүй болохоос өмнө бараг л саяхныг хүртэл цагт энгийн иргэд нь цагт 20 ам.доллартай дүйцэхүйц орлоготойн дээр төрөөс асар их тэтгэмж, тэтгэлэг авдаг байлаа.
Үйлчилгээний ажилтнууд нь цагаар тогтмол гараа угаасны төлөө засгаас мөнгө авна, төсвийн байгууллагын ажилтнууд ажлын цаг эхлэхээс өмнө ирвэл нэмэгдэл мөнгө авна, тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих хөнгөлөлт ихээр эдэлж, дэлгүүр үйлчилгээний байгууллагуудаар үнэгүй шахам үйлчлүүлж төрийн халааснаас иргэдийнхээ тэтгэмжинд зориулсан мөнгө асар ихээр урсан гарна.
Утга учиргүй их зардал төрөөс урсгасныхаа хариуд төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулдаг уламжлалтай. Үүнийг уншаад танд азийн төвд орших нэгэн орон санаанд чинь орж байна уу.
Грекийн улстөрчид авлига хээл хахууль авдаг “ажилтай”. Дараа нь эдийн засаг өсөж байна, санаа зовох зүйлгүй гэж телевизийн дэлгэцээр гэгээн дүрээ харуулж малилзана.
Манай төрийн маанагуудтай дэндүү төстэй гэмээр үзэгдэл. 2008 оны хямралын дараа ОУВС, Европын холбооноос их хэмжээний зээл авч одоо үүсээд байгаа байдлын сүүдрийг дарж нууж байсан нь хямралын гол буруу. Афины олимпийг Грек улс гайхалтай их өртгөөр зохион байгуулж байсан цаг саяхан мэт.
Гэнэтхэн л нэг өдөр далд эдийн засгийн эзлэх хувиараа дэлхийд толгой цохидог Грекийн бодит эдийн засгийн үзүүлэлт иргэдэд нь ил болсон. Үүнийхээ шалтгааныг олимпоос болсон гэх үгсийг грекийн улстөрч болгон амнаасаа урсгадаг гэнэ.
Уг нь Афины олимпийн үеэр тус улсын төсөв ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэж огцом өсч байсан юм. Харин энгийн грекчүүд сайхан амлан бэлэн мөнгө ихээр тарааж байсан улстөрчдөө одоо буруутгаж байна.
Улстөрчдийн сайхан амлалтад хэт итгэж ажлын багахан цагаа дуусмагц л зугаа цэнгэл, аялал жуулчлалд мөнгөө цацаж “европын залхуучууд” хэмээн хочлогдсон тэд одоо төрөө л зүхэж байна.
Одоо нөгөөх гайтай улстөрчид нь төсвөө танаж хямралыг даван туулах хаана ч байгаагүй “гайхалтай” төлөвлөгөө боловсруулчихаад гаднаас зээл тусламж авахын тулд түүнээ барин мөнгөтэй болгон руу үсчиж явах болжээ.
Тэрхүү гайхалтай төлөвлөгөөнд нь эхний ээлжинд 20 тэрбум евро олох хэрэгтэй ба 2013 он хүртэл төсвийн алдагдлаа ДНБ-ий гурван хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүртэл бууруулах, улмаар хоёр жилийн дотор төсвийн алдагдлаа 75 хувиар бууруулах талаар бичигджээ.
Үүнийг олон улсын санхүүгийн шинжээчид хараад гайхамшигтай төлөвлөгөө хэмээн элэглэж байна. Тэдний үзэж буйгаар ойрын 5 жилд энэ төлөвлөгөө биелэх магадлалтай гэнэ.
Саяхан монголд айлчлаад буцсан Германы канцлер Ангела Меркель сөрөг хүчнийнхэнтэйгээ тэрсэлдэн байж Грект дахин зээл олгохыг парламентаараа зөвшөөрүүлж дөнгөсөн. Германчууд үүнийг эрс эсэргүүцэж буй. Залхуу грекчүүдийг хямралаас гаргахын тулд германы ард түмний халааснаас мөнгө гарахыг тэд хүсээ гэж үү.
Харин евро бүсийн Меркель, Саркози тэргүүтэй улстөрчид Грекийн хямрал Европыг тэр чигт нь сэгсэрч орхихыг хүсээгүйдээ ард түмэндээ ийн чичлүүлж буй хэрэг. Ирланд, Испани, Итали одоо цаашлаад Европын толгой гүрэн Их Британийн санхүү хүнд байдалд орж эхэллээ.
Тэрбумтан Жорж Сорос Европын холбооны удирдлагуудад ил захидал илгээж мөхлийн ангалд Европыг унагахгүйн тулд ухаалаг байгтун хэмээн анхааруулж байна. Европын холбоо ч Соросын сануулгатай сануулгагүй байдлыг огцом ухаарч Грекийг эдийн засгийн байдлаа сар тутамд тайлагнаж байх тухай хатуу шаардлага тавьж байгаа. Грекийн улстөрчид хэдэн жил тайлангаа нууж гэмгүй царайлж суусан юм чинь.
Манай улстөрчид ч гэсэн эрх мэдлийн төлөөх дайнд хэт автаж эдийн засгаа орхигдуулвал Грекийн араас орохгүй гэх баталгаа үгүй. 2008 онд алсын америкийн хямрал азийн цээжинд хамаагүй гэж пээдэлзэж байгаад л хямралын сүүлэнд ширвүүлчихсэн.
Улмаар стэнд бай хөтөлбөрийг ОУВС-гаас царайчилж байж гайгүй өнгөрсөн. ОУВС-гийн монгол дахь суурин төлөөлөгч явахдаа Европын холбооноос грекчүүдэд өгсөн дээрх сануулгатай төстэй үг сангийн сайдад хэлээд буцсан.
Энэ удаа ч гэсэн холын Грек бидэнд хамаагүй гэж байгаад “хосоо” шувтруулаад ард түмний нуруун дээр хүндийг үүрүүлэх арчаагүй улстөрчид дэлхийн бөмбөрцөгт ганц грект биш монголд ч байгаа гэдгийг сануулья.
О.Нар