![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/bogema-600x491.jpg)
Монголд цөмийн хаягдал булшлах тухай сар сар дамнан хөвөрсөн мэдээллүүдийн араас Ерөнхийлөгч зарлиг гарган “цэг“ тавьсан мэт үзэгдэж, цаашлаад эл мэдээлэлтэй холбоотойгоор нэр сүр нь удаа дараа гарсан байгууллага болоод албан тушаалтнуудын чих харьцангуй амарсан мэт гаднаасаа харагдаж байсан ч, үгүй гэдэг нь өчигдөр тодорхой болов. Гэхдээ тэдний буруутаж байгаа шалтгааны гарчиг нь өөрчлөгджээ.
Засгийн газрын гишүүд Цөмийн энергийн газар нэртэй тохируулагч агентлагийнхаа ажлыг ихээхэн дутагдалтай байна гэж үзээд тус газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, мөн “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор болов. Учир нь 2006 онд байгуулагдсан Цөмийн энергийн газар тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзжээ. Хариуцлага хүлээхээр болсон хоёр газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь салбарын ажлыг хойш нь чангааж байгаа нэг шалтгаан хэмээн Засгийн газраас тодорхойлжээ.
Асуудал нэг талаас ийм. Нөгөө талаас нь харвал газрын гол дарга нь эзгүй үеэр ийн хариуцлагын асуудлыг тодруулан, шийдвэрлэж байгаа нь анхаарал татна. Цөмийн хаягдал булшлахтай холбоотой мэдээллүүд цацагдаж байхад юугаа хийж суусныг нь, ямар арга хэмжээ авсныг нь асуухаар Ерөнхий сайд С.Энхбат эрхмийг удаа дараа дуудаад ирээгүйд нь бухимдаад, хариуцлага тооцдогийн даваан дээр газрын даргын эрүүл мэндийн байдал муудаж, улмаар БНСУ руу явсан.
Наймдугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдээлэл хийх ёстой ч хийгээгүй, хоёр ч удаа дуудахад нь ирээгүй гэгдэх С.Энхбатыг ажлаа хийж чадахгүй байгаа, тус газар нь элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд тайлбарладаггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй учраас удирдлагатай нь хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд өөрөө мэдэгдсэн. Харин С.Энхбат Засгийн газрын хуралдаанд өөрийг нь хэн ч дуудаагүй, санаатайгаар худал мэдээлэл тарааж байгаа, хэрэв өөрийг нь үнэхээр дуудсан бол ирээд ажлаа танилцуулах үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гаднаас нь харахад нэг иймэрхүү л үйл явдал өрнөсөн.
Харин түүнийг эмчлүүлэхээр явсаны дараа үүрэгт ажлыг нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй орлогч дарга Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй дүлэгнэж байгаад Засгийн газрын гишүүдийн дургүйг нь хүргэчихсэн янзтай. Дээр дурдсанчлан Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх хоёр байгууллагын удирдлагатай холбоотой гэж Засгийн газар үзчихээд байна.
Тэгэхээр Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт ямархуу янзтай явж байна вэ гэдэг асуудал зайлшгүй асуултын тэмдэг дагуулж байгаа юм.
Хэн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна вэ?
Монгол улс ураны салбарт баримтлах бодлогоо 100 жилийн хугацаагаар төлөвлөж, ураны ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг барьж байгааг нь ил. Орос, Энэтхэг, Франц, Япон, АНУ-тай цөмийн салбарт хамтран ажиллахад чиглэсэн хэлэлцээрүүд үзэглэсэн байдалтай. 2009 оны дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Вена хотноо болсон Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэл дээр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Монгол Улсын Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг суурь баримт бичиг баталсан тухай Цөмийн энергийн газраа шинэчилж бэхжүүлсэн талаар мэдэгдэж байв.
Мөн цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль, хүрээлэн байгаа орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах, боловсон хүчин сургах зэргээр Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс Монгол Улсад нэлээд хэмжээний тусламж үзүүлж ирсэнд Олон Улсын атомын энергийн агентлагт талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхиа дээшлүүлэх чиглэлд Олон Улсын атомын энергийн агентлагаас туслалцаа авч байгааг хоёр тал энэхүү хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байгаа талаар үг хэлж байв. Нэг ёсондоо Цөмийн энергийн салбарт баримтлах төрийн бодлоготой болсоноо олон улсад албан ёсоор мэдэгдсэн гэсэн үг.
Цаашлаад өнгөрсөн хугацаанд төр засгаас бодлогынхоо хүрээнд ураны ордуудаа эргэлтэд оруулахаар ажилласны хүрээнд 24 мянга орчим тонн буюу манай улсын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордын лицензийг Канадын эзэмшилээс салган Монгол, Оросын хамтран шинээр байгуулсан “Дорнод-Уран” компанийн мэдэлд аваачихаар ажилласан. Уг ажиллагаа нь явсаар Монгол Улсын Засгийн газрыг Канадын Хан ресорсез компани Арбитрын шүүхэд өгч 200 сая ам.доллар нэхэхэд хүргэсэн бөгөөд заргыг хэлэлцэх шүүх хурлын бэлтгэл хуралдаан Парис хотноо болчихоод байгаа билээ.
Их өрийн үлдэгдэл гурав орчим сая ам.долларыг тэглэлээ хэмээн баяр хөөр болсон Монголын Засгийн газар Оросын талыг оруулахын төлөө Канадыг шахсаныхаа төлөө 200 сая ам.долларын нөхөн төлбөрт унаж болзошгүй байдалд орсон гэсэн үг. Үүнийг дурдахын учир энэ алхам нь Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудын нэг гэдгийг тодруулах үүднээс тэр. Учир нь салбарын бодлогын хүрээнд ураны ордуудын лицензийг эргүүлэн шинэчлэн олгоно хэмээн хэлж ярьж байгаад Хан ресорсезээс лицензийг нь авсан байдаг. Мэдээж ЦЭГ үүнийг гардан гүйцэтгэсэн бөгөөд лицензийг нь эргүүлж өгөөгүй, асуудал үүссэн.
Харин Дорнод Ураныг цаасан дээр байгуулахаас зургаан сарын өмнө буюу 2010 оны зургадугаар сард Цөмийн энергийн газраас шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн удирдлагыг оролцуулсан чуулга, уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад ОХУ-ын Цөмийн шинжилгээний институтийн удирдах бүрэлдэхүүн бүгдээрээ хүрэлцэн ирсэн юм. Улмаар талууд цөмийн энергийн салбар дахь Монголын бодлогын талаар хэлэлцсэн бөгөөд цөмийн салбарын туршлагаасаа хуваалцаж байгааг Г.Манлайжав дарга онцолж байв.
Үүнээс зургаан сарын дараа буюу 2010 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэрээ Дорнод ордыг хамтран ашиглах Монгол, Оросын хамтарсан Дорнод Уран нэртэй үйлдвэрийг байгуулах болсон нь тодорхой болсон. Сонирхолтой нь яг гэрээ байгуулах гэхэд ЦЭГ-ын дарга С.Энхбатын байр суурь өөрчлөгдөж, С.Батболд Ерөнхий сайд ихээхэн бухимдаж байсан тухай нь эх сурвалж өгүүлж байсныг дахин тэмдэглэхэд гэмгүй байдалтай байна, одоо.
Мөн уран олборлохын зэрэгцээ Монгол Улс Атомын цахилгаан станц барьж цөмийн эрчим хүч ашиглах тухай яригдаж ирсэн билээ. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь тодорхой бус, эдийн засагт авчрах үр дүн нь мөн л нарийн тооцоологдоогүй ч, Олон улсын атомын энергийн агентлагийн 19 болзлыг хангахуйц хэмжээнд судалгааны ажлаа гүйцэтгэж, техникийн нөхцлүүдээ ил ойлгомжтой болговол үйлдвэр байгуулж болно гэсэн зүйлийг улстөрчид болоод салбар хариуцсан газраас нь ярьдаг. Тэрчлэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал гэх газарт станцаа барьж байгуулахаар болж Японы мэргэжилтнүүдээр шинжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Энд анхаарал татдаг зүйл нь төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын Хоёрдугаар зүйл буюу Бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим гэсэн хэсэгт:
2.1.Бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
2.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;
2.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа нь Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх;
2.1.3.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагааг олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу зөвхөн энхийн зорилгоор явуулах;
2.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх; гэхчлэн бүрхэг заалтууд бий бөгөөд цөмийн цахилгаан станц барина гэсэн тодорхой заалт байхгүй. Гэхдээ бодлогыг батлахаас өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сард Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхийлөгч Эль Барадей Ерөнхий сайдтай уулзаж уран ашиглахад тавих хяналтын талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, АЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хүчин чадал, байрлах газрын сонголт хийх талаар ярилцсан гэх мэдээлэл байдаг ч Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан “... Эль Барадей өнгөрсөн жилийн хавар манай улсад айлчлахдаа хорт хавдартай тэмцэх, ураныг ашиглахад хамтарч ажиллах талаар ярьснаас биш цөмийн цахилгаан станц барих талаар огт дуугараагүй. Тэр талаар ярих тооцоо, үндэс ч өөрт нь байгаагүй...” хэмээн хэлсэн байдаг.
Цаашлаад 2025 он хүртэлх Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтын нэгдсэн төлөвлөлтийн талаар албан ёсны судалгаанд цөмийн эрчим хүчний талаар тодорхой тусгаагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Харин 2010 онд ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкияа Амано манай улсад айлчлахад Цөмийн энергийн гаар нь атомын цахилгаан станцын талаар бус ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах үеийн дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний актуудыг боловсруулах, шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт тавих, хүрээлэн буй орчны цацрагийн аюулгүйн үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, хөгжилтэй орнуудын туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээний талаар сургалт, семинар зохион байгуулах, Байгаль орчны цацрагийн хяналт болон геологийн дээжинд цацрагийн шинжилгээ хийх иж бүрэн лаборатори байгуулах болон лабораторийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний хүрээлэн болон лабораториудад дадлага хийлгэх, шинжилгээний арга аргачлалыг эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа илэрхийлээд буцаачихсан байдаг.
Тэгэхээр цөмийн энергийн салбар дахь төрийн бодлого тойрсон асуудлуудаас өгүүлэхэд нэг иймэрхүү байна.
Э.Болор