![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/suicide-150x150.jpg)
Солонгос улсад гэрээгээр ажиллаж буй Монгол залуу амиа хорлохыг завдан өндрөөс унаж хүндээр бэртсэн юм. Бэртсэн залууг Т гэх бөгөөд Солонгос улсын нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаа хийлгэсныхээ дараа Сувон хотын “Ажү Дэ” сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэгт шилжин ирсэн. Түүний биеийн байдал одоогоор тогтворжсон бөгөөд амиа хорлохыг завдсан шалтгааныг “Сэтгэл мэдрэлийн өвчтэй” хэмээн дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Т нь Солонгост томд тооцогдох сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж эхэлжээ. Түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн оношлох болсон гол шалгаан нь нойргүйдэл гэнэ.
Т нь 24 цагт ердөө 2-4 цаг унтаж бусад цагт нь ажилладаг байсан аж. Тэрээр өдрийн цагаар ногооны талбай дээр ажиллаж шөнийн цагаар ногоо зөөж тараадаг ажил хийж байсан аж. Тиймээс Т нь стресснээс үүдэлтэй сэтгэл зүйн өвчтэй болж улмаар амиа хорлоход хүрчээ.
Солонгосын цагдаагийнхан Монгол залуугийн “хэргийг “ үл тоов
Солонгост хэдэн мянган Монголчууд ажиллаж амьдарч байгаа. Гэвч тэднээс цөөнгүй нь хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гэдгийг манайхан дээр дооргүй мэддэг ч тэднийг хуулийн хүрээнд ажиллуулах асуудлыг нь шийдэж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүргэсэн. Үүний улмаас жил ирэх бүр хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн тоо өсөн нэмэгдэж, тэр хэрээрээ эрсдэлд орж байгаа юм. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой.
Бичиг баримтаа гээгдүүлсэн, зөрчилтэй, виз нь дууссан гээд олон асуудалтай болсон Монголчууд төрөлх нутагтаа ирэхийг хүсдэггүй. Тэд Монголд ирээд ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд цалин хөлс нь бага гэх шалтгаанаар Солонгост үлдэж “харладаг”. Ар гэрийнхэн, үр хүүхдүүийнхээ ирээдүйн төлөө нойр хоолгүй шахам зүтгэж байгаа тэд ихэнхдээ шөнийн амьдралтай. Тэдний хувьд “Өвдөж болохгүй” гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьдаг. Хэрэв өвдвөл эмнэлэгт хандах хэрэг гарна. Энэ тохиолдолд баривчлагдах цаашилбал, нутаг буцах “аюултай”. Наад зах нь өндөр өртөг бүхий эмнэлэгт хэвтэж “шатах” асуудал гарна.
Тэгвэл хуулийн хүрээнд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хувьд амьдрал нь “там” болсон гэхэд хилсдэхгүй. Чанга хатуу шаардлага тавьдаг Солонгос эзний гарын дор өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллана. Гэхдээ ар гэр нь асуудалтай иргэдийн тухайд ихэвчлэн давхар ажил хийдэг. Түүний нэг жишээ нь нойргүйдлийн улмаас сэтгэл мэдрэлийн өвчтэй болж амиа хорлохыг завдсан Монгол залуу. Гэвч Солонгосчууд өөрийнх нь орны иргэн л биш байвал шалны алчуурнаас дор үздэг нь нууц биш.
Тийм ч учраас хуулийн хүрээнд ажиллаж байгаад амиа алдахад хүрсэн Монгол залуугийн хэргийг үл тоов. Монгол улсын иргэн Т нь бүтэн өнчин бөгөөд дороо олон дүүтэй нэгэн.Бага байхын л үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, даруухан хүүхэд байсан. Хожим нь олон дүү нараа тэжээхийн төлөө л зүтгэж ямар нэгэн ажлыг голж шиллэлгүй хийж байгаад Солонгос явсан гэдэг. Тиймээс иргэн Т нь өөрийн амиа хорлох ухамсаргүй хүн биш хэмээн хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлсэн учраас Солонгос дахь Монгол нийгэмлэгийнхэн “Өөрийнхөө амь насыг хорлох гэв үү, аль эсвэл хөндлөнгийн хүний оролцоо байв уу” гэдгийг тодруулахаар Солонгосын цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулах хүсэлтийг Солонгос дахь Монгол нийгэмлэгийнхэн тавьсан. Гэвч цагдаагийнхан Т-ийн осолдсон газрын зураг, тухайн үед газар дээр нь зураг дарж баталгаажуулаагүй гэх мэт эд мөрийн баримтууд байхгүй учир хууль эрх зүйн шалгалтыг явуулахад хүндрэлтэй учир шалгах боломжгүй гэсэн хариу өгснөөр асуудал цэглэжээ.
Эмнэл
гийнхэн хэрхэн хандав
Ном ёсоороо бол Солонгос улсын иргэн амь насаа хорлох оролдлого хийгээд түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд тухайн эмнэлэгийн зүгээс харьяа цагдаагийн газарт мэдээлэх ёстой аж. Түүнчлэн тухайн өвчтөний талаар тодорхой мэдэгдэл хийх ёстой байтал манай улсын иргэн Т-ийн талаар ямар мэдээлэл байхгүй байжээ. Т нь Солонгос улсын иргэн биш ч тус улсад хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа учраас дээрх дүрэм журам үйлчлэх ёстой аж.
Түүнчлэн аль ч улсын харъяат байсан ч сэхээн амьдруулах тасагт эмчлүүж л байгаа бол заавал асран хамгаалагч байх ёстой гэнэ. Гэвч Т нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа боловч сахиургүй байсан юм.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг нь Солонгос эзэн завшиж байжээ
Өвчтөн Т-н өмнө ажиллаж байсан үйлдвэрийн цалингийн баримтыг шалгаж үзвэл Солонгосын эрүүл мэндийн даатгал, Солонгосын нийгмийн даатгал зэрэг даатгалуудад цалингаасаа суутгуулж байсан баримт байгаа боловч Солонгосын эрүүл мэндийн даатгалын газар болон нийгмийн даатгалд нэг ч удаа төлбөр төлөгдөж байгаагүйг Монгол нийгэмлэгийнхэн шалгаж илэрүүлжээ.
Тиймээс Солонгосын эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гэх шалтгаанаар “Ажү Дэ” эмнэлгийн төлбөрийг өвчтөн 100 % төлж барагдуулаар болжээ. Уг асуудлыг Солонгос дахь Монгол Нийгэмлэг Солонгос улсын төрийн болон төрийн бус байгуулгуудтай хамтарч ажиллаж өвчтөн Т-н эмчилгээний зардал болон эмнэлгийн төлбөрийг барагдуулсан байна. Одоогоор Т нь “Ажү Дэ” эмнэлгээс гаран Солонгосын нэгэн томоохон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.
Эмнэлгийн зүгээс зарим зүйлийг шаардсан учраас Монгол нийгэмлэгийнхэн Солонгост ажиллаж байгаа Монголчуудаасаа тусламж хүсч шаардлагатай зүйлсийг нь цуглуулж байгаа аж. Сэтгэцийн өвчтэй хүнд өдрийн цагаар амттан өгвөл сэтгэлийг нь тайвшруулах эмчилгээ хийгддэг гэж эмнэлгийн зүгээс тайлбарласан учраас төрөл бүрийн амттан, Насанд хүрсэн хүний живх, дотуур хувцас, салхилахдаа өмсөх зузaaн цамц, усанд орох хэрэгсэл гээд ойр зуурын зүйлс хэрэгтэй байгаа гэнэ.
Хүнээ мартсан төр
Үнэхээр Монгол төр хүнээ мартаж, бас “маллаж” чадахаа байжээ. Гадаадад ажиллаж байгаа Монголчуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулна гэх асуудал бараг мартагдсан. Уг тэднийг өндөр цалинтай хүнд ажилд зуучлахдаа Монгол төр эрүүл саруул, идэр чийрэгийг нь шилж сонгож байгаад явуулдагсан. Гэвч өвчин зовлонд нэрвэгдэж, тахир дутуу болсон хойно нь нэг нүдээрээ ч харахаа байсан нь Монгол төрийн ХҮН ЧАНАР хөлийн чигчий хуруунаас ч жижигхэн гэдгийг илтгэж буй биз ээ. Энэ мэтчилэн Монголын “Шигшмэл” залуус харийн оронд өвдөж, амиа алдаж, тахир дутуу болсоор байгаа ч Монгол төр ТҮМЭН НҮДЭЭРЭЭ харж байгаа биз ээ.
Ж.Хулан