Засгийн газрын тогтоолоор Монгол улсад 2023 оны байдлаар хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалт гарчээ. Уг тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, дээд боловсролын хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан байна.
Тогтоолоор баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго, сургалтын зээл олгох хяналтын тоог тогтооход баримтлах аргачлалыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.
Энэхүү жагсаалтын эхний 10 байранд багшийн мэргэжил оржээ. Багшлах боловсон хүчний хомсдол жил ирэх тусам хүндэрсээр л байна. Багш нарыг хамгийн бага цалингаар хамгийн том, чухал салбарыг үүрч яваа хүмүүс гэж ярьдаг. Мэдээж, цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болж байна.
Монгол улсад 2030 он гэхэд 32,000 нэмэлт багш шаардлагатай
Мөн багшийн мэргэжлийн дараагаар хамгийн эрэлттэй мэргэжлүүд дунд программ хангамж, сэтгэл судлал, нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, бага эмч зэрэг мэргэжлүүд орсон байна.