Манай улс энэ онд 83 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Нэг тонн нүүрс 105 ам.доллар байхаар төсөөлж төсвийн орлогоо тооцсон. Гэвч нүүрсний үнэ унаж эхэлсэн нь орлого тасалдах эрсдэл дагуулж байна. 2024 онд нэг тонн нүүрс 141 ам.доллар байсан бол өнөөдөр 104.75 ам.доллар болж буурсан.
Нэгдүгээр сард 5.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.1 хувиар буурсан үзүүлэлт.
Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Хятадын бүх бараанд 10 хувийн татвар ногдуулахаа зарласан. Хятад ч үүнд бэлэн байсан нь тэдний авч буй хариу арга хэмжээ харуулж байгаа. Хоёр улсын худалдааны дайнд манайх шиг жижиг улс үрэгдэж буйг нүүрсний үнийн уналт, экспортын хямралд орсон нь харуулав. Гэхдээ худалдааны дайн манайд эерэг эсвэл сөргөөр нөлөөлөх үү гэдгийг хэлэх эрт ч одоо байгаа нөхцөл байдал дордвол төсөв тасрах эрсдэл дагуулах нь тодорхой.
Урд хөршийн эдийн засгаас шалтгаалж нүүрсний үнэ өнгөрсөн оныхоос даруй 10 гаруй хувиар буурах төлөв ажиглагдаж буйг эдийн засагчид сануулж байна. Нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, экспорт зогссон нь нөхцөл байдлыг дордуулж эхэллээ.
Нүүрсний экспорт зогсонги байдалд байхад манайх хариу арга хэмжээ авах гээд тийчлээд нэмэргүй. Айл экспортоо сааруулбал бид эндээс мянга шахаад тусыг эс олно. Тиймээс АНУ, Хятадын мөргөлдөөн гэхээсээ Хятадын дотоод дахь суурь эдийн засагт төвлөрөх нь чухал гэж шинжээчид анхааруулж буй.
Талуудын байр суурь:
С.Наранцогт Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал:
‘’Нүүрсний экспорт гаргадаг хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрс татагддаг. Одоогоор цаашид татан авах таталт багассан нөхцөл байдалтай байна. Үүнээс болж нүүрсний үнэ унасан’’
Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайд
"Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх дээр онцгой анхаарахгүй бол ердийн горимоор ажиллах боломжгүй болсон’’
Нүүрсний томоохон хэрэглэгч урд хөршийн эдийн засаг савлах төдийд Монголд донсолж орлогын гол эх үүсвэр тасалдах эрсдэлд унах нь. Гэвч Сангийн сайд нь Харбинд, Эдийн засаг хөгжлийн сайд нь намынхаа гишүүдэд хариуцлага тооцох гэх мэт жижигхэн улстөр хийгээд завгүй явна.
Уншиж байна |