Юун түрүүн дор бичих тохиолдол нь хэн нэгний дамжуулж гаргасан гомдол биш ба энэхүү тохиолдлоор нийт эмч нар, салбарынх нь нэр сүрийг унагаах зорилго агуулаагүй, мөн санаанаас зохиосон бичлэг биш болохыг хэлье.
6
Саяхан нэг настан ач охиноо дагуулан бидний хэлж заншсан Эх нялхсын эмнэлэг буюу ЭХЭМҮТ-д яаралтай хандах хэрэгтэй болж. Яаралтай гэх болсон нь ирэх жил 11-р анги төгсөх ач охин нь гэнэт доошоо их цус гараад байна гэж айж түгшин хэлжээ.
6
Ингээд эх нялхсын эмнэлэгт ирж. Хүлээн авах дээр эмээг үлдээгээд охиныг нь цааш эмчийн үзлэгт авч оржээ. Охин үзлэгийн өрөөнд орвол гурван эмч “ах нар” ойр зуур юм ярилцан хөгжилдөн байснаа охиныг харж “за алив хувцсаа тайлаад ийшээ гар” гэж эмэгтэйчүүдийн үзлэгийн ор руу дохижээ.
6
Дөнгөж 17 хүрч байгаа охин эмэгтэйчүүдийн үзлэгийн өндөр ор, халаад маск, багаж бахь болсон эмч нарыг хараад айж гэрэвшин хэсэг зогсч. Нэг эмч нь “яав аа, хурдал ийшээ гар” гэж ширүүхэн шавдуулсан тул хэчнээн хэцүү байсан ч охин хэлснээр үзлэгийн орон дээр гарч суужээ. Нэг эмч нь эмэгтэйчүүдийн үзлэгийн багажаа барин хүрч ирэхэд өнөөх охин айсандаа уйлж. Үүнд гайхсан эмч ах нар нь “...Чи чинь яагаад уйлаад байна аа, хэзээ хүнтэй унтсан бэ, ярьдаа” гэж асуултаар булж гарчээ. Охин уйлсан хэвээр “...би хүнтэй унтаагүй” гэж. Нэг эмч нь “юу? ..чи хэдтэй юм, хэн билээ... өө баларсийн чамайг чинь жирэмсэн, тэгээд зулбах гээд хүрээд ирсэн гэж бодлоо ш тээ” гээд бөөн инээдэм болж. Охины хувьд бол энэ нь инээдэм биш, ханиадам бол бүр биш. Маш ичгэвэртэй доромжлол мэт санагдсан тул айж ичсэндээ уйлсаар байж. Эмч нарт үзүүлж зөвлөгөө авч, онош тогтоолгохоор орсон ач охин нь ийнхүү нус нулимстайгаа холилдсоор гарч ирсэнд эмээ нь гайхаж бас цус харватлаа айжээ.
6
Ер нь бол эмч нар өнөөх истор түүх ч бил үү, эмнэлгийн хуудсыг нь харалгүй шууд л “эмэгтэйчүүд”-ийн үзлэг хийх гэсэн бололтой. Дунд сургуулийн 17 настай жоохон охин ийнхүү жирэмсний гэдэг юм уу, эмэгтэйчүүдийн гэдэг юм уу нэг “аймаар” үзлэгт орох шахаад гайгүй өнгөрч.
6
Үүнд миний бие сайн муу дүгнэлт өгөх гэсэнгүй. Энэ эмч нарыг яанаа гэж гаслах ч гэсэнгүй. Зүгээр ийм л байна гэж гэдгийг хэлмээр санагдлаа. Дээрх тохиолдлыг алдаа гэж үзвэл эмнэлэгт хэтэрхий түгээмэл байдаг хор хохирол багатай “гайгүй ” алдаанд нь ч орж магадгүй. Гэхдээ эмч нарын их бага алдаа бүрийн ард хүний бие эрхтэн, амь нас яригдсаар байдаг. Ажилдаа олон жил болсон гэх юм уу, өдөр тутам хийдэг ажил тул гарт нь, нүдэнд орчихсон гэж үзэн үзлэгээ явуулдаг эмч сувилагч нар томоохон эмнэлгүүдэд их болсон. Нэг биеэрхүү охиныг шууд л хүүхэн байна, жирэмсэн юм байна, цус алдсан юм байна гэж шуурхай оношлоод үзлэг рүү оруулчихаж байгаа ийм нөр их туршлагадаа тулгуурлан ажилладаг, “архагшсан” хүлээн авах, эмч сувилагчийн баг эмнэлгүүдэд нь хэчнээн их байгааг салбарын яамныхан л мэдэж байгаа байх.
6
Хэл ам ихтэй байгаа эрүүл мэндийн салбар шинэчлэгдэнэ гэв
6
Өвдөөд ярвайгаад ирсэн өвчтөний өөдөөс инээмсэглэн угтдаг, огт уурладаггүй эмч нарыг бэлтгэх, давтан сургах ажлыг яамныхан санаачлан хөрөнгө мөнгө хаях гэж буй бололтой. Зан харьцаа, ёс зүйн ухааныг заах мэрэгжилтэн багш бэлтгэн хөдөө аймаг сумын эмнэлгүүдэд илгээж сургалт зохион байгуулна гэнэ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн явцын талаар хийсэн хэвлэлийн хурал дээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.
6
Эмнэлгийн салбар доройтоод уруудаад байгаа нь энэ салбарт хандаж ирсэн улстөрчдийн хүйтэн царай, гар татан баталдаг төсөв, эрүүл мэндийн даатгал болон холбогдох хуулийн хэрэгжилт нь амьдралаас тасархай байдаг, олон жилээр ужгирсан тогтолцооны болоод бүтцийн гажуудал, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байр орчин багаж хэрэгслийн хангамж нь хаанаа ч хүрдэггүй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
7
Харин сүүлийн үед шүүмжлэлд “шүршүүлсэн” яамныхан цочоо авч эмч нараа “инээмсэглэдэг” болгож ааш занг нь “засварлах”-аар шийдсэн бололтой. Энэ нь бүр нэгжээсээ угтах үйлчилгээ гэж ямар байх вэ гэдгээс эхэлнэ гэсэн.
7
Аливаа зүйлийг шүүмжлэх амархан, дэмжих чухал гэдгийг ойлгож л байна. Гэхдээ цалин багатай сэтгэл дундуур, хагалгааны өрөөнд багаж дутуу, ардаа давчуу амьдралд даруулж яваа эмч сэтгэлээсээ инээж, зүтгэл гарган ажиллах уу даа. Нэг л учраа олохгүй гэдэг шиг шинэчлэл яваад байгаа санагдана. Эрүүл мэндийн шинэчлэл бүр дээрээс бодлогын хэмжээнд төсөв мөнгийг нь тэлэх, ажиллах орчин, тасаг ор гээд материаллаг талаас нь дэмжиж хөрөнгө оруулалт хийхээс эхэлбэл үр дүн нь илүү тод мэдрэгдэнэ. Өмнө хойдохоо нөхсөн тарчиг төсөв, цөөхөн орон тоо, хэдхэн ор тасагтай, тортог дарсан таацтай, даац нь хэтэрсэн ачаалалтай эмнэлэгт, хагас сая хүрэхтэй үгүйтэй цалингаа хүлээсэн эмч өвчтөнөө инээмсэглэн угтах аян өрнөх гэж байх шиг байна.
7
“...хэдийгээр бид эрсдэлтэй, хүнд ажил хийж байгаа хэдий ч хүний эрүүл мэндэд хор хохирол учруулж, хайнга, хариуцлагагүй хандаж буй эмч, ажилчдыг зөвтгөж чадахгүй. Ийм ноцтой байдлыг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэхийн тулд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, байгууллагуудын дарга нарт Сайдын албан даалгаврыг өнөөдөр хүргүүллээ. Хэрэв гаргасан тохиолдолд эмчлэх эрхийг нь хасах эрх ЭМЯ-нд бий Би сайд болсон өдрөөсөө эхлээд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл болох эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ярьж байгаа... Энэ бол Н.Удвал сайдын 2013 оны 1 сард хийж өөрийн яамны сайт дээрээ байршуулж байсан мэдэгдэл. Одоо 11 сар дундарч, жил болох нь ээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тухай одоо ч сайд нь ярьсаар л явна. Гэхдээ их л дээгүүр яриад яваад байх шиг.
7
П.Баярхүү /тоймч