Төсөөлж байсанчлан төсвийн алдагдал толгой эргэм тоонд хүрчээ. Энэ онд л гэхэд орлого нэг их наяд 16.7 тэрбум төгрөгөөр буурч байгаа аж. Импортын бууралт 354 тэрбум төгрөг /энэ нь валютын ханшийн огцом тэсрэлтэт өсөлттэй шууд холбоотой/, экспортынх 146.5 тэрбум төгрөг/дийлэнхийг уул уурхайн бэлтгэн нийлүүлж байгаа түүхий эдтэй/-өөр буурсан үзүүлэлт гарчээ. Ирэх оны төсөв хэлэлцэж байх үеэр ийм таагүй эдийн засгийн үзүүлэлт гарч байгаа нь мөн ч таагүй шүү. Үлдэж байгаа 515.3 тэрбумын бууралт үр ашиггүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай шууд холбоотой гэсэн прогноз гарлаа. Засгийн газар үүнийг анхны төсвөөсөө хэтрүүлэн тодотголоор дахин хөрөнгө оруулалт хийхгүй бол эдгээр бүтэн байгуулалтыг цаашид үргэлжүүлэх боломжгүй гээд шантаажилж суудаг гэж тайлбарлаж сууна. Хариуцлагагүй тайлбар шүү. Энэ бүхнийг залруулахад нэг их наяд төгрөгийн хөрөнгийг Төсвийн тодотголоор оруулж өгөхийг эрх баригчид төсөл боловсруулаад байна. Бүүр ч хариуцлагагүй төсөл.
6
Төсвөө мэдрэмжтэй, эдийн засгийн наад захын мэдлэгтэйгээр боловсруулж батласан бол асуудал ийм их хурцдахгүй байлаа. Валютын ханшийн огцом хэлбэлзлийг Монголбанк нь бодлогоороо тогтоон барьсан бол импортод ийм их алдагдал хүлээхгүй байсан. Гол буруутан нь тэгэхээр тодорхой. Экспортын алдагдалын буруутан нь уул уурхайн төслөө олигтой хийж чадаагүй нь харгай. Бас л буруутныг хайхад нэг их төвөггүй. Харин үлдэж байгаа 515.3 тэрбум төгрөгийн алдагдлын буруутан нь яах аргагүй УИХ түүний бодлогыг хэрэгжүүлдэг нь Засгийн газар. Хуулиндаа ч тэгээд заачихсан. Өнөөдөр болохоор бүгд л гоншигноцгоогоод байдаг.
6
Засаг нь УИХ руугаа чихээд та нар хэт хөөсөрсөн төсөв батлаж өгсөн гээд, УИХ нь хохь нь ээ батлаж өгсөн мөнгөөр юм хийж чадаагүй та нарын хариуцлагагүйнх гэж мэтгээд сууж байх. Ер нь анхандаа ийм бүдэг бадаг улсын төсвийг хэн нь боловсруулж УИХ-д оруулсан юм бэ. Засгийн газар шүү дээ. Ямар ч мэдлэг, мэдрэмжгүй. Түүнийг нь хэлэлцээд гишүүд бүр өөр өөрийн ашиг сонирхлоороо дурын тоогоо тавиад батлаж орхисон биз дээ.
6
Анхнаасаа сансрын юм шиг ийм төсөл хөтөлбөр олсон хэдийг маань усны үхэр шиг л ууж орхидог юм байгаа биз дээ. Ингээд л жилийн эцэс болоход эдийн засаг нь элгээрээ мөлхөж орхичихож байгаа юм. Тэгээд ёс юм шиг ийм зүйл хэлэлцэж суух. Манайхаас өөр орон ийм зүйл ярьж суудаг юм уу гэтэл үгүй юм аа. Төсвийн тогтворгүй байдлыг маань Самурай бондоос хэдэн төгрөг гаргаж өгнө гээд амлачихсан Япон их л анхааралтай ажиглаж байгаа бололтой. Эд ер нь Чингис бондынхоо хөрөнгийг яаж зарцуулаад яагаад эдийн засаг нь ийм тогтоворгүй болчихсон байна вэ гээд судласны хүчинд Монгол их хэмжээний хөрөнгө мөнгийг шингээчих санхүүгийн зах зээлийн багтаамж султай юм гэж дүгнэсэн байх юм. Эдийн засаг гэдэг артер, венийн судас бүхий байнгын эргэлдэн нэг нэгнээ нөхөж байдаг анатомийн бүтэц. Гол судас руу нь баахан эм тариа шахахаар нөгөө нарийн судаснууд нь ачаалал даахгүй хага үсрээд аминдэм чухал эрхтнүүдээ тэтгэх учиргүй болно. Бүр шоконд ч орох аюултай.
6
Шингээх чадвар гэдэг аль ч зах зээлийн амин чухал зүйл. Тэрнийг манайхан шиг хууль санаачлагч 76 түшээ, нэг Ерөнхийлөгч, Засгийн танхим нүдээ аньж суугаад тогтоож, хэлэлцэж, батладаг юм биш. Бүхэл бүтэн 3 сая хүний ахуй амьдрал цаашлаад улс орны өнөөгийн болоод хэтийн төлөв шүү дээ. Маш нухацтай ханддаг баймаар. Жишээ нь, нэг хуулийн төсөл боловсрууллаа гэхэд хариуцсан салбар нь төслөө боловсруулж бусад холбогдох яамнаас санал авдаг байх учиртай. Боловсролд яаж нөлөөлөх юм, нийгмийн халамжинд хэрхэн тусах вэ, хөдөө аж ахуй газар тариалан, уул уурхай, эрүүл мэнд гээд бүхий л нөлөөлөх онцлогийг нь тусгаад хамгийн сүүлд нь Сангийн яамаар оруулж энэ хууль гарвал хэдий хэмжээний зарлага, орлого гарах вэ гэдэг дээр тулж очих ёстой. Тэгээд УИХ-аар орж батлуулсны дараа сая Засгийн газар хэрэгжүүлж хамгийн гол нь хяналтаа тавих ёстой. Энийг л тал бүрээс нь тооцсон сайн хууль гарах үндэс гэж үзэж болох юм. Энэ бүх шатыг дамжвал энэ жилийн төсвийн хууль шиг цоорхой бүрээр нь хөрөнгө үсчиж хөөсөрсөн хууль гарахгүй дээ. Мөнгөний нийлүүлтийн эрүүл орчныг бий болгохын тулд санхүүгийн бодлогоор эдийн засгаа дэмжиж хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бий болгох шүү дээ. Гуравхан сая хүний зах зээл биш томоохон корпорациудын ашиг сонирхол эрэлт нийлүүлт холилдсон том зах зээл хэрэгтэй. Ийм л орчныг бий болгож гэмээн эдийн засаг маань сэргэнэ дээ.
6
Н.Бадамжав
Уншиж байна |