.
Ялгарал ...”Амжилтаараа бусдаас ялгар” гэдэг гоё реклам бий. Хэрэв та бусдаас юугаараа ялгарахыг хүснэ тэгвэл таныг хэн болохыг тань хэлж өгье гэсэн үг байдаг юм байна.
.
Өмсөж байгаа хувцсаараа, ажил мэргэжлээрээ ялгарах бол энгийн, наад захын зүйл байх. Харин унаж байгаа машинаараа, түүндээ өлгөсөн улсын номероороо, хэрэглэж байгаа утасны дугаараараа, зүүж байгаа бөгжөөрөө, бүр тэжээж байгаа нохойгоороо гээд ялгарч онцгойрох гэсэн хүмүүний энэ ужиг сэдлийг бүгдийг буулгавал цаас, цаг хайран.
.
Эдийн засгийн агуулгаараа бидний энэ ялгарах хүсэл дээр мөн ч олон бизнес цэцэглэн хөгжиж байна. Нэг төмөр гархи, чихний алтан ээмэг зүүлтнээс өгсүүлээд хүнээс ухаантай шахуу болсон гэх гар утас Ipod хүртэлх гялалзсан нээлт шинэ хэрэглээнүүд зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан л байгаа. Гэхдээ төрөлжин ялгарч, өнгө хэмжээгээр давтагдашгүй өөр өөрөөр хийгдэн, ялгарах хүслийг минь маажин, халаасыг минь гялалзтал “хоосолж” амжиж байгаа.
.
Цалин нь сарын хоолондоо арай гэж хүрч байлаа ч сая төгрөгийн утас зээлээд авчихаж байгаа бусгүй ерөнхийдөө нийтлэг нэг л тайлбартай. Яахав дээ, ялгарч амьдрая л даа... нөгөө Сараа ийм утас бариад байна шт, би юугаараа дутахийн ... гэх. Энэ нь барьцахаас тэс өмнөө ялгаатай. Барьцах атаархах нь хэн нэгний илүү байгаад давчдан омойттог бол, ялгарах нь хэн нэгнээс илүү гарахийн тулд хүнийг хатгаж байдаг сэдэл.
.
Сараа Galaxy-3 л барьдаг ш тээ, харин минийх бол Galaxy-10 гэх ялгарал бүгдийн ард бизнесийнхэн нойр хоолгүй ажиллана. Ялгарах кайф нь маш зуурдхан, богинохон үргэлжлэлтэй. Өнөөх гайхамшигт эдийг нь хэдэн найз нь дуу алдан харж тойруулан үзэж, нүдэнд нь атаархлын оч харвахыг харах. Нэг бол гудамжинд өнөөх ялгарлыг нь хэн нэгэн хүндлэнгүй харж, бишрэнгүй үлдэхийг мэдрэх гэх мэт хоромхон зуурынх байдаг. Чи ялгарлаа гэсэн бичлэг тархинд нь нэгэнтээ харваад л гүйцээ. Яг цус харвах мэт. Тэгээд цаашаа утгагүй, хэзээний л байсан мэт, хуучны нэг хэрэглээ нь болж хувирна. Энэ зуурт дараагийн ялгарлаа бас нэг найз нь аль хэдийн олчихсон хэн нэгэнд гайхуулахаар утас цохино. Аливаа эд зүйлийг зүгээр л хэрэглээ дэвшил талаас нь үнэ харалгүй харж сонголтоо хийдэг хүмүүс ч байгаа л даа. Тэд дээрх жишээнд хамрагдан хэлмэгдсэн мэт санагдаж байгаа бол хүлцэл өчье.
.
Хэрэглээ талаасаа бол ялгарах хүслээрээ бид боломжгүй асар их зүйл, бэрхшээлийг өөртөө бий болгож бачуурч байдаг гэх. Амьдрах орчингоо сайжирна гэхээсээ илүүтэй, хэн нэг найз танил ах дүүгийнхнээсээ илүү гарахаар унах унаа, орон байрныхаа хэмжээг тодорхойлж зовон шаналагсад олон бий.
Амжилтаараа ялгарах тухайд бол хөдөлмөрлөсөн, аливаа сайн, зөв үйлд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнд л ирдэг бурхны хишиг гэж хэлэх нь ч бий.
_
Бусдаас илүүрхэн гарах ялгарах хүслийн хар цаламийг хоолойдоо зүүчихсэн нэгнээс хуруу ч гэсэн хол зайтай яваа бол та азтай нэгэн. Хэрвээ та өөрийн өнгө мөнгөөр ялгарах хүслээ ялж, өөрийн мөн чанараараа ялгарч чаддаг бол бүүр ч азтай нэгэн. Учир нь ялгарч онцгойрч амьдрах гэж яваа хүн тайван оршилд байж чадахгүй. Хажууд нь байгаа таныг ч тэр ялгарах хүсэлд цаламдуулагч тайван байлгахгүй. Ялгарах хүсэлдээ хэт их автбал бид үнэт зүйлсээ алдаж хэн ч биш болж болох юм гэсэн санаа. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой ... энэ бол нэгэн оюутны лекц нь дээр байх ишлэл.Энгүүн ойлгох бол бид хэдий их ялгарах гэж улайрна төдий чинээ үнэт зүйлээ мөн чанараа алдана гэсэн үг.
_
Танд элбэг баян биш ч гэсэн хариад амарч болох инээд хөөртэй гэр бүл, ажил амьдралын саад бэрхшээлээ онгойтол ярьчих дотно найз, хамт олон байгаа бол, та одоо ч гараад явчих, сонголтоо хийх эрх чөлөөтэй байгаа бол, та мөнгөгүй ч инээмсэглэж гутрахгүй байж чадахаар өөртөө итгэлтэй бол, өөр шигээ, хэн нэгэн түүн шиг гайхамшигтай урам зоригтой зорилготой яваа бол та аль хэдийнэ амжилтаараа ялгарсан хүн.
“Яадгийн гэх, илүүрхэнэ гэх” ялгарах хүслийн цалам таныг сүүдэртэй чинь хамт дагаж, толгой дээр чинь сүүдийж л байдаг гэсэн.
_
Эд баялгаар бусдаас “Ялгарах” шуналын цаламд хүзүүгээ тавьж өгөх хэрэггүй.
:
П.Баярхүү /тоймч /