“Эгч нь 10 дугаар ангиа онц дүнтэй төгсч, Москвагийн их сургуулийн агромономичийн ангид урилгаар элсч байлаа. Орос оюутнууд надаар даалгавар, бие даалтаа хийлгэж ганц нэг 100 грамм өгсөөр нэг л мэдэхэд би хаана шоу цэнгээн, архи дарс байна тэнд явж байдаг болсон. Эхэндээ оюутнууд намайг гуйдаг байсан бол сүүлдээ би өөрөө тэднийг гуйж хичээлийг нь хийгээд архи авахуулдаг байлаа. Эцэстээ би хичээлдээ ч явахаа больж, ээждээ онц сурч байгаа гэж захидал бичдэг болсон. Эгч нь насаараа ийм байгаагүй юм“. Энэ бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тайлал хэсэг. Гэхдээ энд кино ярихгүй. Харин амьдрал, хувь тавилан гэгч хаашаа ч эргэж болзошгүй хүрд гэдгийг л хэлэхийг хүслээ. Гудамжны гуйлгачин гэж адлуулж, ширүүн харц, хараалын үгийн бай болж яваа тэр хүмүүсийн нэг хэсэг нь “Та нар намайг насаараа ийм байсан гэж бодоо юу“ гэж хэлэхийг бүр хашгирахыг хүсдэг гэдэгт би л хувьдаа итгэдэг. Тэд элэг бүтэн амьдралтай байсан. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилтай ч байсан. Бас найз нөхөд, хамаатан садан ч тэдэнд байсан. Товчхондоо тэд хэнээс ч дутахгүй хүн байсан. Харин өнөөдөр өөрийгөө амьд үхтэл хэмээн харааж, өнгөрүүлсэн амьдралаа дурсахаас ч дургүй нь хүрч яваа. Учир нь тэдэнд хэн ч итгэхгүй. Би Москвад, Берлинд, Чехословакт сурч байсан гэж хэлээд бүр дэлхийгээр нэг хашгираад ч доог тохуунаас өөрийг мэдрэхгүй. Бусдаар үзэн ядуулж, хүн айлгасан “чоно” болохын аймшгийг тэд л мэднэ.
.
Хажуугаар нь өнгөрсөн бүхэн цэрвэж, хяламхийн харах харц амьдралын шийтгэл мэт санагдах өдөр хоногууд ч олон биз. Хүний хэрэгцээнээс гарсан хаягдал бүхнээр амин зуулга хийж явахдаа яагаад, яасан гэж өөрийгөө, хувь тавилангаа зүхсэн цаг мөч ч мундахгүй байх. Ямар сайхан залуу, хичнээн чадварлаг хүн байлаа гэж халаглах харамсахын хоорондох яриаг маш олон ч удаа сонссон. Яагаад бүх зүйл нь өнгөрсөн цагт байгаагийн шалтгааныг архи гэнэ. “Архинд ороод амьдралаа алдчихсан” гэж хэн нэгний хайнга чулуудах энэ хариулт өөр нэгэнт аянга буух мэт аймшигтайг зөвхөн тэд л ойлгоно. Үнэн хэрэгтээ архи амьдралыг нь сүйтгэсэн үү, өөр нэгэн түүнийг балласан уу гэдгийг бодох л асуудал. Бусдын чадал чадварыг шил архиар худалдан авагчид цөөнгүй байдгийг надаар хэлүүлэх юун. Өөрийн эрх ашгийн төлөө өргөсөн ерөөлийн үгтэй хундага бүхэн зарим тохиолдолд өрөөлийн амьдралд хараал болон очдгийг хүн сэтгэлтэн бодох л хэрэгтэй.
.
Өнгөрснөө ч дурсаж чадахгүй, өөр бусдад адлуулж амьдрах ухаант хүний хувь тавилан биш. Хэдийгээр амьдрал эрээн бараан, хүн бүр өөр өөр хувь тавилантай ч бүгдэд үйлчлэх ганцхан дүрэм нь хайрлаж, хайрлуулах. Ядуу зүдүү, гуйлгачид, архичдыг энэ нийгмийн золиос хэмээн асуудлыг томруулж, хар ус, арчаагүй зан, бусдын атаархал гэх мэтээр олон зүйлтэй холбон тайлбарлаж, буруу зөв ямар ч өнцгөөс харж болно. Харин тэдний хайрлуулах, хайрлах эрхийг хэн ч зөрчих ёсгүй. Хүн хэмээх эрхэм алдрыг хүртсэн хэн бүхэн бусдыг хайрлаж бас хайрлуулах эрхтэй нь цор ганц үнэн.
.
В.Хэрлэн