Сэтгэл гутрал гэхээр барууны л өвчин шахуу юм боддог байлаа саяхан болтол. Яагаад ч юм надад хийх юмгүй, амьдралын бололцоотой хүмүүсийн өвчин мэт санагдаад нэг их итгэж чаддаггүй байлаа л даа. Харин солонгост ийм хүмүүс ёстой олон. Миний таньдаг хүмүүс ч бас сэтгэл гутралаар өвдөөд эдгэсэн, эм уудаг хүн цөөнгүй.Тэгтэл зурагтаар сэтгэл гутрал нь тархинд сератонин гэдэг бодис дутаснаас үүсдэг сэтгэцийн эмгэг гэсэн тайлбарыг сонсоод хийх ажлаа олж ядсан эрх хүмүүсийн өвчин биш юмдаа хэмээн ойлгох болсон юм. Зарим эмэгтэйчүүд цэвэршилтийн үедээ сэтгэл гутралтай болдог тохиолдол байдаг юм байна. Миний таньдаг солонгос авгай өчнөөн барилгатай, зочид буудалтай, хоёр хүү нь том компанид ажилладаг, нөхөр нь архи уухгүй тамхи татахгүй, сайхан мэргэжилтэй, мөнгө их олно. Тэгсэн атал сэтгэл гутралтай болоод хоёр удаа амиа хорлох гэж оролдсон гэж ярьдаг юм. Нэг жижиг нохойтой. Тэрийгээ миний хөөрхөн охин гээд амиа тавих. Энэ нохой манайд ирснээс хойш уйдах завгүй болоод өвчнөө би мартсан гээд сүйд болдог юм. Би хариуд нь манай хүүхнүүд ажил гэр, үр хүүхэд, мөнгө төгрөг гээд дэндүү их ачаалалтай болохоор уйдах, сэтгэл гутралд ороод хүнээс тусгаарлаад суух зав зай байхгүй ээ хөөрхийс гэхээр сайн ойлгохгүй. Тэгээд л юм мэдэхгүй мөхөс би сэтгэл гутралыг өндөр хөгжилтэй орны өвчин гэж бодох болсон юм. Амьдарья гэр бэлэн, идье хоол бэлэн. Хийх ажил нь олдохгүй болохоор тэгдэг юм болов уу даа. Хөдөөний тариачин авгай нарт нь гутраад суух зав гардаггүй бололтой юм билээ. Харин эмч нар юу гэж боддог юм бол?
6
Сэтгэл зүйч, доктор н.Сарантуяа энэ талаар мэргэжлийн тайлбарыг хийсэн байна. Бухимдал олон зүйлээс шалтгаалдаг. Сэтгэл санаа, эрүүл мэнд, физиологи, харилцааны зөрчилтэй холбоотой. Гадаад учир шалтгаан сэтгэл уналтад их нөлөөлдөг. Гэхдээ сэтгэл уналтад хүн бүхэн ордоггүй. Хувь хүний онцлогоос болдог. Зарим нь өөдрөг, ирмүүн, зорилготой, зоригтой, тайван байдаг. Гэтэл ууртай, сэтгэлээр амархан унадаг, шантрамхай, идэвхгүй болсон хүмүүс бий. Сэтгэл зүйн талаасаа сэтгэл уналт эрүүл үзэгдэл боловч, даамжирахаараа сэтгэцийн эмгэг болж хувирдаг.
5
Ийм тохиолдолд идэвхгүй болно, ажил хөдөлмөр хийхээс залхана, биеэ чагнана, зохиомол өвчнөөр өвдөж байгаа юм шиг санагдана. Бид амьдрал дээр их ууртай, бусдыг загнах дуртай болчихож. Уур уцаараа бусдад гаргадаг үзэгдэл ажиглагдаж байна. Тэр дундаа бид харилцаан дээрээ их алдаж байна. Хүнтэй тайван ярилцаж ойлголцохын оронд загнадаг. Жаахан хүүхдүүд хүртэл хоорондоо хэрэлдэж, зодолдож байна.Энэ бол нийгэмд бухимдал их байна гэсэн үг. Гудамжинд явж байтал хоёр хүн хэрэлдээд, нэгийгээ бүдүүлгээр доромжилдог. Энэ бүхэн бидэнд нөлөөлж, сэтгэл гутрангуй болдог. Ямар нэгэн юмыг өөдрөг талаас нь харж сурах хэрэгтэй. Автобусанд муудалцах бол хамгийн энгийн үзэгдэл. Гэртээ амрах гэтэл, гэр бүлийнхэнтэйгээ маргах асуудал гардаг. Бид маш олон асуудлаас болоод бухимдаж байна. Эцэстээ энэ бүхэн сэтгэлээр унахад хүргэдэг.
6
Нийгмийн сэтгэл зүйн мөн чанараас гадна байгаль цаг ууртай ч холбоотой. Зун сэтгэл санаа харьцангуй тайван байдаг. Өвлийн улиралд сэтгэл санаа тогтворгүй болчих тохиолдол бий. Намрын улиралд ажлын ид үе эхэлнэ. Бас хүйтэрч даараад л, сэтгэл тавгүй болдог. Энэ бол монгол хүний амьдрал ахуй, сэтгэл зүйн онцлогтой холбоотой асуудал. Монгол хүнд зуныг хүсэмжилсэн сэтгэлийн таашаал бий. Иймээс улирлаас хамаарч хүний сэтгэл санаа янз бүр болдог. Байгаль экологийн асуудал нөлөөлнө. Нартай байвал, тайван налгар байх жишээтэй. Салхи шуураад, тэнгэр муухай бол ажил бүтэмжгүй байна даа, одоо яанаа гэж бодоод эхэлдэг. Сүүлийн үед хүмүүс Улаанбаатарт агаарын бохирдол их, утаатай байна гэлцдэг болж. Өвөл болохоор “нөгөө утаа чинь эхлэх нь ээ” гээд санаа зовдог. Хавын хавсраг эхлэхээр сэтгэл санаа бүр тавгүй болдог. Дээр нь бас гэр бүлийн маргаан байна.
6
Гэр бүлийн зөрчил маргааныг хүмүүс тайван замаар шийдэх ёстой. Хүмүүс хамгийн бүдүүлэг үгээ гэрийнхэндээ хэлдэг.Танихгүй хүмүүсийн дунд соёлтой харагдах гэж хичээдэг хирнээ, гэр бүлдээ тэгж хандаж чаддаггүй. Хүмүүс хайрлана, халамжлана гэж гэр бүлтэй болж, хүнтэй суудаг. Гэтэл хайрлана гэсэн хүндээ уурлаж, хэлэх хэлэхгүй үг хэлж, биеэ зовоодог. Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлддэг. Гэр бүл бол хамгийн тайван орчин байх ёстой. Ийм бухимдалтай гэр бүлд өсч байгаа хүүхэд бас тийм болдог гэж тайлбарласан байна. Миний нэг таньдаг эмэгтэй байдаг юм. Дэндүү бүрэг ноомой түүнийг нөхөр нь архи уухаараа агсан тавьж дарамтлана гэж тун хэцүү. Заримдаа нөхрийгөө архи уусан байна гээд сонсвол барьсан тавьснаа мэдэхээ байчихдаг юм зайлуул .Юм бодоод гөлийгөөд суучихна.Алхаа гишгээ нь хүртэл удаан. Эмч нарын ярьдаг сэтгэл гутралтай хүний олон шинж байдаг боловч өөрөө мэддэггүйдээ л өдий хүртэл явдаг юм шиг. Нөхрийг нь харахаар дургүй хүрдэг ч айл гэр бүлийг би дундуур нь ороод салгалтай нь биш. Дэмий л өрөвддөг юм. Сэтгэл гутралд ямар хүмүүс их өртдөг бол? Сэтгэл гутрахад хүйсийн ялгаа гарч болно. Ер нь аль ч насны хүмүүс сэтгэл гутралын эмгэгт өртөх боломжтой. Гэхдээ 30-40, 50-60 насныханд илүү их тохиолддог. Нийт өвчлөгсдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байдгийг ДЭМБ-аас тогтоожээ. Үүний шалтгаан нь эмэгтэй хүүхэд сайхан ааштай байх ёстой, таагүй зан авир гаргаж болохгүй гэсэн үзэл бодлоос болж эмэгтэйчүүд багаасаа л уур бухимдал, гомдол, аливаа таагүй мэдрэмжээ нуун дарагдуулж, үгүйсгэсээр аажимдаа өөрийгөө бүхэнд буруутгаж, яллаж, үзэн ядаж эхэлдэг. Түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр ганцаардаж, нийгмийн аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөж, хань ижлээсээ анхаарал халамж авах нь бага, зарим нэг нь хүнээс хараат амьдардаг бол нөгөө хэсэг нь гадаа гарч эр, дотор орж эм болж хэт их сэтгэл санааны болон амьдралын ачаалал үүрдгээс үүдэлтэй сэтгэл гутрал их байдаг. Гэхдээ ийм амьдралтай эмэгтэй болгон сэтгэл гутралтай болдоггүй, ажил амьдралаа сайхан хослуулж амьдардаг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд бидний дунд цөөнгүй бий. Эрэгтэйчүүд ч бас сэтгэл гутралд өртдөг. хүн болгонд яриад байдаггүй, дотроо бодоод явдаг. Ингээд гутралаа тайлах гэж архи уудаг боловч тус болдоггүй.
6
Сэтгэл гутралаас сэргийлж болно. Сэтгэл гутралын хөнгөн хэлбэрийн үед сэтгэлзүйчийн зөвлөгөө, засал ач тустай. Хүнд хэлбэрийн үед сэтгэлзүйчээс гадна нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Сэтгэл засал болон эмийн эмчилгээг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ эмийг зөвхөн эмчийн л заавраар маш нарийн хяналт дор хэрэглэх нь зүйтэй. Сэтгэл заслын янз бүрийн хэлбэрүүд болох ярилцлага, гэрэл, өнгө, хөгжим, хөдөлгөөн ашиглан сэтгэл заслын тусгай аргуудыг хэрэглэж хүний зан байдлыг, сэтгэхүйг, амьдралыг үзэх үзэл, хандлагыг нь өөрчилж болно. Хэрвээ хүн өөрийгөө сэтгэл гутрах хандлагатай гэж анзаарвал юуны өмнө хэн нэгэн дотны хүндээ эсвэл мэргэжлийн сэтгэлзүйчид сэтгэлээ нээхийн зэрэгцээ аль болох хөдөлгөөнтэй байж, нар салхинд гарах хэрэгтэй.
6
Цэвэр агаар мэдрэлийн төв системийн үйл ажиллагаанд маш их сайнаар нөлөөлдөг. Намар, өвлийн улиралд нарны гэрэл бага тусдагаас серотонин хэмээх гормон ялгарах нь багасдаг. Үүний үр дүнд сэтгэл гутрах нь ихэсдэг. Тийм учраас цэвэр агаарт гарах нь чухал үр дүнтэй байдаг. Зөв хооллолтод анхаарах нь чухал. Учир нь зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүн бодисын солилцоонд болон гармоны ялгаралтад хэрхэн нөлөөлж буйгаас хамааран сэтгэл гутралыг хөдөлгөх талтай байдаг. Манайхан сэтгэл санаа тавгүйтэхэд архи, пиво ууж тайвшрахыг оролддог. Гэтэл энэ нь хэсэгхэн зуур тайшруулах ч хэмжээнээсээ хэтэрвэл эргээд сэтгэл гутрал үүсгэдэг нь тогтоогдсон. Харин спортоор тогтмол хичээллэх нь аз жаргалын гормон ялгарахад ихээхэн ач тустай байдаг нь нотлогджээ. Мөн амьдралдаа идэвхи санаачлагатай байж, өөртэйгөө ажиллаж, сэтгэцийг өвчлүүлдэг буруу бодлуудаасаа салж орхи.
6
Өөрөөсөө дэндүү ихийг шаардаж, заавал бүхнийг төгс хийх гэж улайрах, бусдад муугаа үзүүлэхгүй гэж дэмий хичээх нь хүнийг дотроос нь иддэг. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг зөв тодорхойлж, сэтгэхүйгээ хэрэггүй ачаанаас чөлөөлж, өөртөө тогтмол цаг гаргаж, долоо хоногийн нэг өдөр дуртай, таашал авдаг зүйлээ хийх аргаар өөрийгөө хайрлаж, цэнэглэх хэрэгтэй. Ер нь сэтгэцийн эмгэгийн талаар мэдлэг мэдээлэлтэй болох нь өөрийгөө хамгаалах, өөртөө туслахад их ач холбогдолтой. Хамгийн гол нь зайлшгүй зүйлтэй эвлэрч, бүх зүйлийг сайн сайхан болно гэдэгт итгэж, өөртөө анхаарал тавьж байгаарай. Соёлтой хүн өөрийгөө эхлээд хүндэлж хайрладаг юм. Танд сэтгэлийн амар амгаланг хүсэн ерөөе.
6
Н.Бадамжав