Азийн хөгжлийн банк эдийн засгийн байдал чинь нэг их дээрдэхгүй шүү гэж өнөөдөр дорвитойхон шиг анхаарууллаа. Монгол хүн амны билгээр гэж жаахан сэжиглэнгүй хандаж байгаа ч нөхцөл байдал тийм ч сайнгүй байна. Ганц Монгол л эдийн засгаа сүйрүүлчихээгүй л юм байна. Дэлхийн эдийн засгийн хандлага ч нэг их таатай биш байгаа бололтой. Хаашаа зөв гарц байна гэдгээ бид бодоод бодоод олохгүй байх шиг байна. Ярилцахаараа хэрэлдчих гээд, хэрэлдэхээрээ талцаж улстөржөөд энэ намрын турш хэрүүл л хийлээ. Гэтэл гадна нөхцөл байдал хүндрээд л байдаг.
6
Баялаг маань гадны анхаарлыг татаад байдаг. Хүссэн хэмжээндээ ашиглаж болдоггүй. Хойд, өмнөд хөрш байгалийн баялгаа гуравдагч зах зээл рүү гаргах гэхээр зүйл бүрээр дарамталж байгаад үнэ ханшийг нь навс буулгаад орхино. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах гэж ядаж байгаа эдийн засаг сөхрөхчөөн аядана. Аргагүй шүү дээ.
5
Дэлхийд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь ашигт малтмал эрдэс баялгаас хамааралтай. Экспортын 90 хувь бас л үүнээс хамаарна. Үүнээс өөр мөнгө олчих арга байхгүй юм чинь хэт хамааралтай гэж хэлэхээс ч яах билээ. Үлдсэн 10 гаруй нь хувь малын түүхий эд, аялал жуулчлал, үйлчилгээ төдийхөн. Баялгийнхаа буянаар эдийн засаг арав дахин тэлсэн ч гэлээ дагалдах гай нь арав дахин өссөн гэсэн үг. Баялгаасаа хамааралтай байх эдийн засгийн төлөв хагас зуун жилд үргэжилнэ. Хориг хаалт тавиад байгаа хоёр хөршийнхөө геополитикийн учрыг ухмаар байгаа юм. Аль аль баялгийг маань сонирхож байгаа. Хөршдөө байгаа асар их баялгийг яавал багахан үнээр өөртөө ашигтайгаар яаж салгаж болох талаар ёстой л хужрыг нь тунгааж суугаа.
5
Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын дийлэнхийг Хятадад гаргаж байгаа. Оросын хүнд суртал манай баялгийг ашиглах бололцоог олгохгүй байгаа юм. Тиймээс бид угтуулан эерэг орчинг буй болгох хэрэгтэй байна. Оросоор дамжаад зүүн хойд Азийн зах зээл рүү гарах бололцоог хайх учиртай. Тэд ч удаа дараа бидэнд ийм санал тавьж байгаа.
5
Урагшгүй төр засаг дэд бүтцийн асуудлыг нь шийдэж чаддаггүй. Япон, Солонгосын аварга том зах зээл биднийг хүлээгээд л сууж байна. Дийлэнх түүхий эдээ алс холын Австрали, Африкаас авч байгаа тэдэнд Монгол бол ердөө жирэмсэн эхийн шээх газар л төдий шүү дээ. 10 хүрэхгүй долларын тээвэрлэлтийн зардлаар Австралиас түүхий эдээ авах уу аль эсвэл Монголын баялагийг Хятадаар дамжуулаад далай тэнгисээр дамжуулаад тонн тутамд нь 47 доллар шингээж авах уу. Мэдээж Монгол орхигдоно.
6
Оросууд алс дорнодын төмөр замынхаа нэг салааг Хойд Солонгост хүргэчихлээ. Эдийн засагчдын хамгийн их анхаарал хандуулсан төсөл ийнхүү хэрэгжчихсэн. Монголын баялагт хүрэх нь бараг асуудалгүй шахам болчихлоо. Харин манайхан холбогдчих төмөр замаа өнөөг хүртэл тавьсангүй. Зам барьж эхэлсэн хувийн хэдэн компаниа дарамталсаар байгаад модыг нь бариулчихсан.
6
Оросуудад ч бас бид өөрсдөө дээд төвшиндөө аятайхан ойлгуулчих чадвар дутагдаад байх шиг. Ямар сайндаа саяхан Оросын нөлөөний нэг эрхэм Монгол Оросын харилцаа сүүлийн 400 жилд тохиолдож байгаагүйгээр сэрүүслээ гэж байхийн. Уг нь тиймгүйсэн. Монгол нь эрчим хүчний хувьд 30 хувь, төмөр замын дэд бүтэц, уул уурхай, геологи хайгуулийн хувьд 50 хувь, шатахууны хувьд 100 хувь Оросоос бүрэн хамааралтай гэж мэргэжилтнүүд хэлдэг юм билээ.
6
Орос өөрөө ч том зах зээл. Монголын баялагийг ашиглахаасаа гадна Хятадаас хэт хамааралтай шахуу алс Дорнодын бүс нутгаа хамааралаас гаргахын тулд Монголын баялгийг зүүн хойд Азийн зах зээл рүү гаргах үлэмж сонирхол бий. Бидний дөрөөлөх дөрөө бол энэ. Ингэж гэмээн хэнээс ч хамааралгүй экспорттой болж эдийн засгаа солонгоруулж чадна. Гол нь эрх баригчдын саруул ухаан л мэднэ дээ.
6
Н.Бадамжав