“Би нийслэлийн иргэн гэдгээ яаж мэдэрдэг вэ гэвэл, татсан тамхиныхаа ишийг хаа хамаагүй хаядаггүй. Автозамаар гарахдаа явган хүний гарцаар гардаг. Машин барихдаа дүрмээ баримталдаг. Хаа хамаагүй хогоо хаядаггүй. Бусдад дараа болж амьдардаггүй. Хүнтэй бүдүүлэг харьцахыг хүсдэггүй. Нус цэрээ хамаагүй хаядаггүй. Хотын соёлын бага ч гэсэн хэсэг байгаа учраас би өөрийгөө нийслэл хотын иргэн гэж боддог” хэмээн нэгэн иргэн хотын соёлын тухай, хотын иргэний тухай бодлоо хуваалцав. Хотын соёл гэгч саарал ордонд яригдах ёстой том асуудал биш. Дээрх иргэний хэлсэнчлэн нийслэлийн иргэн та бидний өдөр тутмын үйлдэл. Ойлгогдохгүй хууль дүрэм ярьж, төсөв хөрөнгө шаардлагатай гэж дэвэргэж, шийдвэр гаргагчид ажиллахгүй байна гэж бусдаас буруугаа хайх шаардлага байхгүй. Бас дэлхийн хотуудын жишээ гэж өөрсдийгөө онигоонд хутгах ч хэрэггүй. Сеntral tower, Blue sky, Хангарьд зэрэг өндөр шилэн барилгаар хотын соёл хэмжигддэггүйг та бүхэн мэдэх байх. Жирийн иргэн та бидний үг үйлдлээр хэмжигдэх энэ ойлголт өнөөгийн Улаанбаатарт нойл заачихаад байгааг алхам тутамдаа мэдэрдэг. Хэдийгээр цагаан дээр хараар бичигдсэн замын хөдөлгөөний дүрмийг сахих ёстой ч тэрнээс өмнө жолооч нарын харилцааны соёлын тухай яригдана. Замын голд заамдалцаж, хараал урсгах нь хууль дүрмээс илүү тухайн хүний ааш зан, соёлтой хамгийн түрүүнд холбогдоно. Ямар хүн, ямар иргэн гэдгээ харуулж байгаагаа хүмүүс ухамсарлаасай.
6
Хотын соёл гээд ярихаар хөдөөнөөс орж ирсэн тэнэг мулгуу юмнууд гэж харааж үздэг. Үнэн хэрэгтээ хот хөдөөгөөрөө дуудалцаж, талцаад ямар ч нэмэргүй. Хотын унаган иргэн хэрнээ ямар ч соёлгүй, намайг хэн хэлэхэв гэсэн хэнэггүй гарууд ч байдаг. Үүний зэрэгцээ хөдөөнийх атлаа соёлтой боловсон нэгэн ч тааралдах. Тэгэхээр хотын соёл гэгчийг өөртөө хэвшүүлэх гэж хаа нэгтэйгээс хайх шаардлагагүй. Учир нь эрж хайгаад байгаа хотын соёл чинь хувь хүний соёл. Хотын гэж илүү өргөн хүрээг хамруулж, томруулж л нэрлэснээс биш хувь хүн Баяр, Бат, Долгорын л соёл. Хотын соёлыг Википедиа-д “иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” хэмээн тодорхойлсноос хувь хүнд илүү хамааралтайг харж болно. Тэгэхээр хотын гэж өөрөөсөө холдуулалгүй миний хэмээн өөртөө хамааруулан хичээгээд үзвэл ямар вэ?! Тэр цагт Улаанбаатар жинхэнээсээ Азийн цагаан дагина болох ч юм билүү.
6
374 жилийн түүхтэй, дэлхийн метрополис хот гээд нийслэлээрээ бахархах зүйл бидэнд бий. Тэр бахархал бардамналыг шүлс, хогоо хаях, биенээ харааж зүхэх төдийхнөөр баллуурдаж боломгүй. Эрхэмсэг бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шүү дээ.
6
В.Хэрлэн
Уншиж байна |