Оршилд
Агаарын бохирдлын хажуугаар төр өөрөө бодлогын бохирдолд орсон байгааг ярих хэрэгтэй болоод байна. Намрын энэ чуулганаар хэлэлцэхээр дараалалд орсон нэг хууль бол Улс төрийн намуудын тухай хууль. Энэ хуулиар намуудын санхүүжилт өмч хөрөнгө эзэмшлийн асуудал хөндөгдөнө. Цаад агуулга, хаялгаараа бол төрийн цэвэр тунгалаг орших тухай асуудал тавигдана гэсэн үг.
Улсын ганц эмнэлэг барихад 3 жил болдог бол нэг намын байр хагас жилийн дотор хэдэн тэрбумаар сүндэрлэн босч болдгийг бид харсан. Өнгөрсөн жилүүдэд манай улс баян намууд, тэдний тэрбумтан дарга нараар удирдуулсан ядуу орон болоод байгаа нь маргашгүй үнэн. Гэхдээ өнөөх баян гээд байдаг намууд ч бас сонгуульд ялахгүй л бол хандивлагчгүй болж бадар барих болдгийг өнгөрсөн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн МАН харуулж байх шиг санагдлаа.
Сонгуулиар явуулсан сурталчилгааны мөнгөө өгөхгүй луу унжиж байна гэнэ. “Чих авбал ав” гэх шахуу юм хэлж хэвлэл мэдээллийн байгууллагуудад ширэн нүүрлэж чадсан Генсек гэдгээрээ ноён Г.Занданшатар намынхаа түүхийн хуудсанд мөнхрөхөөр шийдсэн бололтой байна.
.
Яагаад МАН мөнгөгүй болов
Улс төрийн карьер нь ид яваа, ирээдүйдээ юунд ч зүтгэж ямар ч сайд дарга хийж чадах, улс төрийн амьдралд хэвлэл мэдээллийн үзүүлэх нөлөөг сайн мэдэх, сүрхий санхүүч, банкир гэж үнэлэгддэг залуу дарга Г.Занданшатар ийнхүү хэвлэл мэдэллийнхний үгийг хэлүүлж уурыг барж, хэдэн халтар төгрөгийг чинь өгөхгүй гэж гэдийж суухыг бодоход үнэхээр аргагүйдэж данс нь цайрсан юм болов уу даа. Нэг бол өнөө доод хэд нь цайраад хуваагаад цохчихсон юм уу бүү мэд. Хэдхэн сая биш, хэдэн арван саяар тоологдох мөнгөө МАН-аас авах нь “молиго” болж байгаа талаар хэвлэлийнхний цөхөрсөн яриа чих дэлсэж байна. Нийлээд шүүхдэнэ гэж энд тэнд бөөгнөрсөн дуулдсан. Энэ ч яахав сонгууль дөхөхөөр намуудад хайлтлаа хайрлуулж, дуусангуут нь өр авлагын “жирэмслэлттэй” үлддэг хэвлэлийнхний хаширдаггүй алдаа гээд орхиё. Гэхдээ МАН-ын хувьд жирийн хүн ойлгохгүй юм эргэн тойронд нь их болж байх шиг байна. Нам минь цахилгааны төлбөрөө дийлэхгүй боллоо гэж итгэхэд бэрх юм нэг нь ярих бол нөгөө талд нэг баян гишүүн нь намайг зөв, гоё магтвал 100 саяар шагнана гэж зар явуулж намаа тавлаж байх жишээтэй. Энийг ч бас ялагдлын нэг сүүдэр, хүний жудаг хэмжээгээ харуулсан явдал биз гэж үл нуршин алгасья.
Харин энэ бүхний цаана нам мөнгөгүй болсон гэх шалтгаан тайлбар нь бүр цагаандаа гарсан байгаа нь анхаарал татаж байна.
“...Сонгуульд дараалан ялагдсан тул хандивлагчид үгүй болсон. АН-ын засгийн зүгээс манай том том санхүүжүүлэгчдийг хуулийн байгууллагаар шалгуулан дарамтлуулж байгаагаас нам мөнгөгүй болж ...сонгуульд амжилтгүй оролцлоо” гэх мэт гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг тайлбаруудыг намуудын удирдлагууд нь ил цагаан өгөх болжээ. Энэ нь нам хандив, авилгаар санхүүжиж ирсэн ба одоо энэ нь тасалдаад мөнгөгүй боллоо гэсэнтэй утга нэг тайлбар.
Бүхэлдээ энэ нь ганц МАН гэхээсээ АН бусад намууд ч ялгаагүй хаанаас, хэрхэн санхүүждэг, ямар муу хөрс суурин дээр оршиж байдгийг харуулсан хэрэг боллоо гэж дүгнэж болохоор байна.
.
Намууд яаж “ач санагч”, хариулагч болдог вэ
Намууд ямар нэг аргаар төрийн эрх авч үүгээрээ дулдуйдан намдаа хандив (авилга гэж болно) авч санхүүжиж ирсэн. Сонгуульд нэр дэвшинэ, ялна гэдэг нь чи хэр их мөнгө босгож чадах вэ гэсэн асуултад яаж хариулахаас хамаарч хайрцаглагдана. Нөгөө талдаа хэдий хэр их мөнгө босгоно, төдий чинээ том хариу барих буюу “ач санах”, хариулах өрөнд орно гэсэн үг.
Энэхүү ач хариулалт яаж явагддагийг бид сайн мэдэх болсон. Өндөр албан тушаалд тавих, төрийн өмчит компанийг сул хаяж өгөн завшуулах, тендер ажлыг ногоон гэрлээр өгөх, хэрэг заалхайг нь хааж, ял зэмийг завшуулах гээд ач хариулах төрөл зүйл олон. Эндээс л манай төрийн “бодлогын бохирдол” үүсэлтэй гэж хэлж болно.
Төр барих, улс орныг авч явах, хууль батлах түвшинд хэр ойр, чадал чансаатай гэдгээрээ бус хэн их мөнгө босгосон бэ намдаа хэр нөлөөтэй вэ гэдгээрээ уралдан, эрэмбэлэгдсэн нөхдүүд хөлсөө арчин Их хуралд орж ирнэ. Явцуу хэлбэл, дээш гарангуутаа “Ач санах”, хариулах үүрэгтэй 76 өртөн төр барихаар цуглаж байгаа юм. “Өр”-ийг нь базан эмхтгэж эргэн төлөлтийн хуваарилалтийг хийдэг нь намын дээд удирдлагууд, Удирдах зөвлөл, ҮЗХ-ны гишүүд гэх мэт.
:
Намуудын “бохир” санхүүжилт ямар үр дагавартай вэ
Сонгуульд ялсны дараа “ач санах” компанит ажил, төр эмхлэх ажилтай зэрэгцэн өрнөж эхэлдэг. Төрийн алба, албан тушаал нь ач хариулахад жоохон дутаад байвал бүтцээ өөрчилж яам тамга, агентлагийнхаа тоог нэмж чадна. Төсвөө тэлж төрийн мөнгөөр хийх ажил гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ. Энэхүү ач санах томилгооноос эх авч том хандивлагчдийн болон бизнесийн сүлжээнийхний бохир цус төрийн судсаар гүйж, энэ нь эргээд төрийн уураг тархинд нөлөөлж бодлогын бохирдол, төрийн завхрал болж бууж байгааг бид бэлхнээ харж ирсэн.
Ийнхүү хандив нэрээр санхүүжилт “саасан” намуудын бохир цусаар тэжээгдэж эхэлсэн ТӨР авилгаас ангид байх тухай ярих боломжгүй нь ойлгомжтой. “Ач санах”, хариулахын эрхэнд хэчнээн ч үр дүнгүй, хэрэггүй ажил “тендер” нэртэй зарлагдаж, төсвийн хөрөнгийг будаа шиг цацаж, өнөөдүүл нь тагтаа шиг тоншиж завшсан болохыг бид зах зухаас сонссон, мэдсэн. Дөрвөн уулаа дагаж гэр хорооллоор бүслүүлсэн хэрнээ агаарын бохирдлыг багасгана, утаагүй болгоно гэж хэдэн арван тэрбумыг төсөвлөн, нэг авилгач нь нөгөөдөө ач хариулах боломж олгож байгаа нь бохирдсон төрөөс л гарах болхи шийдвэр. Ийм хандив, өрөнд барьцаалагдсан намууд төрд гарахаар төвөг гай тарих нь энүүхэнд.
.
Эрүүл саруул, жирийн хүн ч бодож санаад хийчих ажлыг өөрсдийн хүрээнд хэн нэгэнд нь ашиггүй бол хийхгүй хойш тавьж чаддагийг УБ хотыг яаж хөгжүүлж ирснээс бэлхнээ харж болно. Бие засах газраас өгсүүлээд явган хүний зам, бороо шорооноос хоргодох буудал саравч барих, уулзвар зам өргөтгөх гээд итгэл өгсөн сонгогчдийнхоо төлөө хийх наад захын ажлууд нь “ач санах ажил” төсөлд багтаагүй тул гадна орхигдсон байдаг. Харин үүний оронд хэн нэг хандивлагчийн хэвлэлийн бизнест дэм болох тул “Соёлч боловсон амьдралын төлөө” гэх мэт зурагт наалтыг хэдэн мянгаар нь захиалж хэвлүүлэн, нийтийн тээвэр, гудамжны буланд зүүж хадахад гээд зуу зуун саяыг төсвөөс гаргачихна. Энэ мөнгөөр гудамжинд хогийн сав аваад тавьчихвал хэрэгтэйг бүгд мэдэж байвч хандивлагч хогийн савны бизнес хийдэггүй тул хэрэггүй. Харин цаадах чинь хэвлэлийн үйлдвэртэй тул зурагт хуудас хийх нь зөв гэж санал нэгтэй шийднэ. Угтаа бол ийм балай уриатай хуудсаар хотын иргэд соёлтой болчихгүйг хаанаа ч хэн нь ч мэдэж байгаа.
Нэгэнт ач хариулахын эрхэнд хариуцлага ёс суртахуунгүй, мэдлэг туршлагын шалгуургүй хүмүүсээр бүрдсэн төрийн үйл ажил, хэрэгжүүлэх бодлого нь “зөв” бүхний эсрэг урвуу дүйцэлтэй явагдаж эхэлсэн. Улс орон хөгжихийн тулд үйлдвэрлэгч, бүтээгч байх ёстой. Харин манайд бол үгүй, эсрэгээрээ.
.
Баялаг бүтээдэг давхарга гэж бараг байхгүй, боловсруулах үйлдвэргүй, 99 хувийн импортлогч бөгөөд үндэстний "эдийн засаггүй", зөвхөн гадны барааг авчирч шахдаг, хэрэглэдэг зах зээл болгосон. Хятад тэргүүтэй орны түүхий эдийн хавсарга бааз болгосон байгаа гэх шүүмжлэл нь үнэндээ бодит байдалд ойрхон очиж байгаа юм. Уул уурхай салбарт гэхэд баяжуулсан коксжсон нүүрс үнэд хүрч байхад манай төр нүүрсээ түүхийгээр нь хямдхан зөөж хэдхэн компанийг хурдан баяжихийг дэмжсэн шийдвэр гаргах жишээтэй.
.
Намуудын санхүүжилтийг бид хянаж чадах уу
Энэ бүх урвуу хандлага, төрийн “бодлогын бохирдол”-ын үүдэл нь хэн нэг гишүүн ёс зүйгүй, сайн муу гэхээсээ илүүтэй улс төрийн намуудын үйл ажиллагаа, тэдний орчинг зохицуулж байгаа хууль нь түүхий, намуудын санхүүжилт нь цэвэр биш байгаад оршиж байна гэж болно.
Одоогийн мөрдөж буй хуулиар намуудын санхүүжилт ямар ч олон нийтийн хяналтгүй явж ирсэн ба зөвхөн өөрсдийнх нь дотоод хяналт байгаа гэдгээр халхалсан байдалд байгаа. Одоо үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа МАН-ын шинэчлэгчдийн тавьж байгаа нэг гол шаардлага нь намынхаа санхүүжилт, түүний зарцуулалтыг ил болгох тайлагнах гэсэн байгаагаас харахад намууд дотроо ч хөрөнгөө идэх уух, зүй бусаар зарцуулах, завших асуудал нь хяналтаас гарсан байгаа юм байна гэсэн дүгнэлт рүү хөтөлж байна. Аль нам, хэн гээч зүтгэлтэн нь хаанаас хэр их мөнгө, хандив авч “ач санах” өрөнд орж байгааг гишүүд нь болоод олон нийт харах хянах боломжгүй байна гэсэн үг. Энийг ил тод, нээлттэй болгох нь намуудын тухай шинэ хуулийн нэг гол үзэл санаа болно байх. Мөн санхүүжилттэй холбоотой гаргасан зөрчилд нь намуудад ямар шийтгэл оногдуулах вэ гэдэг бас шинэ хуулинд томоор тавигдах асуудал. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр намыг нь татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцож болно гэсэн хувилбар шинэ хуулийн төсөлд байгаа Ардчилсан гэх дэлхийн бусад орнуудад ч ийм жишиг бий гэдэг.
.
Төсгөлд
Сайн муу ч эрх зүйт төртэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд тогтолцооны гажуудлынхаа суурийг засах нэг том боломж бол улс төрийн намуудын тухай хуулийг сайн боловсруулж шинэчлэн гаргах явдал. Намууд биднийг яаж маллаж, яаж хуурахаа бас яаж мөнгө олох аргаа өөрсдөө тодорхойлж ирлээ. Одоо намуудыг бид яаж хянахаа ярих цаг болсон байна. Намууд хэр хурдан цэвэршин, “ач хариулах” өр үгүй цэвэр, нүүр бардам болно тэр цагт л төрийн бодлогын бохирдол тунгаагдана. Хэтрүүлж хэлэхэд, хотын утаа ч “устах” байх.
.
Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Сонгуульд амжилттай оролцож ялсан болон парламентад суудалтай намууд төрөөс санхүүжилт авдаг болох заалт энэ хуулийн төсөлд орсон байгааг төгсгөлд хэлье. Шуудхан хэлэхэд, намуудын төлөөлөл болсон гишүүд намуудын тухай, санхүүжилтийнхээ тухай хуулийг өөрсдөө боловсруулж, хэлэлцэн олонхоороо батална. Тэгэхээр энэ хуульд хамгийн эрүүл шүүмжлэгч, шударга хяналт тавигч нь бид, иргэд байх юм.
.
Хандивын хариуг төсвийн хөрөнгөөр цайруулагч, авилгач намуудын хуулийг дээрдүүлж, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зохистой. Цэлмэг тэнгэр шиг тунгалаг төртэй байя гэвэл намуудын санхүүжилтийг нээлттэй, хяналттай болгож үүгээрээ бүгдийнх нь гарыг “цэвэр” болгохоос эхлэх нь зөв биз.
.
П.Баярхүү /тоймч/