Галт тэргээ хөдөлгөсөн намрын өдрүүд
2013-10-07

Өнгөрөгч долоо хоногт улс орны амьдралд чухал ач холбогдолтой үйл явдлууд багагүй өрнөлөө. УИХ-ын намрын чуулган эхэлж, нийгэмд хүлээлт өгсөн Хөрөнгө оруулалтын хуулиа батлан гаргав. Ямар ч байсан гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн буцаан татах вэ гэсэн хүлээлтийг нэг тийш болгож галт тэргээ хөдөлгөлөө. Үл ойлголцол үүсээд байсан Оюутолгойн төслийн дараагийн шатыг эхлүүлэх анхны алхмаа манай шинэ ТУЗ-ийн гишүүд Лондонд очин эхлүүлж, 15 асуудлаар ойлголцолд хүрчээ. Энэ мэтчилэн хэлэлцэн шийдсэн, гарц олсон өдрүүд болж өнгөрлөө.

 .

Намрын чуулган

УИХ-ын намрын чуулган гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, 76 гишүүний 48 нь УИХ-ын намрын чуулганы нээлтэд хүрэлцэн ирэв. Энэ удаагийн  чуулганаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого зэргийг батална. 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах хэрэгтэй болж байна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо. Тэрбээр 2013 оны төсвийн орлогыг хэт өндөр тавьж баталсанаас орлого, зарлагын тэнцвэр алдагдсаныг тэмдэглэж энэ чуулганаар 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсныг онцоллоо.

Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэнэ.

.

Хөрөнгө оруулалтын “орох” дохио аслаа

Намрын чуулганы эхэнд хүлээлт үүсгэж байсан хөрөнгө оруулалтын хуулийг баталж гаргалаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд 90 орчим зарчмын зөрүүтэй санал оруулсан ба намын бүлгүүд ажлын хэсэг, байнгын хороод дээр нэлээн азнаж ажилласны эцэст хууль батлагдлаа. Төсөлд “Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгнөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин дээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамааран уян хатан болж.

.

Тодруулбал, тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох болсон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байх” хуучин хуулийн заалт энэ хуулинд дахин хадгалагдлаа. Ингээд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайд сүншиглэж баталдаг байсан хөрөнгө оруулалтын хууль энэ удаа дотоод талаа их бодолцсон онцлогтой хууль болон шинэчлэгдлээ гэж үзэж болохоор байна.

 .

Засгийн элч нар Лондонгоос ирлээ

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн мон­гол ги­шүүд Лон­дон хот­ноо бол­сон “Оюу­тол­гой”  ХХК-ийн хувь ний­лүүлэгч­дийн ху­ралд орол­цоод ирлээ. Тэд “Оюу­толгой төслийн II үе ша­тыг эхлүүлэхийн тулд нэ­лээд асуудал цэгцэлсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Очоод РиоТинтотой үл ойлголцож байгаа сэдвээ нэгтгэсэн чинь 30 асуудал жагссан гэнэ. Батлагдахдаа төгс төгөлдөр бөгөөд нэгэн зууны шахуу болсон гэж магтаад байсан гэрээ нь хэрэгжих шатандаа овоо асуудал дагуулж байгаа нь эндээс харагдлаа. Манай хэд Лондонд хурдан ойлголцож 15 асуудлыг тэр дор нь хэлэлцээд “ОК “ гээд л чагтлаад орхисон гэнэ. Үлдсэн 15 асуудлыг энд нутагтаа тоглолт хийж шийдье гээд түр завсарлуулаад ирсэн бололтой. Одоо араас нь РиоТинтогийн том том дарга төлөөлөгчдийн баг ирж манай талбайд тоглож 15 асуудлаа авахын төлөө тулах тов гарсан байна. Яг ямар 15 асуудал гэдэг нь хөзрийн нууц гэсэн тул нэг их ухаж төнхөхгүй байсан дээр биз. Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй ханддаг С.Ганбаатар гишүүн мөн өөрийнхөө байр суурийг илэрхийлж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрээр Рио Тинтогийн шахалтад орж Оюу­толгой ордоос манай улсын эзэмшиж байгаа 34 хувийг бүх­лээр нь зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч “За” гэж хэлэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай хэвээр байгаагаа илэрхийлжээ.

 .

С.Зоригийн хэргийг илэрнэ гэхэд итгэх үү

Монгол хүний саруул ухаанд итгэдэг байсан С.Зориг амиа алдсан өдрийг 15 дахь удаагаа дурслаа, гашуудлаа. Ордонд шатар нүүж байгаад гэртээ ирж хаалгаа тогшиход  нь  хутга барьсан алуурчид хүлээж байсан байдаг. Амьд үлдэхийн төлөө тэмцэл өрнөсөн байх. Гэвч алуурчид санаснаа гүйцэлдүүлсэн. Ийм цуст аллагатай хар өдрийг дурсан жил бүр жижигхэн хөшөөнийх нь өмнө том харуусал тээсэн ах дүү, анд нөхөд нь ард иргэдтэйгээ ирж зогсдог.

Улс төрийн захиалгат аллага гэж үздэг энэ хэрэг жил бүр бүдгэрсээр. Хэргийг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа л гэдэг. Гэхдээ энд, хэрэг ийм сэжүүртэй, тийм шатанд яваа гэдэг талаар иргэд олон нийт олж сонссон шинэ зүйлгүй 15 жил болж, алуурчин болоод захиалагч олдох болов уу гэж харсан хэвээр.

Дараа жил дахин цуглана, тэрний дараа жил, 50 дахь, 100 дахь жил...алуурчид олдохгүй л болов уу. Одоо олон нийт С.Зоригийн хэргийг илэрнэ гэдэгт итгэдэггүй гэж хэлбэл гайхах хэрэггүй юм. Гэхдээ ард түмэн саруул ухаандаа С.Зоригийгоо дурсан санасаар байх болно гэдгээ 15 дахь удаагаа нотлон цугларлаа.

 .

Хуульчдийн их хурал боллоо

Хуульчдийн холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн хэлснээр “хуульчид өөрсдийнхөө эгнээнд орох хүмүүсийг “төрүүлэх”-ээс эхлээд “үдэх” хүртэл бүхий л эрхийг шилжүүлж авсан байна. Мөн хуульчийн мэргэжлийн хариуцлагыг хэн тогтоох вэ, хариуцлагыг хэн тооцох вэ гэдгийг өөрсөддөө авсан. Тухайлбал, өмгөөлөгчдийн үйл ажиллагаа эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тухайн байгууллагын захиргааны байгууллагаас шийддэг байсныг Хуульчдын холбоо хэрэгжүүлэхээр болсон. Үнэхээр том эрх эдлэх нь эндээс харагдана. Товчхондоо, төр өөртөө хүлээн оролцдог байсан хуульчдын томилгоо, хуваарилалтын үүргээс татгалзаж энэ бүх эрхийг өөрсдөд нь шилжүүллээ. Энэ нь цаашид бусад мэргэжлийн байгууллагуудыг энэ мэт бие даалган өөрийгөө авч явах жишгийг тогтоох анхны алхам болсон гэж хуульчид дүгнэж байна.

.

Энэхүү чуулганаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг хэлэлцэн баталж Хуульчдийн холбооны зөвлөлийн гишүүд, Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулан, бүрэлдэхүүнийг батламжилжээ.

.

Нийгмийн эмч гэж нэрлэгддэг хуульчид ийнхүү чуулж шинэ орчинд ажиллах гараагаа тавилаа. Монголын нийгэм авилга хүнд суртал гэдэг хүнд ханиад хүрээд байгаа талаар бүгд л ярьж байгаа. Төрийн гар хуульчдийн хүрээнээс татагдсанаар энэ салбар тогтолцоо болоод чиг үүргийн хувьд зөв явж энэ хэрээрээ нийгэм эрүүлжихэд нөлөөлнө гэсэн хүлээлт олон нийтэд байна.

.

Ирж буй долоо хоног намуудын хувьд урьд хойчийн тойрог суудлын маргаанаа сөхсөн сөргүүлсэн байдлаар өрнөх бололтой. Увсын хоёроор нь салахгүй оролдоод байгаа АН-д хариу барьж Өвөрхангайн 2-ыг нь буцаан татуулах асуудлыг МАН-аас тавиад байгаа.

.

Гэхдээ эрхэм гишүүд Их хурлын даргынхаа захиж хэлснээр энэ мэт нам, тойргийн маргаанаа давуулж Намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцдэг хуультайг санаж, цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, хуулиудыг төлөвлөсөн хугацаанд нь хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулахын төлөө шамдан ажиллана гэдэгт итгэн хүлээе.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
qwerty89o:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-07
irgen tsetsegee:
ih hurlinhan huraldaandaa irehgvi yamar uchir baidag bnaa Uls orni asuudal yaaj sain boloh be dee. jaahan ichdeg baimaar wm. Hereb morini. uraldaan bsan bol yaaj goej ochih bsan boloo!!!!!!!
2013-10-07