Бал сарын амлалт
2013-10-03

Гүйцэтгэх засаглалд сануулга хийгээд хариуцлага шаардсан мессеж нам дотроос нь болоод гаднаас нь нисэх боллоо.

Нам дотроос нь жигүүр ургаж шаардлага хүргүүлэгчдийн хувьд бол Засгийн газрын үйл ажил гэхээсээ нам доторх “намчирхал” талдаа илүүтэй буюу гишүүдээ гээхгүй мартахгүй байх гол мессеж дээр анхны гортигоо татаж байна. Үүнийх нь цаана фракц бүлэглэлийн “луухрууд” дараа дараагийн хийх мэдэгдэл шаардлагыг нь авторлож цааш томрох масштабыг нь зурж өгч байгаа гэсэн яриа ч явж л байна.

.

Нөгөө талд сөрөг хүчин болоод ард иргэд Засгийн газраас жилийн өмнө, шинэхэн байхдаа өгсөн бал сарын амлалтаа биелүүлэхгүй байна гэж шахаж эхэллээ. Сонгуульд ялж төр барих эрх авч, баяр хөөртөө бялуурсан Засгийн газар одоогоос жилийн өмнө Засгийн газрынхаа 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр тунхаглан гаргаж УИХ-аар батлуулж байлаа.

.

Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон, Хүний жам ёсны заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон,  Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн, Иргэд, олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан,  Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан ...ИЗНН-ын амьдрал хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрөөс  сорчлон авсан энэ хөтөлбөрт нь олон зүйлт зорилтууд туссан. Ажил орлоготой Монгол хүн, Эрүүл Монгол хүн, Шинэ Улаанбаатар гээд өргөн хүрээнд, эхлүүлсэн ажил, гарааны бүтээн байгуулалт байгааг үгүйсгэж тас хараар будах гэвэл шудрага бус болно.

.

Засгийн газрын энэхүү хөтөлбөрт зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах, орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжих, барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох, экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх, хилийн боомтын шинэчлэлийг хийх гээд маш урт амлалт, зорилтын багана  жагсана. Тухайн үед сонгуульд ялсан баяр хийгээд төр барих эрх мэдэл гарт орж ирсэн цагт юм юмыг л хиймээр болж, зарим нэг далайцтай ажил байтугай амжихгүй ажлыг амалж хөнгөддөг зан аль ч Засгийн үед гардаг л авир, ааль. Шинэ Улаанбаатар төслийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, уулзвар төслүүд ажил болж эхэлсэн байгаа.Гэхдээ Засгийн газрын одоогийн үйл ажиллагаанд харах, алдсан бүдэчсэн алхмууд багагүй байгаа.

.

Хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа баримтлана гэж заасан зарчмууд нь маш их гажуудаж байгаа байдал өнгөрсөн нэг жилийн хугацаанд олонтаа харагдсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагыг өсгөхгүй, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах, улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг хоёр хувиас илүүгүй байлгах, цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх зэрэг зарчмын амлалтууд гээгдсээр байна. Цалин, тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх, мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлэх, түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулна гэсэн байдаг. Дулаан, цахилгааны суурь үнэ энэ намраас нэмэгдсэн. Дөнгөж саяхан зарим компаниуд шатахуунаа 50 төгрөгөөр нэмэгдүүлж, хязгаарлалт тогтоож иргэдийг айлгалаа. Үнэ нэмэхгүй гэж өчнөөн 100 саяын хөнгөлөлттэй зээл авсан нэг компани гэрээгээ зөрчиж үнэ тарифаа нэмэхэд Засгийн газар дуугарч чадсангүй. Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа. Хариуд нь салбарын сайд нь нэг даргынхаа томилгоонд илүү анхаарч ажиллалаа. Доллар 1700 төгрөгт хүрч бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Цалин тэтгэвэр нэг “цент”-ээр ч нэмэгдсэнгүй. Магадгүй хөтөлбөртөө тусгасан ёсоор мэдэгдэхгүйгээр цалин нэмээд байгаа байх гэж өөдрөгөөр бодьё.

.

Засгийн газар 4 жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөр амлалтыг биелүүлэхийн тулд Чингис бондыг босгосон. Энэ мөнгөөр батлуулсан хөтөлбөрийнхөө хүрээнд олон ажил бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа. Барилгын салбар, зам дэд бүтэц хөгжлийн бүсчилсэн төвүүд, аймгуудыг холбосон зам гээд яваандаа үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт багагүй хийгдсэн гэдгийг бид харж байна. Их ч мөнгөөр сайн ч сурталчилж байна. Ингэж их сурталчлах хэрэг ч байгаа юм уу даа.

.

Чингис бондын мөнгийг Норовын хүү Алтанхуяг аваад идчихээд байна гэж хэн ч хардаагүй. Нэг жил юу ч хийсэнгүй ч гэж зүхээгүй. Харин Ерөнхий сайд болоод түүний нөхдийн бүтээн байгуулалтын цаг гэх хурал хийгдэх 7 хоног бүрээр өртөөлөн, амьжиргаа хүндрээд, гарлага нь ихсээд байгаад иргэд гайхаж бухимдаж байна. Шинэчлэлийн засгийн газар нэг жил илүү боллоо. Одоо бал сарын амлалтаар чихээ баярлуулж, тархиа угаалгаж амьдармааргүй байгаагаа иргэд хэлж байна.

.

Эдийн засгийн өсөлтийн өөдрөг гэгээтэй мэдээ, их бүтээн байгуулалтын нүргээн тань иргэн Доржийн талхны зүсмийг нэмэгдүүлэхгүй байна, Ерөнхий сайдаа.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Амар:
Алтанхуягийг ерөнхий сайдын албанаас буулгах нь зөв ажил хийхгүй ярихаас хэтрэхгүй байна
2013-10-04
snooker:
Анх сонгохдоо бодох асуудал.. Бидний оролцоо дараагийн удаа Алтанхуягийг сонгохгүй байх...Энэ бол ардчилал...Бүгд сонгосон бол хүлээн зөвшөөрөх...Үүнийг чинь л ардчилал гээд байгаа болохоос яг чиний юу хүсэж байгаа чинь бусдад падлийгүй...
2013-10-04