Төрийн түшээд хуучин тооллоор морин цагийг товлож, намрын чуулганаа нээх гэж байна. Энэ нь ёс заншлаа дээдэлж, бэлгэдлээ бодолцсон хэрэг биз. Харин намрын чуулганыг улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал талаасаа З.Энхболдын ангийнхан таагүй уур амьсгал дунд угтан авч байгаа нь хэнд ч тодорхой. Ядаж байхад эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаад үр дүнд хүрээгүй. Ер нь хатуухан хэлэхэд эдийн засгийн хүндрэл, ард түмний бухимдал дээр энэ ангийнхан улс төрийн “тоглолт” хийсээр ээлжит бусыг өндөрлүүлсэн.
.
Ээлжит бус чуулганы хугацаанд 76 гишүүн 100 хувийн ирцтэй хуралдсан удаа байхгүй. Ирцийн дүн дээд тал нь 70 хувьд л хүрч байсан байх. Ирц бүрдүүлэн суугаа хэдэн гишүүд нь микрофоны эрх авсан үедээ хөмсөг зангидан, харцаа хурцалж, дуугаа өндөрсгөж ирээд л хэлэлцэх асуудлаасаа гажин, ард түмний нэрийг барин тэс хөндлөн зүйл ярьж цаг барна. Уг нь УИХ-ын даргын захирамж гарч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван хуулийн төсөл, дагалдах хуулиудыг нь хэлэлцэхээр төлөвлөсөн байлтай. Гишүүдэд хэвлэлийн хурал зарлаад байнгын хороо, чуулганы хуралдаанаас гадуур ард түмнийхээ төлөө дуугарах эрх нь нээлттэй байдаг шүү дээ. Ганц нэг хуулийн төсөл санаачлан хэвлэлийн хурал хийж байгаа гишүүд нь эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах асуудлаас зайлсхийн Өршөөлийн тухай, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эгүүлэн татах тухай гээд мөн л цаг үеийн бус хуулийн төслийг оруулж ирэх нь үнэхээр хачирхалтай.
.
Манай үе үеийн төрийн түшээд “цаг барьдаггүй” муу зуршилтай. Энэ нь ээлжит бус чуулганы үеэр ч харагдсан. Тиймээс намрын чуулганаар З.Энхболд дарга ангийнхаа цаг барьж сургах ажлаар эхэлбэл ямар вэ? Товлосон цагаасаа хоцорч ирээд, түрүүлж явдаг нь эрхэм түшээдийн гэм бус зан шүү дээ.
.
Намрын чуулганы нээлтээ хийгээд УИХ дахь бүлэг, байнгын хороод хуралдана. Уг нь бүлэг, байнгын хороод өчигдөр хуралдах товтой байсан мөн л хугацаа алдсан. Ер нь улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарч, гадаад өр 15.3 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш 1700 ам.долларт хүрсэн энэ үед сэтгэл амар, магнай тэнэгэр наргиж цэнгээд явч байна гэдэг ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний эрхэмлэх шинж мөнсөн бил үү. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч улсын сан хөмрөгийг улайлгачихгүйхэн, надад эрхийг нь олгосон хэмээн Засгийн газрын бонд гарган зээл тавиад л яваад байна. Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас гадна саяхан Япон улсад айлчлаад ирэхдээ 600 сая ам.долларын “Самуурай бонд”-ын зээлжих авч, тун баясгалантай байгаа. Ерөнхий сайдын ч зөв л дөө, улсын дансыг улайлгачихгүй бол бүрэн эрхийн хугацаандаа ямар ч хамаагүй аргаар зээл авч байх зарчим нь. УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх олгосон. “Одоо 3,5 тэрбум ам.доллар үлдсэн. 600 сая ам.долларыг Японоос зах зээл дээр босгох гээд байна” хэмээн Засгийн газрын тэргүүн хэлж байсан. Тэрбээр удахгүй урд, хойд хөршид айлчлахаар бэлтгэлээ хийж байгаа, бас л бонд босгоод ирэх вий дээ. За, гүйцэтгэх засаглалыг хардаж суухаар хууль боловсруулагчдын асуудалд эргэж оръё. Намрын чуулганаар 2014 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг голлон хэлэлцэнэ. Ирэх жилүүдэд орж ирэх хөрөнгө оруулалтаа “мөрөөдлийн жагсаалт”-аар л бүү дүүрэгчихээсэй билээ, өнөө жилийн алдаагаа давтчихгүй юмсан.
.
Юун түрүүн ээлжит бус чуулганаас шилжүүлсэн таван хуулийн төслөөс эхний ээлжинд Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл тэдгээрийг дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль хэрхэн батлагдахаас тасалдаад байсан хөрөнгө оруулалтын урсгал наашлах эсэх нь шалтгаална. Зарим улстөрчид энэ хуулиас хөрөнгө оруулагчдыг дэмжсэн зүйл харагдахгүй байна хэмээн шүүмжилж байгаа бол зарим нь хөрөнгө оруулагчдын өмнө хошуу дэвсэхгүй, хуулиа чангалж, босгоо өндөрсгөх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байна лээ. Хөрөнгө оруулагчдаа татаж байж эдийн засгийн хүндрэлээс гарах гарцаа нээнэ гэсэн хандлага нийгэмд давамгайлж байгаа. Цаашлаад Урт нэртэй болон Алтны худалдааны ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр ч хөрөнгө оруулагчид чих тавьж байна. Гэхдээ энэ хуулийн төслүүдийг түргэвчлэн батлах нь юу л бол. Энэ оны төсөвт тодотгол хийж, зардлаа танах, ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг яаралтай хэлэлцэхгүй бол хуулийн хугацаатай. Ийнхүү хэлэлцэх асуудал шил шилээ даран гишүүдийг угтлаа. Иргэд ч ээлжит бус чуулганаар итгэл алдсан гишүүддээ намрын чуулганаар нааштай шийдэлд хүрэх болов уу хэмээн найдвар тавин харж байна даа. Түмний итгэлийг даах ухаан төрийн түшээдэд маань ч байгаа гэж найдъя.
.
Н.Энх
Уншиж байна |