Чуулганы өмнө цугларсан асуудал
2013-09-30

Монгол Улс дотоодын зах зээлд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнийхээ 80-90 хувийг импортоор оруулдаг. Үндэсний статистикийн гаргасан судалгаагаар өнгөрсөн долоон сарын байдлаар Монгол Улс 3685 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 2353 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон тухай тоон мэдээ цуглажээ.Монгол руу дотогшлох валютын урсгал, гадагшлах валютын урсгалын хоорондын зөрүү нь ам.долларын өсөлтөд өөрийн нөлөөллөө үзүүлсэн гэж хэлж болно. Одоогоороо экспортын 80 хувийг эзэлдэг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд уруудаж, хэдэн доллар даллалдаг уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалт эрс буурсан таагүй байдлын манан цэлмээгүй байна.

.

Улс орны эдийн засаг хүндрэхэд иргэдийн амжиргаанд шууд нөлөөлдөг болсон нь харагдлаа.Долларын ханш 1700 төгрөг давж, огцом өснө гэдэг аюултай үзэгдэл болсон.Одоо амдоллар ханш буурч байгаа талаар ам уралдан сурталдаж байгаа ч энэ нь бодит бууралт гэдэг нь эргэлзээтэй.Учир нь хөрөнгө оруулагч нарыг хуйлруулах хөрөнгө оруулалтын шинэ хууль хараахан батлагдаагүй байна.

.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын хуулиуд нуруу амар байсангүй гэхэд болно.

10- д жил чуулган дамжин, төр солигдох бүрт ,хөрөнгө оруулалтын хуулиуд хэн нэгний таалалд багтахын тулд  “мэс ажилбарт” орсоор ирэв.

.

Гадаад оронд хөрөнгө оруулалтыг татахын тулд эрх зүйн орчинд хийдэг бүхэн манайд эсрэгээрээ явж ирсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хууль эрх зүйн орчин нь тодорхой ,тогтвортой байх зэрэг хөрөнгө оруулалтын  суурь зарчмууд нь манайд урвуугаараа явж иржээ.Улс төрийн хүчнүүд Засгийн эрх авангуутаа халаад өмсөн, ханцуй шамлан хөрөнгө оруулалтын хуулийг барьж аваад  гэдэс дотрыг нь хольж хутгаж эхэлдэг. Ийн гадаадаас урсах хөрөнгө мөнгөний урсгалын голдрил болсон хуулиараа хэтэрхий их оролдож ирсний муу үр,модон улаагаар бидэнд юу үлдсэн билээ.

.

Оюутолгойн бүтээн байгуулалт зогссоноор хөрөнгө оруулалтаас орж ирэх доллар гэдэг нь” ТЭГ” заачихаад байгаа нь нэг том асуудал. Одоогийн хуулиудыг нэг мөр батлагдах хүлээлт нь хөрөнгө оруулалтын тушаа болсон хэвээр байна.

.

1.5 тэрбумийн /10 сая орчим доллар/ хөрөнгө оруулсан гадаад, дотоодын компаниудад одоо мөрдөж байгаа татварын болон хуулийн орчин тогтвортой үйлчилнэ гэсэн нь хөрөнгө оруулалтын шинэ хуулийн гол үзэл санаа.Хэлэцүүлгийн явцад 3-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн орчин бий болж байна.Энэ хуулийн гол давуу тал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан шиг “эхний таван жилд татвараас чөлөөлнө, ашгаа нөхсөний дараа ноогдол ашиг авна” ч гэдэг юм уу элдэв хөнгөлөлтүүд байхгүй.Мөн энэ хууль батлагдвал хөрөнгө оруулагч тал аль нэг Засгийн газар, сайдаас зөвшөөрөл авах гэж авлига өгөх, лобби хийх шаардлагагүй болно гэсэн үг.Дээрх гадаад дотоодын компаниуд адил тэгш нөхцөлд татварын таатай нөхцөлд байх нь хуулийн гол үзэл санаа.

.

Үзэл санаан дээр нэгдсэн бол  нэг зүгт хөдөлгөх сэлүүрийн бариулаас хамт атгалцан урагшлах ёстой.Харин эдийн засаг хүндэрсэн энэ давчуу зай,тулгараад байгаа том шаардлагын дунд  тоглолт хийж аливаа асуудлыг гацаах,байн байн завсарлага авах зэрэг  улс төрийн тоглолт бага хийхийг намууд эрмэлзэх ёстой байх.

.

Өнгөрсөн ээлжит бус чуулганаар та бүхний нийт хийсэн хэлэлцүүлгийн 60-70 хувь нь хуулиасаа хазайсан яриа цэцэрхэл, хэрүүл хэлэлцүүлэг байсныг хэлмээр байна.Ямар их улс төржилт,хувийн амбицууд хэлэлцүүлгийн голоор чихэлдэж байдаг нь эндээс харагдана.

.

Улсын төсөв алдагдалтайгаас томоос том цоорхой гарсан, Оюутолгойн бүтээн байгуулалт зогссон,долларын ханш өссөн,бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн амжиргаа хүндэрсэн,өвөл хаяанд ирсэн гээд чуулганы өмнө цугларсан асуудал их байна.

.

Өнгөрсөн үеийн эрх баригчдын бичилбэр болгон үлдээсэн алдааг энэ чуулган,засгийн газар дахин давтах эрхгүй.

.

Бэлэн мөнгөөр иргэдийг угжиж популизм хийж,улсаа өрөнд оруулж хойч үеээ дарамтад оруулсан алдаагаа засахын тулд энэ чуулган урьдын урьдынхаас илүү хариуцлагатай,бас нэгдмэл байх ёстой.Ийн өнгөрсний алдааг энэ чуулганаас нэхэх нүүр ард түмэнд байгаа.Учир нь өнгөрсөн гэх тэр алдааны заагт багтаж төр барилцсан эрхмүүд ,амлагчид, төрийн нэрээр өр тавигчид, МАН,АН-ын хуучин эрх баригчид,төлөөллүүд 90 хувийн ирцтэй энэ чуулганд буцаад ирчихсэн сууж байгаа.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
henii daalgavaraar ve?!:
Aldaa onoogui ajil gej baihgui. aldaag het devergej bichih ni hend ashigtai ve? Henii zahialgaar yunii toloo uniig bichiv ee ooriigoo toimch gej tomroh P.Bayarhuu gej hen ve? Ilt guivuulj devergej bicheed N.Enhboldoos yu avsan ve? Altanyuyaga tand yu amarsan vE?!
2013-09-30