![kundalini_practice](http://static.shuud.mn/uploads/2013/09/kundalini_practice.jpg)
Энэ бичлэг маань ямар нэг эдийн засгийн онол номлол өгүүлэхгүй гэдгийг юун түрүүн хэлье. Амралтын өдөр, ямарч эдийн засаг гэх мэт материаллаг хүчин зүйл, нөлөөлөлд авталгүй тархи амар байх орон зай байна уу гэсэн жижигхэн эрэл юм.
Ерөөсөө эдийн засаг гэж орчуулдаг “экономи” гэсэн үг анхнаасаа эртний Грекээс гаралтай үг бөгөөд гэр бүлийн хууль гэсэн утгатай ба үүгээрээ олдсон орлогоо хуваалцах гэсэн ойлголт ажээ. Манайд энэ нь нэлээн гажуудаж гэр бүлээрээ хуваалцах биш ганцаараа орлого олох гэсэн утгатай улстөрчдийн бий болгосон гаж эдийн засаг болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Тохирсон ёсоор эдийн засгаас зайлсхийж, тархиа амраах орон зайг хайцгаая.
Эдийн засаггүй өдөр гэж тэгээд байна уу. Энэ өдөр бол хагас бүтэн сайн буюу weekend биш. Хоол ундаа базаах нөөцлөх, байр орноо цэвэрлэх угаалга хийх, саван угаалгын нунтаг ихээр авах гээд харин ч нэг эдийн засагчсан өдрүүд бол энэ амралтын хоёр өдөр байх. Зарим нэг маань баасан гарагийн шоу ихэдсэнээс хэтрүүлж цацсан мөнгөө бодоод бүр ч тайван бус болсон ч байж магадгүй. Эдийн засаггүй өдөр гэдгийг аливаа зүйлд, мөнгөнд огт санаа зовохгүй болсон байх ганц өдөр гэж ойлгож болох уу. Маш их доллар сугалаанаас хожсон азтай тэр өдөр... бас биш.
Магадгүй та хорвоод мэндэлсэн эхний өдөр эдийн засаггүй ганц өдөр чинь байсан байж болох уу. Биш л санагдаад байна. Энэ өдөр та аль хэдийнэ эдийн засгийн харьцаанд орсон байна. Мөхөс бодлоор бол таныг төрүүлэхийн тулд эмнэлгийн үйлчилгээг авч эхэлсэн ч юм уу, үгүй ядаж танд зориулж өлгий авсан л байж таарна.
Тэгэхээр эдийн засаггүй нэг өдөр байтугай, нэг хором байна уу. Таныг өдөржингөө унтаж байхыг эдийн засаггүй өдөр гэж бодож болох уу. Ажлаа алдаж унтах гэдэг бөөн асуудал үүсч байгаа гэсэн үг. Тэгэхээр биш. Асуудал их л болоод байна гэдэг чинь явсаар эдийн засгийн л асуудал бий болох юм. Ер нь эдийн засаггүй нэг бүтэн өдөр байтугай цаг хором байх боломжгүй мэт байна. Бид аливаа нэг газар нутаг дээр, хоорондоо салангид маягаар амьдарч буй нийтлэг сонирхолгүй, зорилгогүй, нийтлэг үйл хэргээр хоорондоо холбогдоогүй, хөдөлмөрийн идэвхигүй, уламжлалгүй, эдийн засаггүй, соѐлгүй гэх мэтээр тодорхой тооны тархай бутархай хүмүүс биш. Тэгэхлээр нийгэмд амьдрахын тулд хүмүүс та бид бүтээгдсэн гэж ойлгох юм. Тэр нийгмийн амьдарлын хэлхээг бий болгогч нь эдийн засгийн хамаарал.
Ертөнц эдийн засгийг тооцоо томъёо, ухаалаг төлөвлөлт, гарамгай хүмүүсийн мэргэн ухаан төдийд ойлгохоо хэдийнэ больсон гэнэ. Эдийн засаг бол энгийнээр хэлэхэд, талхны тухай ухаан юм. Эдийн засаг бол тоо, тооцоо гэхээсээ нийгмийн гишүүдийн харилцаа, тэдний хүсэл мөрөөдөл, сэтгэлгээний загвар, дадал зуршил, хэвшлийн биелэл, үр дvн байдаг. Энэ мэдээж бол миний үг биш эдийн засаг мэддэг хүний онолын үг.
...Эдийн засаг хэрхэн яаж хөгждөг, өсөлт, өөрчлөлт юунаас үүддэг зэргийг судласан эрдэмтэд өнөөдөр нэгэн дүгнэлтэд хүрсэн гэнэ. Иргэдийн эдийн засгийн сэдэл, үнэлэмж, эрмэлзлээс улс орны эдийн засаг шууд хамааралтай. Мөнгөний нийлүүлэлт, хуримтлалаас эдийн засгийн өсөлт шалтгаална (Харод Домарын загвар), хөрөнгө оруулалтын өсөлт, хөдөлмөр, технологийн шинэчлэлээс хамаарна (Солоугийн загвар) гэх зэрэг үзлүүд үеэ өнгөрөөж “хүний капитал” буюу иргэдийн амьдралаа дээшлүүлэх сэдэл, баялаг бүтээх чадамжаас хамаарч байна гэдэг нь улам бvр тодорхой болж байна... гэжээ.
Энэ сэдэл байхгүй болсон цагт л бид эдийн засаггүй өдрийн тухай ярьж болох. Гэтэл жирийн сэтгэхүйд байгаа мөч бүрт та эдийн засгийн нэг тал болсоор байгаа гэсэн үг. Та хэзээ нэгэн цагт ямар нэг зүйлд огт санаа зовохгүй байж үзсэн үү. Өөрөөр хэлбэл, та “ухамсарлалгүй оршихуйд” байж үзсэн үү гэсэн асуулт. Таныг зогсоо зайгүй ямар нэг зүйлд санаа зовниулж, ингэ тэг, тэгэх юмсан, ингэх юмсан гэж сэтгэл санааг тань албадан ятгаж, зогсолтгүй чалчих “ухамсраа” ганц хором “Off” товчлуур дээр нь дарж зогсоож чаддаг бол та хүссэн үедээ эдийн засаггүй, дарамтгүй амар амгаланд оршиж чадах юм байна.
Нийгмийн онол талаасаа бол нийгмийн институциудээс олонхид /иргэдэд/ эдийн засгийн сэдлийг бий болгож хөшүүрэгдэх ёстой. Ингэснээр бид эд баялгаа нэмэгдүүлэх сайхан амьдрах хөшүүргийг авч, биенес эрхэлж, өөр хоорондоо өрсөлдөн баялаг хийгээд ашгийг бий болгох юм. Харин та оюун санааны бясалгал хийж, үргэлж ямар нэг зүйлд таныг албадаж зүгээр байлгахгүй тамлаж байдаг ухамсрыг нэг хором ч болсон хянаж, зогсоож чаддаг бол та амар амгаланг хүртэж, хязгааргүй мэт амьдарлын боолчлолоос түр хөндийрч чадах их тохиолын эзэн болж чадах юм байна.
Үүнийг ОШО гэх хүн сургамжилж хүн төрөлхөнтэй хуваалцсан байна. Түүний ухамсарлахгүйгээр орших, амар амгаланг товчдоо эдийн засаггүй нэг өдөр, нэг цаг хором гэж авч үзэх нь бидэнд энгийн ойрхон бууж болох юм.
Бид энэ орчлонд өөрийгөө ажиглаж, оюун санааны их сансарт бясалгалаар аялж чадах хувьтай, амар амгалан байх боломжийг агуулсан цор ганц бодгаль гэсэн шүү. Гэхдээ энэ боломж хүн бүрт адил тэгш байгаа ба хүн бүр өөрийн арга билгээр хүрдэг гэнэ лээ. Завтай бол амралтын энэ өдрүүдэд тэр ОШО-гийн номыг нэг нээж хараад нүдээ аниад бясалгах гэж оролдоод үзээрэй гэж зөвлөх байна. Магад энэ оролдлогоор өнөөх зогсоо зайгүй чалчиж байдаг “ухамсар” гуай хором төдий ч чимээгүй болж, та өвөрмөц тайвшралыг мэдэрч магадгүй. Эндээс та эдийн засаггүй нэг цагийг биш гэхэд нэг хормыг бас мэдэрч магадгүй юм.
...Алхаж гишгэж явахдаа идэж ууж ажиллаж байхдаа сэрүүн байх мөч бүртээ өөрийгөө гэрэл хэмээн ямагт санаж яв... Зүрхэнд чинь бамбар асч бие чинь тэрхүү асах галын гэрлэн бүрхүүл гэж мэдэрч яв. Үүнийг дүрслэн төсөөл: Зүрхэнд чинь гал бадамлан асч байна, бие чинь ердөө тэр галын гэрэл ухаан бодолдоо энэ дүр зургийг гүн гүнзгий буулган ав. Шингээж ав. Үүнд хугацаа хэрэгтэй... гэвч байнгын бодоод төсөөлөөд мэдрээд байвал хэсэг хугацааны дараа та үүнийг өдрийн турш санаандаа тээгээд явж чаддаг болно. ОШО. Гэрэлт зүрх.
П.Баярхүү /тоймч/