Нэг жилд зөвхөн эмчилгээний ангиар 300-350 оюутан ЭМЧ мэргэжлээр гэж төгсч байна гэнэ. Цаана нь эм зүйч, мэс засал энэ тэр гээд зөндөө оюутан байгаа гэж бодохоор жилд 1000 тогтохгүй цагаан халаадтай бурхны элч дипломоо өвөртлөн төгсч, манийгаа эрлэгээс аврах тангаргаа өргөөд ажилдаа ороход бэлэн болдог байна. Ийн төгсөөд ажлын байр, чагнуурын эрэлд гарсан шинэхэн эмч нарыг шингээх газар тийм их байхгүй бололтой. Үндсэн ангидаа 6 жил сурч байж нэг юм амьдралын замаа хартал ажил байхгүй байдаг гэж анагаахын нэг оюутан хууч хөөрлөө.
.
Харин нөгөө талд нь эмч ажилчдын орон тоо нэмэгдэхгүй байгаагаас нэг эмчид ногдох ачаалал ихэсч, энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг тухай мэдэгдэл гарсан байх юм. Жил бүр 1000-1500 шинэ эмч оюутны ширээнээс гарч байхад нөгөө талд эмчийн “хомсдол” болж байна гэнэ. Орон тоог нь нэмж, эрүүл мэндийн салбарт төрөөс өгдөг төсөв зардлаа нэмэгдүүлэхгүй бол гаж гэмээр боловсон хүчний “илүүдэл”, “хомсдол” хоёр эмнэлгийн салбарт бий болсон бололтой.
.
Анагаахын оюутнууд дадлага хийх “Бааз” эмнэлэг байхгүй болоод удаж байгаа гэнэ. Оюутан охины ярьснаар “аймаар олон оюутан” дадлага хийх эмнэлэг байхгүй, хэдэн эмнэлгүүддээ дадлага хийхээр очих нь тийм хүсмээр зүйл биш. Учир нь дадлага хийхийг гуйсан оюутнууд гэдэг эмч нарт ад үзэгдсэн загнуулсан, цагаан халаадтай хэсүүчлэгчид болж байгаа бололтой. Ийм байхад анагаахын сургалтын чанарын тухай ярих бол хойно тавигдах дэд асуудал болсон гэж ойлгогдож байна.
.
Өнөөг хүртэл Монгол эмч нарын тэр дундаа мэс засал нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг боловсрол ур чадварт иргэд эргэлзэж байгаагүй. Дэлхийн түвшний эмч нар монголд ажиллаад буцахдаа манай эмч нарын мэргэжлийн ур чадварт өндөр үнэлгээ өгөөд буцдаг гэдэг.
.
Харин одоо бол энэ бахархлын залгамж нь тасарч байгаа юм шиг байна. Жил бүр тоо нь өсч буй анагаахын оюутныг дадлага хийлгэж, мэргэжлийг нь гарт нь оруулж, чихэнд нь суулгадаг практик хийх бааз эмнэлэг байхгүй гэж байна. Тэгэхээр анагаахын оюутан юу хийж 6 жилийг нугалах болж байна даа. Суурь хичээл химийн томьёогоо хүрд шиг цээжилж, лекцээ сайхан буулгаад, диссартацаа бичсээр “Истори” буюу өвчний түүхээ нэг аятайхан хөтөлчихдөг “яахав дээ” эмч мянга мянгаараа хонхны баяраа хийж байгаа юм байна.
.
Энэ салбарын оюутнууд бусдаасаа онцлог. Харьцангуй урт хугацаанд, өндөр өртөг зардалтай сурч хүний эрхэм баялаг болсон эрүүл мэнд амь нас, сэтгэл зүйг барьж ажиллах “амьд бурхдууд” болох учиртай. Хэчнээн бааз тааруу ч сайн сураад дориун эмч болоод гараад ирлээ гэхэд ажлын байр шууд утгаараа бол байхгүй. Улсын эмнэлгийн хувьд төсөв мөнгөндөө баригдаад шинээр эмч авах гэдэг тун “чухал” нөхцлүүд шаардсан, шивнээтэй, түлхээстэй ярьж байж хийдэг ажил. Хувийн эмнэлгүүд бол тодорхой, хэрэгтэй эмчээ л авна. Тэгэхээр танил тал, татаа сугалаагүй шинэ эмч нарт хөдөө талыг зорьж хүн ардынхаа төлөө зүтгэх нэг ариун зам нээлттэй үлдэж байна.
.
Хүн бүхэн хот руу явж байхад сөрөөд хөдөөг зорьж байгаа нь магтууштай болоод дэмжүүштэй. Гэтэл тэр хөдөөд нь гэрийн бараа харахгүй их ажил ачаалал, хоёр төлөг авч хүрэхгүй цалин хүлээж байдаг байна.
.
Энэ жил Анагаахыг төгсөөд хөдөө нутгаа зорих гэж байгаа оюутан өөрийгөө ингэж тодорхойлсон юм. “...Би онолд бол маш сайн, практик бол бараг хийсэнгүй. Гэхдээ амьдрал өөрөө практик юм чинь тэгээд сайн эмч болох байх аа. Хөдөө эмч их нэр хүндтэй гэсэн. Хотод байдаг шиг хүн амьтан гоочлоод шүүмжлээд байдаггүй юм билээ. Амар, хөдөө хэдэн жил ажиллаж байгаад ирээд дахиад нарийн мэргэжлээр сурнаа... Ер нь цөөн тооны оюутан авч чанартай төгсгөөд баталгаатай ажлын байр, өндөр цалин өгдөг болмоор юм билээ дээ. Тэгэхгүй бол сулхан эмч нар мянгаараа төгсөөд бааранд бармен болж байна ш тээ...” Энэ яриа олон санааг хэлж байна. Оюутан байхдаа хийж чадаагүй практикаа, хөдөө сумын үг хэл зарга хийдэггүй ард ард иргэдэд хийж гүйцээгээд 2 жилийн дараа жинхэнэ эмч болох бодолтой юм байна гэсэн ёж гаргалгаа ч бууж байна.
.
Анагаахыг анхаарахгүй бол болохоо больжээ. “Таныг нэг чагнаадах уу” гэсэн диплом өвөртөлсөн “дадлагажигч” эмч нар их болж байгаа юм байна. Нэгдсэн эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд бүгд адил дүүрэн чирэгдэл, дугаарласан, хямарсан хүмүүс. Эмнэлгийн дотор нь эмч ажилчид цөөхнөөс үүдсэн ачаалал стресс ноёрхох бол, гадна нь өргөдлөө бариад ажил хүлээх эмч нарын дараалал төгсгөлгүй.
.
Нүсэр бүтэц, сул зардал ихтэй, сайдаасаа эхлээд бүх дарга нар нь эмчээсээ хэд нугалсан цалин орлоготой, хувийн эмнэлэг бизнесээрээ бэнзийсэн байх бол, доор тасагт ажил нугалдаг эмч нар нь бүсээ чангалан зүтгэж, цалингаа нэмэхийг гуйж царайчилна. Ийм нэг Эрүүл мэндийн салбар байна. Энэ “Анагаахыг анагаах” цаг үнэхээр болсон байна аа, Сайдаа.
.
П.Баярхүү /тоймч/