Нийгмийн даатгалын сангийн мөнгө гэж хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй асар өндөр тоо бүхий мөнгө байх юм. Жилдээ хэдэн их наядаар тоологдох их хэмжээний мөнгө. Төр оршихуй дор татвар буй гээд далайлгаж ирээд л мануусын цалингаас ирээдүй хөгшрөлтөд нь чинь зориулж байгаа юм гэж панаалдаж байгаад л авна. Нэрийн данс гээд баахан толгой эргүүлж байгаад энэ мөнгөө тэтгэвэрт гарахаараа бөөнөөр нь авч болно гээд л татчихна шүү дээ. Тийм л юм байх даа гээд л үг дуугүйхэн төлнө. Гэтэл тэр хурааж хуримтлуулж байгаа асар их мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихно.
.
Ноднин ҮЭ-ийнхэн сурагласан сохор зоос ч байдаггүй юм билээ. Өмнө нь ч сураглаж л байсан бас л яасан ийсэн нь мэдэгдэхгүй алга болчихдог юм билээ. Нийгмийн даатгалд өгсөн татварынхаа мөнгийг сураглатал эгээ л нийгмийн дайсан болчихсон мэт юун сүртэй юм гэсэн маягтай хариуг Засаг өгөөд байхаар хэнд юунд ийм мөнгө сар бүр цалингаасаа өгөөд байдгаа ойлгоход бэрхтэй санагдана. Лав л маньд биш. Тэр мөнгө тэтгэвэр тэтгэмжинд зарцуулагддаг гэх юм билээ. Тайлан тооцоог нь шалгаж нягталдаг нөхдүүд гэж байна уу гээд сураглахад бас л байхгүй. Тэгсэн хэрнээ л хөгшрөхөд чинь өгнө гээд нөгөө л хариултаа хэлнэ. Ийм нийгмийн даатгалын тогтолцоо хол явах уу.
.
Нийгмийн даатгалын ч биш бусад даатгалын тогтолцоо яг л ийм маршрутаас явсан мянга мянган татвар төлөгч хохирсоор удлаа. Эд хөрөнгө, амь нас, автомашин, үл хөдлөх хөрөнгө өөр юу ч байдаг юм даатгуулна хохирлоо бүрэн гаргуулна гэж даан ч үгүй. Даатгал бол даатгал шүү дээ. Хохирсон л бол бүрэн хохирлоо авч байх ёстой. Даатгалын ийм балиар системээс болж хөрөнгийн эзэн нь ч даатгуулагч нь илэрхий хохироод даатгуулагчид мөнгө угаагаад баахан ашиг олоод л өнгөрч байна.
.
Бусад даатгалыг больё гэхэд нийгмийн даатгалын системийн тухай жаахан үг хэлмээр санагдана. Энэ даатгалын сан дампуураад бараг үгүй болсон нь илэрхий. 90 оны шуурганаар хэлмэгдсэн нөхдүүдийг үнэгүй даатгаж байна гэж байна. Хүмүүс даатгуулж байна аа. Үнэгүй юм чинь нугасгүй байх нь зөв. Харин хэр найдвартай вэ. Яагаад төр гэнэтхэн энэ нөхдийг хуга ивээн тэтгээд эхлэв. Сан хоосорсон нь лавтай. Итгэлгүй юм чинь хувиараа бизнес эрхлэгчид яаж даатгуулах юм бэ дээ. Маргаашийн ирээдүй ямар болох нь мэдэгдэхгүй нийгэм эдийн засгийн байдал, дээр нь өргөсөн мөнгө нь хаана очиж байгаа мэдээлэлгүй нөхдүүд яаж итгэлтэй даатгуулах вэ дээ. Ингээд төр нэг мэргэн арга олсон нь үнэгүй даатгуулах арга байлаа. Тэрийгээ ч сайн хэрэгжүүлж байна. Мянга мянгаараа л үнэгүйгээр даатгуулчих санаатай урт дараалал үүсгэн зогсч байна.
.
Харин төр дараа нь яах бол гэсэн асуулт хамгийн сонгодог нь. Таамаглаж байгаагаар шинээр элсүүлсэн энэ хэдэн мянган хүнийхээ татварыг цуглуулаад эхлэнэ. Дараа нь бас хаашаа нь орсон нь тодорхойгүй хийсч одно. Сайхан тогтолцоо шүү. Төр өөртөө бүхнийг төвлөрүүлэх гэсэн увайгүй аргын нэг нь энэ.
.
Тэгвэл надад санал байна. Нийгмийн даатгалын сангийн энэ мөнгөөр татвар төлөгч бүхэн хувьцаа эзэмшигч больё. Уул уурхай, аж үйлдвэр гээд бүтээн байгуулалт болгон мөнгө шаардаж байна. Тэр мөнгийг л энгийн татвар төлөгч бид хөрөнгө оруулалт хийе л дээ. Төр тэртэй тэргүй нүсэрдээд байгаа юм чинь төрийн ачааллыг хөнгөлөөд санхүүгийн зах зээлийг өөрснөө харжээ, сууя л даа.
.
-За нөхөр Оюутолгой, Тавантолгой за тэгээд өөр юу байдгийн хувьцааг нь Бат, Дорж, Дулмаа эзэмшье. Санхүүгийн тайлангийн хурлыг нь хувьцаа эзэмшигч болгон л харна шүү дээ. Ноогдол ашиг аваад ирэхээр асуудалд иргэд болгон хариуцлагатай хандана. Тэтгэвэрт гарахаараа цуглуулсан бүх мөнгөн хувьцаагаа зарж орхино. Үгүй гэвэл байж л байг. Өсч үржээд. Төр толгой өвдөөд байх юм алга л болно биз дээ. Арай эрүүл нээлттэй систем шүү дээ.
.
Н.Бадамжав