1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2006 онд батлагдсан Ашигт малтмалтын тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтын хугацаа, хөрөнгийн хэмжээний шалгуурыг хадгалах нь зүйтэй гэдэг дээр ч тогтож байгаа бололтой.
Хөрөнгө оруулалтад хөл алдахын учир юу билээ.
.
1990-2012 хугацаанд нийт 12.8 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний дийлэнх нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт хийгдсэн байна. 2007 онд дотоодын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 62 хувийг бүрдүүлж байсан бол 2012 оны байдлаар Монгол улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 8.6 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байжээ.
.
Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ нь 60 мянган ам.долларт хүрсэн Америк, манай нүүрсний монопол худалдан авагч Хятадууд гээд тэд өөрсдөө асар их үйлдвэрлэл явуулж байгаа хэрнээ гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж улайрч байдаг.
.
Манай улсын хувьд хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жингийн талаас илүү хувийг гадныхан, үлдсэн 20 гаруйхан хувийг дотоодынхон бүрдүүлж байгаа. Учир нь бидэнд хүнд хийгээд, боловсруулах үйлдвэр алга. Харин асар их баялаг хөрсөн доор маань хадгалагдсаар байгаа.
.
6.420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн орд, 125.5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564.1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд, 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367.98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2.3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюутолгойн орд, 44400 тонн хүдэр, 1.280 мянган тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192.2 сая тонн фосфорит... гээд Азийн цээжин дэх Монголд асар их баялаг байгааг бүгд л гайхаж шуугидаг.
.
Энэ их баялгаа зөв зохистой ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахад бидэнд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалт ганц уул уурхай, олборлолт дээр яригдахгүй. Бүтээн байгуулалт, үйлдвэр обьект бий болгоход ч хамаарна.
.
Гадныхан, хөрөнгө оруулагч гэхээр улсыг цөлмөх атгаг санаатнууд гэх ойлголт жирийн иргэн төдийгүй, учир мэдэх зарим улстөрчдийн цусанд шингэсэн байсан цаг саяхан. Тэгээд ч энэ сэтгэлгээгээрээ гадныхныг хавчсан, хөөсөн хууль журам гарах ахул тэр дороо дэмжигдэн батлагддаг ёсон бий.
.
Хөрөнгө оруулагч гэдэг тодорхой салбарт хуримтлал, хөрөнгө хаяж, хамтарч бизнес хийх, ашиг хуваах зарчим дээр ажилладаг бизнесүүд, компаниуд гэж энгийнээр ойлгож болох. Тэд тухайн улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа, бизнесээ явуулах үүрэг хүлээж бас оруулсан хөрөнгөө эрсдлээс хамгаалах эрх зүйн тогтвортой орчныг хүсч байдаг.
.
Хүний нутагт, хүний газар мөнгөө эргэлдүүлж ашиг олохыг зорьсон хүмүүс нэг өдөр татвар нэмсэн хууль гарснаар тухайн орноос модоо бариад гарчихгүйн тулд тодорхой нөхцөл тогтвортой байдлын баталгааг харж байдаг. Энэ тогтвортой байдлын орчин нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргах гол давуу тал болж өгдөг. Энэхүү тогтвортой орчин баталгааг нь хаана хэр баталгаатай, зөв хөшүүрэгтэй хийж чадна тэнд л хөрөнгийн урсгал төвлөрөх юм.
.
Энэ урсгалыг хаасан боосон, гадныхныг эргэлзэж тээнэгэлзсэн байдалд оруулснаар бид эдийн засагт эргэх асар их долларыг өөр тийш алдсаар байгаа.
Хөгжье гэвэл хөрөнгө оруулагчдыг даллах, залах хэрэгцээ зайлшгүй.
Хууль эрхзүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй гэдэг дээр намууд санал нэгдсэн байна. Энэ үнэхээр магтууштай, эх орныхоо арх ашгийг бодсон, эв нэгдэлтэй шийдвэр мөн.
.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |