.
Энэ нь иргэдээс татвар хураамж авахдаа долларыг аль өдрийн ханшаар бодож авах вэ гэдэг асуудал гэнэ. Уг нь их энгийн, ойлгомжтой баймаар. Тухайн өдрийхөө ханшаар л бодоод төгрөгт шилжүүлэн тооцох ёстой. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд үүнээс өөр аргачлалаар буюу ханш хамгийн өндөр байсан хоёр хоногийн өмнөх ханшаар нь тооцож авна гээд суучихаж байна гэнэ. Үйл явдал болсон 7 хоногийн эхний өдөр нь доллар 1700 орчим төгрөг байж, хоёр хоногийн дараа татвараа төлөх үед ханш суларч 1670 руу бууж. Гэхдээ гаалийнхан болохоор төлбөрийг хоёр хоногийн өмнөх 1705 төгрөгийн ханшаар тооцно гэж. Энэ мэдээж иргэдийг бухимдуулах асуудал мөн.
.
Гаалийн ерөнхий газар энэ оны Төсвийн тухай хуульд татвар, хураамжийн орлогоор 2.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх даалгавар авсан байна. Өнгөрөгч сарын 10-ны өдрийн байдлаар 1.071 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Оны эхний есөн сарын байдлаар гаалийн татвар, хураамжаар олох мөнгөний хэмжээ 50 хувьдаа ч хүрээгүй байгаа юм байна.
.
Хүйтний улирлаас өмнө гадаад худалдааны эргэлт эрс нэмэгддэг зүй тогтолтой аж. Энэ үед гаалийн байгууллага төсөвт оруулах орлогынхоо төлөвлөгөөг бүрдүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа гэнэ. Гаалийн татварын орлогын төлөвлөгөөг өнгөрсөн жилийнхээс 30 хувиар өсгөсөн аж. Энэхүү өсгөсөн 30 хувиа ААН, иргэдийн халааснаас суйлах гэж хөөрхий гаалийнхан аргаа барж байна уу даа гэж бодогдохоор байна.
.
Нэг иргэн овоо л үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн оруулж ирж. Оруулж ирсэн барааны үнэ дээр наашаа тэвэрлүүлэхэд төлсөн үнийн дүнг нь нэмж байгаад татвар авна хэмээн өнөөх иргэнийг “шок”-нд оруулжээ. Энэ журам Гааль дээр өнөөдөр ч мөрдөгдөж байгаа гэнэ.Энэ журмын талаар маргаан санал гомдол их гараад байгаа тул ажлаа хөнгөвчилж холбогдох журмаа томоор бичээд ханан дээрээ тавьчихаж. Иргэдээс яагаад тээврийн хөлсийг нэмж татвар авах ёстой гэж гомдол гаргавал журмаа унш гээд хананд өлгөсөн самбар руугаа заагаад гүйцээ.
.
Гаалийн байгууллагын нэг үүрэг бол эдийн засгаа дэмжих татвар хураалт байдаг нь тодорхой. Улсын төсвийн нийт орлогын 56 хувийг зөвхөн Улаанбаатар гааль бүрдүүлдэг тухай тус Гаалийн газрын дарга Б.Хишигбат нэг ярилцлагадаа бахархан хэлж байжээ. Гэхдээ энэхүү 56 хувийг барих гэж янз бүрийн журам зохицуулалт нэртэй нугалаа гаргаж иргэдийн нуруун дээр дарамт болоод байгаа юм биш биз дээ.
:
Нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнд, 15 хувь хүртэлх хувьд гаалийн татварыг иргэд төлдөг. Энд миний олж харснаар хэлцлийн үнийн арга, нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга, ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга, ялгавартай үнийн арга, нийлбэр үнийн арга, уялдуулан хэрэглэх арга, хэлцлийн үнийн арга гэх мэт гаалийн үнэлгээний үндсэн аргууд байдаг гэнэ. Харин үүн дээр цаг үеийн шаардлагаар бий болсон тусгай нугалааны хураамжийн арга гэж шинэ аргачлал бий болоогүй байлтай.
:
Өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй улс гаднаас л бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж зөөж байна. Энийгээ нэг эх орондоо буулгачих гэхээр Гаалийнхан жоохон бараа таваарт нь ТОМ татварын тоо хийгээд зогсч байна. Төр төсвийн цоорхойгоо иргэдийн халааснаас нөхөх гээд байна уу.
.
П.Баярхүү /тоймч/