Сэрж санахын “харанга” сонсогдлоо
2013-09-23

Ээлжит бус чуулган эхэллээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл мөн залгуулаад урт нэрээ улам урт болгосон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж хэлэлцэгдэх хуулиудыг хэлэлцэн батлах дуудлагатай ээлжит бус чуулган явагдаж байна. Өнгөрөгч долоо хоногт бараг бүх хууль нь байнгын хороодоор хэлэлцэгдэж их хурал руу орох босгоо даваад байна.

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулснаар 200-аад алтны компанийн үйл ажиллагаа сэргэх хүлээлт байгаа бололтой байна. Энэхүү хууль нь байгаль хамгаалах талдаа том агуулгатай боловч алтны далд урсгалыг бий болгосон гэсэн шүүмжлэлийг дагуулж ирсэн. Монголбанкинд жилдээ 25 орчим тонн алт тушаагддаг байсан бол сүүлийн жилүүдэд 4 тонн болтлоо буурсан гэдэг. Энэ нь хууль хэрэгжиж алт олборлохоо зогсоосондоо бус харин алт нууц байдплаар татваргүйгээр хилээр гадагшаа гарч байна гэсэн хардлагыг дагуулж байгаа. Энэ мэт урт нэртийн журмыг өөрчилснөөр алт дагасан сөрөг байдал багасна гэсэн хүлээлт нийгэмд байна. Энд хөрөнгө оруулалтын хууль онцгой анхаарал татаж байгаа. Энэ хуулиар 10 сая орчим доллартой тэнцэх хэмжээний ба түүнээс дээш хөрөнгө оруулсан компани татварын тогтвортой байдлын гэрчилгээ өвөртлөн үйл ажиллагаагаа явуулах бололцоотой болох юм байна. Энэ төрлийн хөнгөлөлт нь урьд зөвхөн гадаадын хөрөнгө орууулагч нарт үйлчилдэг байсан бол одоо дотоодын хөрөнгө оруулагч нар ч мөн адил хамаарах болсон нь хуулийн шинэ тал болж байна.

.

Ерөнхий сайд 30 минутын уулзалтаа хийлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлал хийгээд УИХ-д өргөн барьсан эдийн засгийн хүндрэлээс гарахад чиглэсэн таван хуулийн төслийн талаар танилцуулж ээлжит уулзалтаа хийлээ. Түүний мэдээллүүдээс анхаарал татаж байгаа шинэ зүйл нь  Эрдэнэс Оюутолгойн шинэ удирдлагын баг ирэх долоо хоногт Лондон хот руу зорчиж Рио Тинтогийн удирдлагатай нүүр тулан уулзах тухай. Энэ “элч” нар гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийг хэрхэн босгох талаар Рио Тинтогийнхонтой ярилцаж тодорхой үг хэл, саналуудтай ирнэ гэж Ерөнхий сайд өмнөөс нь амаллаа. Мөн тэрбээр танхимын сайд Улааны хэлснээр төсөвт тодотгол хийхээр тийм байдал үүсээгүй гэж эрс мэдэгдсэн байна. Хэмнэж болох зардлаа хэмнэвэл 200 тэрбум болох тооцоо байгаа гэнэ. Үнэндээ бол данхайсан төрийн том төсөв, бүтцээ задалж, үргүй зардлаа хэмнэвэл 200 тэрбум байтугай  л мөнгө босох байх даа.

.

Буун дууны цаана хэн байв

Даваа гарагт ордны гадаа буун гарлаа гэсэн мэдээ олныг цочоосон бол төдөлгүй хэд хэдэн яам барилгын дэргэд тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээ түгж иргэдийг бүр ихээр айлгалаа.

Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр нарын нөхдүүд гэгээн цагаан өдөр ил цагаан зэвсэг агсан төрийн ордон руу нэвтрэхийг завджээ. Энэ хүрээнд юу болж тагнуул, цагдаагийнхан хэрхэн ажиллаж бөмбөг тэсрэх бодисыг илрүүлсэн талаар бүх хэввлэлээр өнгө өнгөөр бичсэн тул товчлоё.

Гарьд магнай кинон дээр “За чамтай тооцоо дуусаагүй шүү” гэдэг шиг сая баригдсан зэвсэг агсан хөдлөхийг завдагсдын араас дахиад хөдөлж нийтийг цочоосон хэрэг явдал гарах бий гэдгээс болгоомжлон сэргийлэх ёстой.

Хийсэн үйлдэл нь хормын төдийд шоронд аваачина гэдгийг мэдэхтэйгээ л нөхдүүд энэ хэргийг дэгдээсэн. Хэн ч тэднийг учир мэдэхгүй дээ, уурандаа ингэчихлээ гэхгүй. Бас эх оронч зан нь хөдлөөд ингэчихлээ ч гэх хүн цөөхөн байна. Учир нь манай хэд янз бүрийн байдлаар түйвээн дэгдээж алтны компаниудаас мөнгө нэхэж авдаг байсан талаар хэвлэлээр цацагдсан. Гэхдээ нийгэмд ийм хэрэг гарах дээрээ тулсан бухимдал бий болгохуйц гажуудал байгаа эсэх талаар яриа хөөрөө бараг сонсогдсонгүй. Цөөнх хэсэг тэдний санаа нь зөв байсан, даанч арга нь буруу байлаа гэж зөөлөн өмөөрөөд өнгөрлөө. Энэ удаад тэднийг юу хатгав. Урт нэртэй хуулийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор энэ хэрэг дэгдсэн байж болох талаар таамаг байгаа. Хяналтаас гадуур, татваргүй гадагшилж байгаа олон тонн алтны зам “урт нэртэй” хууль шинэчлэгдсэнээр хаагдана. Үүнд эмзэглэсэн нөхдүүд далдаас турхиран “шантааж” үзүүлэх гэж оролдсон ч байж болох талтай гэсэн таамаг олны дунд тэнүүчилж байна.

Өглөө кинон дээр Сүхбаатар “Бишээ, цаад эзнийг нь” гэдэг шиг энэ хэргийг хэн нэгэн турхирч хийлгэсэн байх гэсэн олон нийтэд байгаа сэжгийг хууль тагнуулынхан шалгаж  мухарлах ёстой байх.

.

Зах, төвүүдийг хаана, нүүлгэнэ гэлээ

Барс-1, 2, Баянзүрх дүүргийн Асралт худалдааны төв, Далай ээж хүнсний зах, Нарантуул захын гэр ахуйн барааны төв, Гялгар модны зах, Меркури худалдааны төв зэргийг хаахаар болсон гэнэ. Дуу дуугаа авалцан гал гарсны дараа захынхныг чангалах ажлыг ийнхүү зохих байгууллагууд эхлүүлсэн байна. Мөн авто машин зарж борлуулдаг бидний хэлж заншсанаар техникийн захуудыг хотоос гаргах шийдвэр гарсан талаар албаны хүмүүс мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр замын бөглөрөл тодорхой хувиар буурна гэсэн тооцоо ч хотынхонд байгаа бололтой байна.

 .

Ипотекийн зээл иргэдээсээ холдож эхэллээ

Арилжааны банкууд Ипотекийн зээлийн урьдчилгааг нэмэгдүүлжээ. Хас банк 60, Төрийн банк 30-50, Худалдаа хөгжлийн банк 20-40, Капитал банк 30-50 хувь болгон өсгөсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Банкууд эрсдлээ тооцож урьдчилгааны хэмжээг ийнхүү 30- хувиас дээш өсгөх эрхийг нь анх зээл өгч эхлэхэд л гаргасан журмаар Засгийн газраас өгсөн гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Үүний цаана банкууд эрсдлээ тооцож байгаа гэх шалтгаанаар урьдчилгааг нэмж Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч, зайгаа барих арга гэж үзэх хэсэг ч байна.

Ийнхүү дэлхий дахинд 4-9 хувьтай, урьдчилгаа нь 30 хувьтай байдаг Ипотекийн зээлийн  жишгийг Монголын арилжааны банкууд шууд эвдэж 40-60 хувь болгоод байна. Ингэснээр арай гэж 30 хувиа бөөгнүүлж байсан дундаж орлоготой иргэдээс паартай байр холдоод явчихлаа.

 .

Дахиад л РиоТинто

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга нар “Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилтийн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. Рио Тинто компанийн зүгээс “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж үзэж, Монголын Засгийн газрыг энэ асуудлыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлт тавиад байгааг хүлээн авах ёсгүй гэж шаардлага таьж байгаа юм байна.

Энэхүү мэдэгдлээс ирж буй долоо хоногт Лондонд  очих Засгийн газрын “элч” багийг хүний аманд унаж Оюутолгойн их хэмжээний зээл авах гэрээний саналыг нь зөвшилцье гээд тэврээд ирж магадгүй гэсэн хардлага дээрх гишүүдэд байгаа юм байна гэж үзэж болохоор байна. Ямар аргаар гэдгийг дээдэс мэдэх ч энэхүү Оюутолгойн төслийг төр гацаанаас гаргаж, цааш хөдөлгөн эдийн засагтай хаялга харах хэрэгтэй болоод байгаа бодит байдал бий. Энэхүү бодит байдал шаардлагынх нь нөгөө талд хөндөлсөж байгааг нэр бүхий гишүүд бас сайн ойлгож байгаа. Хэрвээ Рио Тинтогийн энэ саналыг хүлээж авах боломжгүй бол өөрөөр ЯАЖ шийдэх вэ гэдэг хувилбар саналаа бас хамт гаргаж олон нийтэд дуулгавал зохилтой болов уу. Тэгэхгүй бол зөвхөн эсэргүүцэгч шүүмжлэгчдийн баг буюу улс төрийн тоглолт хийж байгаа хөнгөмсөг хэсгийнхэн болж олон нийтэд бууж болох юм. Одоо улстөрч бүр хэлбэр агуулга үг хэл, үйлдлийнхээ нэгдлийг хангаж  үнэнээсээ “эх оронч” байх цаг тулж ирээд байгааг хаана хаанаа ухаарах болсон болов уу.

 .

Ирэх долоо хоногт “эдийн засгийг аврах” гэсэн цол чимэгтэй холбоо таван хууль хэлэлцүүлэг дуусч, батлагдахад бэлэн болж  “төрөх тасаг” руу шилжих болов уу.

Ууланд цас бууж хатуу өвөл хаяанд ирснээ зарласан шинэ долоо хоног өмнө маань байна.

Бас улс орны амьдралд ч хатуу цаг үе, сорилт тулж ирснийг сануулсан хэрэг, үйл явдлууд сэрж санахын “харанга” цохиж байгааг анхаарцгаая.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
TSET:
Bairnii une hen ch hudaldan avahguil bol buurna.mungutei bololtsootoi ni bugd hed heden bair ali hediin avchihsan bgaa.AN uuniig anhaarch irgedee zeeleer bairand oruulj bna daa.
2013-09-23
oogii:
bairnii vnee buulgaach ee
2013-09-23