Нүүрсний экспорт унаад эдийн засагт үргэлжилсэн хэдэн сарын цохилтыг өгч байна. Уг нь манайх шиг нүүрсний их нөөцтэй улс орон бүс нутагтаа л лав байхгүй. Ганцхан том зах зээлээс нийлүүлт маань хамаарч байгаа болохоор тэд юу гэж хэлнэ бид түүгээр нь арилжихаас өөр аргагүй болчихоод байгаа нь нүүрсийг баялаг биш бараг хараал шахуу болгочихоод байгаа юм.
.
Нөөцийн тухайд гэвэл 162 тэрбум тонн нүүрсний нөөц бидэнд байна. Улсынхаа төвөөс Дорнод хязгаар хүртэл үргэлжилсэн хүрэн нүүрсний сав газар байна. Дээр нь жил бүр 100 сая тонн нүүрс гаргаад ч 100 гаруй жил ашиглачих хэмжээний коксжих нүүрсний том ордууд өмнийн говиос эхлээд зүүн урагш тэмүүлэлттэй одоогоор мэдэгдээд байгаа 12 орд газар байна. Асар их баялаг шүү.
.
Хятадууд иргэдээ орон сууцаар хангахын тулд гангийн үнийг хямдруулснаас тэд манайхаас илүү хямдыг авна гээд гэдийчихээд байгаа. Бүтээгдэхүүний үнийг хямдруулахын тулд түүхий эдийг боловсруулах үндсэн түүхий эд болох коксжих нүүрс дагаад шалан дээр унах нь тодорхой. Тэгээд ч манай ганц гарц дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог асар том зах зээл шүү дээ. Ашигт малтмалаар баялаг хорь гаруй оронтой хиллэдэг, транзит тээврээр юу хүссэнээ хамгийн хямдаар авч чадах гарц байхад нүүдэлчин монголчуудын хэрэг нэг хэсэгтээ л гарахгүй болов уу. Тэгээд ч биднээс өөр хэнд нүүрсээ нийлүүлэх вэ дээ гэж тавлангуй тооцоолж байгаа нь лав. Нөгөө талаар нүүрсний салбар дахь төрийн нөмөр нөөлөг гэж бараг байхгүй, олборлогч хэдхэн компанийг нь дарамтлаад авбал эдийн засаг нь жингүйдэж хаашаа ч хамаагүй үлээхэд хийсчих эмзэг гэдгийг сайн мэдэж байгаа.
.
Нүүрс, зэсийн баяжмалаас үлэмж хамааралтай болсон эдийн засгийн доголдолыг бусад салбараас нөхчих хэмжээний эрсдлийн тооцоо алга. Ер бид эрсдэл гэдгийг бараг ойшоодоггүй явсны харгай одоо гарч байна. Газар тариалан, мал аж ахуй, мэдээлэл технологи, хөнгөн үйлдвэрээ олон тулгуурт эдийн засаг гэж тодорхойлдог ч ахиухан мөнгө өгөөд босгочих ухаанаа олоогүй л явна.
.
Уг нь тийм ч толгой өвтгөсөн асуудалд биш л баймаар юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч дундаж давхаргынхныг зээл авах болохоор банкныхны шаарддаг барьцаа хөрөнгө, хүнд суртлын олон шат дамжлагын босгоо давуулахгүй. Арайхийж зээл авах болохоор хугацаа давчуу, хүү хэт өндөр байх жишээтэй. Том зээлдэгч нараа болохоор банкууд хойноос нь гүйх шахам явж хүссэн хүүгээр нь шахуу зээл өгнө. Хугацаа нь олон жилээр. Ийм эдийн засаг том нь нурахаар бүхэлдээ чичрээд эхэлдгийг эдийн засгийн наад захын боловсролтой нэгэн хэлээд өгнө.
.
Бид оройтоогүй. Энэ салбаруудаа өөд татах бодлогоо цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжүүлмээр байна. Дээр нь нүүрсний энэ том нөөцөө ашиглаад эрчим хүч экспортлогч том зах зээл болж болно шүү дээ. Дотооддоо өнөөдөр 10 сая тонн нүүрсийг жилдээ шатааж байна. Гадныхан дулааны цахилгаан станц бариад өгье л гэж байна. Бүр өөрийнхөө хөрөнгөөр удаан жилийн ашгаасаа зардлаа гаргаад авья гэж гуйж байхад манай хэд гэдийгээд сууж байх. Тоонон дээрээ мах өлгөчихөөд хэзээ ам руу буугаад ирэх бол гэж хүлээсээр өлсч үхдэг анхиагүй нэгний үлгэр шиг.
.
Ерөнхий сайд бадар барихаар Япон руу очихдоо нүүрсийг маань угаагаад өгөөч, та нарт бидэнд хэрэгтэй техник технологи байна бидэнд баялаг байна гэж байна лээ. Зөв л үг. Цаадуул нь за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Угаас япончууд тийм л хүмүүс. Мануус шиг сэтгэлийн хөөрлөөр хэзээ ч асуудалд хандахгүй. Нарийн нягт удаан хугацааны тооцоо судалгаан дээр тулгуурлана. Монголтой хамтарч болно гэхдээ баялгийг нь яаж жинхэнэ баялаг болгох вэ. Дэд бүтэц нь ямар билээ, хууль дүрэм нь бас яадаг билээ. Эрсдэлээ нарийн тооцно. Ерөнхий сайдын айлчлалын дараа Японы хэвлэлүүд дээр багагүй мэтгэлцээн өрнөж байна. Монголд үйлдвэрлэл явуулаад тэндээсээ гадаад зах зээл дээр нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашгаа тэндээ олох. Монголд хамгийн ашигтай хувилбар энэ. Тэдэнд ч асар их ашигтайг харж. Бид алтан дээрээ суучихаад энэ мэтийг сэтгэж чадаж байгаа бил үү.
.
За энэ хувилбарыг зөв гарц гэж хараад хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин нь гайгүй засарчихаж гээд тэд ороод ирэхээр манай жанжин малгай өмсч, буу шийдэм агсч морь унасан нөхдүүд зүгээр байлгахгүй ээ. Жагсч цуглаад эсвэл шөнө оройн цагаар албан тасалгаагаар нь морилоод мөнгө төгрөг нэхээд эхэлнэ. Хөрөнгө оруулагчдын үргэдэг бас нэг шалтгаан. Үүнийг яаж зохицуулах вэ гэдгийг Авилгын хууль болон бусад хуулийн өөрчлөлтөөр зохицуулж болно доо. Энэ мэт хэдүүлээ ээлжит бус чуулган хуралдаж шийдвэрээ хэлэлцэж байх үед жаахан ухаанаа уралдуулаад орхие. Найзууд аа хэрэлдэх биш хэлэлцье.
.
Н.Бадамжав
Уншиж байна |