“Бэрхийг туулах” зорчигчид
2013-09-18

Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн санд 2660 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг гэж тэмдэглэгдсэн байдаг гэнэ.

.

Албан ёсны бүртгэлтэй гэх 2660 тээврийн хэрэгслээ үзэж шалгахын зэрэгцээ үйлчилгээ сахилга батыг нь нэг хумихгүй бол үнэндээ хэрээс хэтрээд байгаа жишээ, гомдол хур их болоод байна.

.

Галзуу мэт урсгал сөрөн уралдах том оврын автобусны бичлэгийг сайтууд гарган тавьж, иргэд энэ байдалд эгцүүцэн шаардлага хүргүүлж байсан ч өнөөх нийтийн тээврийнхэн чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр маргааш нь Яармагийн гүүрний ойр нэг автобус замын хажуу руу орж шуугиан тарьсны дараа сая нэг хатуу арга хэмжээний талаар дуугаа авалцан ярив.

.

Хотдоо яахав ингээд гар утаснаасаа ч болов бичээд интернэтээр цацаад болдоггүй жолооч нарыг дундаа хийгээд  “хашрааж” болоод байгаа. Харин хөдөө орон нутгийн буюу хот хоорондын гэх нийтийн тээвэрт байгаа “аймшиг”-ийг харж хянахын тулд яах вэ гэдгийг ярих ёстой.

.

Энд онцолж хэлэхэд, холын чиглэл буюу Ховд, Баян-Өлгийн чиглэлд нийтийн тээвэрт сууна гэдэг бол бүрхүүлтэй морь тэрэг хөллөсөнтэй адил байдаг гэдгийг зорчигчид нь хэлдэг. “Сорок пассажиров” буюу 40 хүний суудалтай гэх маш хатуу явдалтай, өвөлдөө хүйтэн, зундаа халуун Оросын Паз автобус баруун чиглэлийн хамгийн хол замд хүн тээвэрлэдэг гэж байгаа.

.

Оросын машин хүнээ бус замаа бодож бүтээгдсэн гэх амьдралаар шалгагдан батлагдсан үг байдаг.

Нийтийн тээврийнхэнд хандах уу, зам тээврийн яамны Сайдад хандах уу, холбогдох хэдэн дарга нарт бөөнөөрөө газар үзэнгээ энэ ПАЗ автобусаараа Ховд, Баян-Өлгий рүү нэг аялах санал тавьмаар байна.

Та бүхний энэ холын замд аялан зорчих зарим дүр зургийг нэг буулгаж харья.

.

За бараг эхний өдрийн 200 км яваад урд суудалд тулан бохирсон хөл чинь чилж эхэлнэ. Дараагийн шороон замаас донсолгоонд зайлагдсан 5 цул чинь холилдоод ходоод тань аман дээрээ гарах шиг болоод ирэхэд 3 дах өдрийнхөө аянаас буцья гэх биз. Очоод энэ автобусыг шууд үйлчилгээнээс хасна аа гэж өөртөө шивнэж ч магадгүй.

Гэхдээ тэсээд цааш явж үзэхийг хүсье.

.

Юм үзүүлж, шийрийг чинь үзэх аян дөнгөж эхэлж байна. Голын хүн явдаг эгнээгээр суусан жолоочийн хувийн орлогыг бүрдүүлэгч туулайнууд ачаан дээрээ шомбойтол суун зайлагдаж явахдаа сандал дээр тухлах чам руу тийм ч таатай харахгүй л байх. Ямарч түшлэг налах юмгүй суудлын голын замд хаясан ачаан дээрээ гадас шиг суух тэднийг хараад та өөрийн гэсэн суудалтай яваа, ямар давуу талтай зорчигч болохоо мэдрэхэд чилсэн хөлийн чинь шөрмөс аяндаа зөөлрөөд явчихна.

.

Энэ сайхан нийтийн унаанд та зуслан явж байгаа биш 1500-2000 км замыг 4-5 хоног туулах тул өөрийн гэр шиг тухтай явах хэрэгтэй. Тамхиа тат, архиа уу, дотор чинь муухайрвал шууд бөөлж, хамаагүй. Хэн нэг зорчигч согтуу агсан тавих бол нийтийн унааны жижиг тул тэсэх л хэрэгтэй.

.

Нутгийн зах ороод ирэхэд жолооч чинь таньдаг ах дүү, амраг садныдаа зочилж буу халах, заримдаа бүр зуу татан ходоодоо баярлуулж 3-4 цаг айлын гадаа зогсон, ам хөлийхөө чилээг сайн гаргах боломжийг танд олгоно. Энэ бүхнийг тэвчиж хүлээх л хэрэгтэй болно. Та өөрөө нийтийн тээврийн хүн юм уу, дарга байх нь хамаагүй, нийтийн унаандаа нэг жишгээр л зорчих хэрэгтэй. Ийм даварсан үйлдлий таслая гээд хянах арга байхгүй болохыг та бас ойлгох байх. Ойрхон ганц арга байгаа тэр бол хяналтын камер, хяналтын камер, жи пи эс төхөөрөмжийг суурилуулах, хармасалтай нь тэр энд алга.

.

Зааланд та өөр юу харж ажиглаж болох уу.

Суудлын мөнгөө төлсөн хэрнээ аав ээжийнхээ өвөр, нэг бол суудал дээр шахцалдан сууж зутрах хөөрхий хүүхдүүдийг харна.

.

Ачааны заасан хэмжээ 20 кг-аас дээш гарсан гэсэн кг тутамд 1000 төгрөг төлсөөр замын хоолны мөнгөө барсан тул ааруул мэрж, ус залгилан явах хөөрхий нэгнийг харна. Хүнийхээ тоог өөрийн дураар хэтрүүлж чихэн ачих жолооч нар зорчигчдын  ачааны 20 кг-ийг бол харин яс барина. 10 грамм хэтэрлээ л бол 1000 төгрөг, үгүй бол энэ хогоо аваад өөр унаандаа суу гэх.

Албаны хүн нийтийн тээвэрт хийсэн нэгэн шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар хэрхэн ярьсныг товчлон буулгая.

.

...Ховд аймагт 28-36 хүний суудалтай ПАЗ маркийн автобус зорчигч тээвэрлэдэг л дээ. Энэ автобус хоёр эгнээ суудалтай ч зорчигчид голоор нь ачаагаа тавьж байгаад суучихдаг. Үүнийг туулайчдын эгнээ гэж нэрлэх ч бий. Энэ эгнээнд гэхэд хамгийн багадаа 10 хүн шахцалдаад суучихна. Түүгээр ч зогсохгүй автобусны хамгийн арын залгаа суудалд таван хүн суух ёстой атал долоон хүн өлхөн багтчих жишээтэй. Үүнээс харахад нэг автобусанд наанадаж ямар ч зөвшөөрөлгүй, тасалбаргүй 15 хүн яваа нь тодорхой  байгаа юм. Тэд  замын хөлсөө жолоочид нь  атгуулаад суучихдаг хэрэг...

.

Баруун аймгууд руу давхих замд тань хуучны зуслангийн байшин шиг дөрвөлжин, олон жижиг цонхнуудтай, дугуйтай “амбаар” явж байх ч юм уу урд “хамар”-аа сөхчихсөн моторын усаа хөргөж зогсохтой та цөөнгүй таарна.

Энэ дөрвөн дугуйтай явдаг “амбаар” бол XXI зууны Монголын нийтийн тээврийн хамгийн хол замд явж, иргэдийг тээвэрлэж байгаа унаа юм.

.

Энэ явдаг “амбаар” дотор 4-5 хоног 50-60 хүн чихэлдэн зайлагдаж, даарч халууцаж, шөрмөс нь татаж байвч Ёо гэхгүй гүрийж чаддаг юм. Үүгээрээ манай монголд зорчигч гэдэг бас бэрхийг туулахаар бүтээгдсэн юм гэдгийг батлан харуулж, алдарт Патрол машины монгол дахь дистрбютерүүдийг гайхшруулж чаддаг юм.

.

Энэ автобусаар Баян-Өлгий, баруун хязгаар руу хамтдаа явцгааж бэрхийг биеэрээ амсцаая, дарга нараа.

Тэгээд дараа нь нийтийн тээврийн шалгалтаараа энэхүү ПАЗ автобус ч бас зорчигч тухтай зорчих нөхцөл MNS:4599:2003 эргономикийн стандартын шаардлагыг хангасан байна гэдэг дүгнэлтээ хэд дэх удаагаа ч юм дахин гаргаж, ПАЗ автобус гэх орос “амбаар”-аар дахиад хүнийг мах шиг чихэн тээвэрлэх зөвшөөрлийг нь сунгаад байгаарай нөхөд минь.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
алтанхуягийг гансүхтэй нь:
дээрх 2 эрхэмийг газар хэлтсийн дарга нартай нь нэг амбаарт чихээд өлгий рүү явуул бүтээн байгуулалтын цагаа тэнд хийг
2013-09-18