Сирид дайн болж байгаа. Гудамж бүрийн төлөөнөө тулаан өрнөж Засаг нь аль зууны эхэнд хориглосон химийн зэвсэг хүртэл хэрэглэсэн гээд бөөн дуулиан шуугиан болж байхад манай нөхдүүд юунаас дутах вэ гэсэн шиг тэсрэмтгий бодис өвөртлөөд л ордны хашаан дунд тууж явна. Нөгөө улаан лооль шидэж, нум сумаар харвадгаа бодвол арай боловсронгуй болсон байгаа биз. Энэ бол жагсагчдын арга барил хэт гүнзгийрсэн нь.
.
Батлагдсан хууль тогтоомж хэсэг иргэдийн дургүй унтууцлыг заавал хүргэдэг. Тооцоогоор хүн амын 30 хувиас илүүгүйтэй нь заавал энэ эсэргүүцлийг өөртөө хадгалж байдаг гэдэг. Тэгээд тэд нь жагсч цуглаж үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ. Энийг чинь ардчилсан нийгэм гэдэг юм. Харин манайх шиг асуудал нь илэрхий оронд ингэж нэг их баясч хөөрөөд байдаггүй юм. Хүмүүст мөнгө өгөөд дур сонирхлоо илэрхийлүүлээд түүнийгээ БИ бол АРД ТҮМЭН гэж хашгирдаггүй л байхгүй юу даа. Тэд ард түмэн Би болохоор биш болж байна уу.
.
Асуулт дандаа хариулт нэхдэг. 2008 оны долдугаар сарын 1-нийг хэн ч мартаагүй. Хэн араас нь турхирсныг ч бид мэднэ. Тэр хүмүүс УИХ-ын танхимд, төрийн өндөрлөгт байж л байгаа. Ингэж Засгийн эрхийг авдаг гэсэн ойлголт нөхдүүдэд байгаа болохоор мөнгөтэйчүүд мөнгөгүйчүүдээ худалдаж аваад дуртай юмаа хийлгэж байна. Бид хэлээд байгаачлан тэгтлээ ядарсан уу. Баян хоосны ялгаа, эдийн засгийн уналт, валютын ханшийн хэлбэлзэл гээд өч төчнөөн асуудал байгаа нь үнэн үү гэвэл үнэн.
.
Харин тэр Сири шиг төрийн ордон руугаа буу мөрлөчихөөд, энгэртээ тэсрэх бөмбөг зүүчихээд орохоор хэмжээнд хүрсэн үү гэвэл би л лав хүлээн зөвшөөрөхгүй. Засгийг огцруулж болно оо. Японд жилийн дотор таван ч Ерөнхий сайд нь огцорч байсан. Гэхдээ буу шийдэмдээ хүрч байсныг огтхон ч санахгүй байна. Америкаас эхэлж Евро бүсийн орнуудаар дамжаад Азид гол цохилтоо өгсөн их хямралын үед иргэд нь эрдэнэсээ баяжуулах гэж ээмэг зүүлтээ өгөхөөр банкнуудынхаа өмнө дугаарлан зогсч байсныг санаж байна.
.
Зүгээр л мөнгө боддог болж бид. Нүүдэлчид огт өөр соёл иргэншлийн бүтэц рүү ороод ирэхээр самгардах нь зөв. Гэхдээ буу шийдэм рүүгээ орсон тохиолдол ээдээ байхгүй л болов уу. Жагсаал цуглааныг мөнгөөр хийж болдгийг ухаарсан энгүүн нүүдэлчид өнөөгийн үмх мах, атга гурилын мөнгө төлсөн хэн бүхний төлөө зүтгэнэ. Үзэл баримтлал, бодлого санаа нь сонин биш. Өдөр жагсаад орой нь мөнгөө авна.
.
Долдугаар сарын 1-нд яалаа. Гэв гэнэтхэн баахан чулуу, бензин шатахуун болоод хувирчихсан шүү дээ. Талбайн эргэн тойронд огт байхгүй зүйлүүд шүү дээ. Хэн тэднийг турхирав, хаанаасаа энэ бүхнийг олов. Энэ удаад бас юу болов. Иргэд хэдхэн мөнгөний төлөө улайрч байгаагийн хариуцлага Засагт ноогдох боловч арай ч гал мэсэн дундуур энэ ард түмэн туучих болоогүй ээ.
.
Жагсагч та ард түмэн юм бол би ч ард түмний өөдөс. Айл гэрт ч болж бүтэхгүй зүйл болдог ч махныхаа хутгыг аваад нэгнээ заналхийлдэггүй шүү дээ. Тэгсэн тэсрэх зүйл өвөртлөөд л жагсч явдаг. Нөгөө нь баахан морьтой жагсаад морь өехийдөөд талбай дээр уначихдаг. Хөөрхий тэр морины, эзнийх нь буруу гэж юу байхав дээ. Уул уурхайн эздийг эрлийз хурлийз, гадна дотноор нь дуудаад дайрдаг, бууддаг, эд хөрөнгийг нь эвдэлж гэмээн хөөрхөн мөнгө авчихдаг байсан жагсагчид арай дэндэнэ ээ гэдэг шиг Төрийн ордноо дэлбэлэхээр шийдэв. Арай ч хэтэрнэ ээ.
.
Н.Бадамжав