Сайн байна уу, гишүүд ээ. Сайхан наадав уу.
.
Ард олон бид чинь амьжиргаа хүндэрч, амьсгаа өндөр болж, гүйцэтгэх засаглалын хэдийг хэл амныхаа тогоонд үйж идэх шахан зуны сүүлийг, намартай барж суухад та нар минь амралтаа тасалдуулан “ажиллах”-аар ирсэнд талархах байна.
Нутаг орны тань ойн баярууд өнгөлөг, морьд чинь хурдан, эхний тавд магнайлж дээгүүр давхисныг зурагт “раажаваар” зөндөө харж бахдаж суулаа.
Хов хүргэхэд, энд байхгүй хойгуур чинь баахан л хэрэг тарьсан хэдэн улс сууж байна даа.
.
Та сонссон л байлгүй манайх гэдэг айлд тэр “ногоон” ам.доллар гэдэг чинь бараг байхгүй болсон шүү дээ. Нэг хэсэг 1800 хүрээд тав, арван жилийн рекордуудаа эвдээд авсан. Одоо ам.доллар нь 1700 дээр тогтох юм бол улс даяар баяр болгон тэмдэглэж төрийн их найр хийх дээрээ л тулаад байна.
Өнөөх улсын төсөв гэдэг чинь 1.5 их наяд төгрөгөөр тасалдаад байгаа гэж байна. Энэ Н.Алтанхуяг гэж нөхөр чинь энэ цоорхойгоо юугаар нөхөх гэж байгаан олигтой юм ярихгүй юм. Чингис бондоос нөхнө гэж байхгүй гэсэн. Самуурай бондоос бас болохгүй, наран улсын түншүүд тэгж ёс бус юм хийлгэхгүй.
Төсвийн тодотгол гэдгийг л хийж та нараар соёрхуулж авах гээд хүлээгээд байх шиг байна. Н.Алтанхуяг сайд нарийн бодлоо та нарт хэлж ярих байх.
Бас нэг хов байна. Манай юм мэддэг хэд маань эдийн засаг хямарсан, хямраагүй гэж хоёр том хуваагдаад жирийн бид учрыг нь олохоо болиод байна. Үүнийг анхаарч, энэ маргааныг нэг тийш тасалж өгөөрэй.
.
Импортоор авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 200-300 төгрөгөөр өссөн байгааг та нар минь зах зээлээр явж судалж мэдсэн байлгүй дээ. Тэгэхэд үнэ өсөөгүй, харин ч зарим түвшинд буурсан гээд байгаа хэсэг нөхөд байна. Тэд лав бидний эсрэг тусгай программтай тооцоолон бодох машин хэрэглээд байгаа байх. Энэ үнэ өсөөгүй гээд байгаа нөхдүүдэд үнэнийг улалзтал хэлээд өгмөөр байна, гишүүдээ.
Хөрөнгө оруулатын шинэчилсэн хуулийн төсөл гэж доллар даллах ёстой хуулийн төсөл хэлэлцэгдэхээр орж ирж байгаа.
Хүний өөрийн, гадаад дотоод гэхгүй татварын тогтвортой орчин амлах энэ хуулийг батлахгүй л бол Монгол улс энэ шаварт суусан байдлаас гарахгүй гэдгийг эрдэмтэд, эдийн засагчид дуу нэгтэй хэлж, энийг нь шар зурхайчид баталсан байгаа болохоор шууд л “Yes” кноп шүү дээ.
.
Ганцаараа араа даан зүтгэж та нарыг сайхан амраасан хэсэг нөхөддөө, ерөнхий сайддаа талархахаа мартав даа, улстөрч та нар минь жудагтай байх хэрэгтэй. Тэр Б.Чойжилсүрэн гэх гишүүн найз чинь нөгөө өрсөлдөгч Д.Нямхүүгээ Увсад мөнгө тараасныг мэдэж байгаа ч гэсэн жудаг гаргаад хэлэхгүй яваад байгаан билээ. Нэгнээсээ сайн юмыг нь сурах хэрэгтэй дээ.
.
Тэгэхээр одоо сандруу бачуу байгаа Ерөнхий сайдыгаа гэнэт сэрж, хэл орсон юм шиг тойрч суугаад л загнаад л, огцруулна, унагаана гэж зүрхэнд нь шар ус хуруулаад хэрэггүй шүү.
.
Эрхэм гишүүд та нар ч гэсэн бий болоод байгаа уналт, хямралд өөрийн өчүүхэн хувь нэмрээ ихээр оруулсан улс гэдгийг чинь манай Сайд хүү бидэнд бас хэлээд байгаа шүү. АН болоод МАН- ынхаан,та нарын 800 сая ам долларын өр тавьж манийгаа бэлэн мөнгөөр найрлуулсан балаг чинь шидээ гаргаж, хямрал нүүрлүүлээд байгаа яриа дуусаагүй байгаа шүү.
Манай энэ хов хүргээд байгаа Ерөнхий сайд хүү өөрөө ч бас хамт бодлого зангидаж бэлэн мөнгө тараалцсаныг ард түмэн мэдэж л байгаа л даа.Гэхдээ манай ард түмэн үнэнээ хэлж, буруугаа хүлээж байгаа хүүхдээ нэмээд гөвшөөд, нүдээд байдаггүй ухаант түмэн юм.
.
Тэгээд та нараасаа яаж юм гуйж хүсэхгүй өнгөрөх вэ дээ.
.
Хөрөнгө оруулатын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл мөн залгуулаад урт нэрээ улам урт болгосон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж хэлэлцэгдэх хуулиад байгаа.
.
Цөөнгүй гишүүний хувьд эдгээр хуулиудыг эргэн харах тийм ч сайхан байхгүйг ойлгож байна. Учир нь шаардлага хангахгүй мөнгө, доллар үргээсэн гэж шүүмжлэл хүртэн шинээр засагдахаар шинэчлэгдэж буй дээрх хуулиудын санааг нэгэн цагт өөрсдөө санаачилж баталж явсан гишүүд энэ парламентад нэр усаараа сууж байгаа. Санаачилсан хуулиа буруу байжээ гээд засаж суух улстөрч хүнд тийм амар бус.
.
Гэхдээ дээрх хуулиудыг нэг батлаад өгчихвөл цаашаа нэг хэсэг бид чинь та наргүйгээр амьдраад байж болно гэдгээ ойлгосхийгээд байж л байя. Баталсан хуулиар чинь шидэт дохиур ажиллаж, доллар гэдэг нь эдийн засагт бөөгнөрч, мань хэд нь мажийхаас нэг удаа аврагдах юм байгаа биз дээ.
.
Эрхэм гишүүд тэгээд дахиад жоохон амарч, нам доторх хороо найруулна уу, хуулийн төслөө найруулна уу өөрсдөө мэд, цаашаа.
Намар шувтарч байхад эхэлдэг намрын чуулган хүртэл түр баяртай.
.
“СОНГОГЧ –ийн үгээс буулгав
П.Баярхүү /тоймч/