.
Ийн анхаарах нь цаанаа учир шалтгаантай. Чингис бондоос өөр алтан хайрцаггүй болсон гэх Засгийн газар цаашдаа яах вэ гэсэн олны асуултад ээрэгдсээр байгаа үед Ерөнхий сайд арлын Японд айлчлалаа эхлүүллээ.
.
Тал бүрийн олон уулзалт амжилттай хийж байгаа талаар албан эх сурвалжууд мэдээллээ. Үүнээс олны чихийг сортойлгож сонирхлыг нь татаж байгаа нь Самуурай бондын сураг. Эзэн богдын нэртэй нэг бонд чихийг нь халууцуулж дуусаагүй байхад дахиад нэг тааламжгүй нэртэй бондын сураг гарсанд хүмүүс гайхаж байна.
Учир мэдэх хүмүүс үүнийг банкны Чулуунбат нарын автороор хийгдсэн засгийн газрын эдийн засгаа өөд нь татаж авах гэсэн шийдмэг алхам гэж таамаглан дүгнэж байна.
Мөн улсын сан нь хоосорсон цөлмөгдсөн мэт мэдээллээр балбуулж сэтгэлээр унасан ард түмэндээ найдвар төрүүлэх, хөрөнгө оруулалт эргэн ирж сэхэх хүртэл амь тариа хийх гэсэн Засгийнхны эцсийн арга гэж үзэх хэсэг ч байна.
.
Энэ айлчлалаар бараг шийдэгдэж байгаа Япон улсаас авахаар эрх нээх гэж буй энэ зээл, бонд нь эдийн засгийн хүндрэлийг давахад нэг гишгүүр нэмж өгнө гэж найдаж болох юм.
Япон улсаас авах урт хугацаат, бага хүүтэй зээлийн санхүүжилт орж ирснээр сайн муу олон зүйлийг сонсох нь тодорхой.
Яг одоо бол эдийн засгаа өөд нь татах араа даасан, үр дүнтэй шийдвэртэй алхмыг хийх зайлшгүй шаардлага засгийн газрыг багалзуурдах мэт шахаж байгаа нь нуух хэрэггүй болсон, тод харагдаж байгаа нь үнэн.
.
Хэтэрхий гадаад талаас хамааралтай эдийн засгаа сэхээж авахын тулд энэ Засгийн газар юу хийж чадахаас, цаашид хэр наслах нь хамаарч мэдэхээр болоод байгаа. Сайдууд хөрөнгө босгож ирсэн юм шиг байна. 600 сая ам.доллар гэж шуугиж байна.
.
Одоо үүнийгээ яаж юм болгох вэ гэдгийг бултаараа сайн хэлэлцэн улаан цэнхэр, эерэг сөрөг нам гэхгүй хамтдаа хүндрэлээс гарах ёстой. Яагаад гэвэл энэ чинь ирээдүйдээ төлөх өр шүү дээ.
.
Оюутолгой дундын хувилбарыг сонгоно
Яг ийм нэртэй ярилцлагыг Эрдэнэс-Оюутолгой ХХК-ийн захирал Да Ганболд хэвлэлд өгчээ. Түүний энэ ярилцлагаас цаашид Монголын тал Оюутолгой дээр муудалцахгүй буюу даруухан байж, үр дүн гаргах, төслийг үргэлжлүүлэх тал дээр буулт хийж ажиллах чигтэй байгаа юм байна гэж дүгнэж болохоор байна.
Рио Тинтотой харьцах тал дээр энэ засгийн газарт эргэж харах зүйл их байгаа юм байна ч гэж ойлгогдож байгаа.
Одоо хуралдах ээлжит бус чуулганы үүдэнд ээлжээ хүлээн зогсож буй том асуудлын нэг нь Оюутолгойн дараагийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал юм.
Нийт хөрөнгө оруулалтын 50 гаран хувийг шууд байдлаар дангаараа оруулж байсан Оюутолгойн ажил сэргэснээр эдийн засгийн уруудал, уналт бүр зогсдоггүй юмаа гэхэд нааштай болж ирнэ гэсэн хүлээлт нийгэмд байна.
6
Үйлдвэрчний эвлэлийнхэн жагслаа
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос /МҮЭХ/ иргэдийн нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газарт хүргэх цуглааныг Тусгаар тогтнолын талбайд баасан гарагт зохион байгууллаа. Тэд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн өсөлттэй энэ үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэсэн асуудлуудыг шаардлагадаа тусгасан гэнэ.
Эдийн засагт уналт болж, улсын төсөв нь 1.5 их наяд төгрөгөөр цоорчихоод байхад цалин нэмэх шаардлага тавьж байгааг нь мушийн харж суугаа хүмүүс ч байна.
Ямарч байлаа гэсэн энэ жагсаал ҮЭ-ийн ээлжит нэгэн календарчилсан ажил хуваарийн дагуу хийсэн “жагсаал” арга хэмжээ болоод өнгөрөхгүй байгаасай гэж ерөөж дэмжих хүмүүс нь олон байсан биз ээ.
6
Парламентын ой тохиолоо
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож, 23 дахь жилтэйгээ золгож байна. 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийг бий болгосон билээ.
1990-1992 он бол Монгол Улсын хувьд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн төдийгүй Үндсэн хуулийн шилжилтийн үе байв. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд Ардын Их хурлаас байгуулагдсан, Ардын Их хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг Улсын Бага хуралтай байлаа. 1990 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, Ардын Их хурлыг шинэчлэн байгуулж, улмаар тухайн оныхоо есдүгээр сарын 13-нд Улсын Бага хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдсэн гэж үздэг.
Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монголын парламент хэр алхаа орж, улс орондоо эрх зүйт төрийг бий болгоход хэр их хувь нэмэртэй байсныг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэн харсан байх.
.
Парламент ёс бэхэжсэн гэдэг нь юугаар хэмжигдэх вэ?
.
Анхны бага хурлаас угшилтай өнөөгийн Парламентын эрхэм гишүүд төрийн өндөрлөгт буухгүй яаж ч татаад буухгүй болтлоо нутагшиж, хөрөнгө бэлтэй хүмүүсээр эгнээгээ бэхжүүлсэн амжилтаараа бол хэлэх үггүй хол явсан. Ерөнхий дүнгээрээ бол Монголд парламентад ёс төлөвших шат руугаа явж байна уу даа гэж дүгнэх хүмүүс дийлэнх олонх байна.
Эрх зүйт төрийг бий болгох Парламентын сонгуулиа зөв шударга хийхийгээ дөнгөж сая л сурч байгаа нь бид ард түмний төлөөллийг хэр хадгалсан, хэр шударга парламенттай явж ирснийг хэлээд өгөх юм.
.
Ирэх долоо хоног УИХ –ын ээлжит бус чуулганаар эхлэнэ.
Хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн хууль төрөхөөс гадна хамгийн гол нь энэ чуулганаар одоогийн улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг нэгтгэн харж,хуримтлагдсан асуудлын гацаа түгжээг гаргах түлхүүрийн хэвийг цутгаж, засгийн газрын гарт өгсөн чуулган болох ёстой.
Ийм том хүлээлт, найдлагын дор эрхэм гишүүд төрийн дууллынхаа дор мэхийн зогсох гэж байна.
Энэ мэт онцлогоороо энэхүү ээлжит бус энэхүү чуулган Монголын парламент 23 жилийн түүхэнд тодоос тод бичигдэж болохоор байна.
Их хүлээлттэй чуулганы танхимд Их хурлын дарга З.Энхболдын алхны цохилт биднийг сэргээх болтугай даа.
6
П.Баярхүү /тоймч/