Ээлжит бус чуулганыг угтсан их хүлээлт
2013-09-13

Ээлжит бус чуулган нийгмийн тулгамдсан олон асуудлын зангилааг тайлж,  шийдвэрлэж чадах болов уу. Юутай ч энэ чуулганаас ард иргэд бүхэлдээ эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдлыг арилгахад дөхөм болох шийдвэр гаргана гэсэн найдвар,  горьдлогын харц тээж сууна. Энэ чуулганаар хөрөнгө оруулагчид  ч Монголд үүцээ дэлгэх үү, үүрэнд нь хадгалах уу гэдэг эргэлзээгээ тайлахаар   Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрхэн батлагдахыг гаднаас чих тавин харж байна.

.

Ээлжит бус чуулган эхлэхээс урьтаж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улс руу  зээл хүсэхээр талийж өгсөн.Түүний айлчлал ч амжилттай байгаа бололтой, наран улсаас ирүүлж байгаа албаны мэдээллээс харж байхад.

.

Монгол Улс 800 тэрбум иеийн зээлжих эрхтэй болсон гэнэ. Одоо ч мөнгийг тэрбумаар нь л ярьдаг болж. Зээл авсан ч, улсын хөрөнгийг хууль бусаар завшсан эрхмүүд ч тэрбум, тэрбумаар нь л  авсан байх юм. За ямартай ч Ерөнхий сайд маань гар хоосонгүй, ганзага дүүрэн л ирэх төлөвтэй.   "Н.Алтанхуягийн Засгийн газар зээлэнд дарагдаж, Монголыг өрөнд унагаж дууслаа" хэмээн халаглах хүмүүс  цөөнгүй байна. Ээлжит бус чуулган хуралдаж эхлэхээр Засгийн газрын гишүүд  танхимаараа дуудагдан  "Төсөв нэг их наядаар тасалдаж, их наяд ам.доллараар тоологдож байсан гадаад хөрөнгө оруулалт 500-хан саяд хүрч, ам.долларын ханш тэнгэрт хадаж, портер нүүрс  300 мянгад хүрээд, өвлийн бэлтгэл зуун задгай, жаран хагарай байгаа" гээд 76-гийн өмнө нүүрээ улалзуулан сууж байлтай биш. Гурав дахь хөршөөсөө зээлээд ирсэн ч гэсэн,  "улсын данс улайсчихаагүй, мөнгө нэмээд аваад ирлээ" гэх нь хавьгүй дээр гэж тооцсон биз. Тэртэй тэргүй өнөө үед мөнгөтэй хүн л хөдөлдөг цаг хойно. Ямартай ч  эдийн засгийн унагасан эрхмүүдэд УИХ хариуцлага тооцно хэмээн сөрөг хүчнээс Засгийн газрыг огцруулах  асуудлыг оруулж ирэх болов уу. Чуулганы завсарлагааны үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны залуус дээрх мэдэгдлийг хийж байсан.Сөрөг хүчнийхний хувьд эрх  баригчдад хандсан шүүмжлэл хангалттай буй.

.

Харин түүний шаардлага, шүүмжлэлд  эрх баригчид хариуг нь бодитой бариасай билээ. Учир нь нийгмийн олонхи ч сөрөг хүчний шаардлагыг толгой дохин хүлээн зөвшөөрдөг.  Ээлжит бус чуулганы өмнөх  Засгийн газарт хариуцлага тооцон, танхимаар  нь,  эсвэл хэн нэг сайдаар "туг тахина" гэсэн мессэж хүчтэй  явагдаж байна. Энэ  парламентад анх удаа АН төр,засгийн эрхийг бүхэлд нь барьж байгаа.  Засгийн газрыг бүрдүүлэхдээ МАН-аас бусад парламент дахь улс төрийн хүчинтэй хамтарсан. Тиймээс  Н.Алтанхуягийн Засгийн газар танхимаараа огцрохгүй байх гэж ажиглагчид үзэж байна лээ.Харин эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор хэн нэг сайдад хариуцлага тооцох зайлшгүй нөхцөлд хамгийн түрүүнд  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онилогджээ.Уг нь Сангийн сайд Ч.Улаан ч  "фортуна" сайдтай  адил хариуцлага хүлээх эрхмийн нэг л дээ. Төсвийг их наядаар нь дутааж, улсын санг улайсгасан хариуцлага хүлээх эрхмийн нэг нь  сангийн сайд. Гэвч тэрбээр засагтай хамтран ажиллах гэрээгээр  өөр намаас орж ирсэн учир энэ удаад хариуцлагын гадна үлдэх магадлалтай юм билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайдыг  огцруулах асуудал нь улсын төрийн хүчин хоорондын гэрээний нөхцөлөөр "барьцаалагдаж" байна гэсэн үг.

.

Ээлжит бус чуулганаар эрхэм түшээд завсарлагааны хугацаанд эдийн засгийг барьж чадалгүй унагасан Засгийн газарт "бурууг тохон",  төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, эдийн засгаа өндийлгөх гарц хайхын зэрэгцээ дотооддоо шийдвэрлэх зүйл ч "толгой үснээс их байна" гэдэг.

.

Өөрөөр хэлбэл өмнөх парламентынхны баталсан  Сонгуулийн тухай хууль сонгогчдын дунд хийгээд сонгогдсон гишүүдийн дунд ч маргаан дагуулсаар байна.    УИХ-ын сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр Өвөрхангайн тойрогт сонгогчдын олонхийн санал авсан МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгогдож чадаагүй. Тэдний оронд АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Улс төрийн намуудын дунд өрнөсөн маргаан сонгогчдын саналаар бус  шүүхээр шийдвэрлэгдсэн гэж Өвөрхангайн сонгогчид   одоо ч шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Сонгогчдын олонхийн санал авчихсан бол  төрийн түшээгээр сонгогдлоо  гэдэг ойлголт ард хоцорчээ. Хэрвээ сонгуулийн  сурталчилгааны хугацаандаа ямар нэг алдаа гаргаж, хууль зөрчсөн бол асуудал үүснэ. Энэ удаад Увсын хоёр гишүүний асуудал  нэг тийшээ шийдвэрлэгдэх бололтой.  МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Д.Чойжилсүрэн нарыг мөнгө тараасан гэх үндэслэлээр  эгүүлэн татах тухай шүүхийн шийдвэр гарсан  байна. Дээр нь С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарт холбогдох асуудал хүчтэй яригдаж байна. Ийнхүү ээлжит бус чуулганыг угтсан их хүлээлт үүсээд байна.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
seheeten:
Muu ogor tolgoitoi novshnuud eh orniig mini zarj ideheer beltgej bna
2013-09-13
unshigch:
ter hen oroh hen garah yamar hamaa bnaa, bugd ijil ashig sonirholiin toloo zutgesen 1 teregnii duguinuud, chuhamdaa hen ni suuj hen ni garah etssiin dundee yalgaa bhgui ni haragdaad bgaa sh dee. harin ene eeljit bus chuulganaar baahan tatvariin daramt nemeh oorchloltuud orood bgaa yum bish uu, ter l ard tumend sonin bna, Ooron suutsnii tatvar, UB-n tatvar ch gene uu
2013-09-13
Зочин:
МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Д.Чойжилсүрэн нарыг мөнгө тараасан гэх үндэслэлээр эгүүлэн татах тухай шүүхийн шийдвэр гарсан байна. Дээр нь С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарт холбогдох асуудал хүчтэй яригдаж байна. Ийнхүү ээлжит бус чуулганыг угтсан их хүлээлт үүсээд байна.НЭГ ТИЙШ НЬ БОЛГООД АЖЛАА ХИЙЦГЭЭГЭЭЧ.
2013-09-13