:
Улс оронд бий болоод байгаа энэ таагүй өнгийг дагаад зарим улстөрч нүд нь сэргэж, дуу орж байхыг хараад жигших сэтгэгдэл төрлөө. Одоогийн тохиож буй хар сүүдэр бүрийг аймшиг болгон биежүүлэн амилуулж, айдас түгшүүр болгон улс төрийн хожоо гаргахыг улайрч буй хуучин эрх баригч эрхмүүд жолоогоо жоохон татаж жудагтай байхыг сануулмаар санагдлаа.
.
Хойшоо урагшаа хөвөрсөн өрийн цоорхой гаргаж сонгуульд ялахын төлөө улсаа умартан чичирсэн улстөрчид яагаад эдийн засаг ийн догонцож хямраад байгааг маш сайн ойлгож байгаа. Ухрах газаргүй гэдэг шиг манай дүр эсгэсэн эх орончид 2004, 2008 оны сонгуулиудад нэг л зүйлийг туйлаас эрхэм болгон харж байсан. Энэ бол яаж ийгээд сонгуульд ялах. Урд чинь сонгууль байна, ухрах газар алга, ялагдаж шоронд орох уу, шийд гэж лидер нь хэлснээр санаа зовнисон намын хэд нь ялах тактикаа боловсруулсан. Тэгээд ядарсан ард түмэндээ их хэмжээний бэлэн мөнгө өгөхөөр амлах л ялалтын босгыг намхан болгож өгнө гэж тооцсон. Харин ялсны дараа улс орны том асуудлыг хөндсөн хэрнээ маш явцуу хайрцагласан нэг л асуудал тэр үеийн эрх баригч намын дээд түвшний хүрээнд явагдсан гэж болно.
.
2008 оны сонгуульд амласан сая саяын бэлэн мөнгөө яаж ийгээд өгөхгүй бол дараагийн сонгуульд ялахгүй, тийм мөнгө улсын санд лав байхгүй, яаж өгөх вэ тэгээд, ямар санал байна...гэдэгт хариулт өгч шийдвэр гаргасан. Энэ асуултад хариулсан шийдвэрийг гаргахдаа л тэр үед эрх баригч улстөрчид эх оронч сэтгэл жоохон ч гэсэн гаргасан бол өнөөдөр хөлгүй их өрөнд орж, он дамжин дэнжигнэсэн эдийн засагтай догонцож явахгүй ч байсан байж магадгүй.
t
Эрх баригчид амлалтандаа ямар үнээр хүрсэн бэ
t
Тоон дүнгээрээ бол ойролцоогоор 800 сая ам.долларын өр тавьж бэлэн мөнгө болгон тараагаад улс орныхоо эдийн засгийн баганыг хазайлгасан ноцтой алхмыг хийсэн. Цаад уналтаараа улс орноо гадаадын нөхдийн өрийн багцад хийж, эдийн засгийг сульдаах суурийг тавьж өгсөн.
Мэдээж эдийн засагчид, үр дагаврыг нь мэдэх хүмүүс нь хэлж анхааруулж байсан ч тоож сонсоогүй. Улс төрийн зорилгоор бодлынхоо эсрэг ярихыг тулгаж, заримд нь “юм” амлаж дуугай болгосон.
.
Ямар нэг байдлаар зээл авч, өр тавьж байж бэлэн мөнгө тараахаас өөр замгүй гэдгээ сонгуулийн амлалтаа сурталчилж байхдаа ч мэдэж байсан тэд. Өнөөдрийн энэ өр, түүнийг дагасан хүндрэл ирж болох юм гэдгийг тэд мэдэхгүй биш мэдэж байсан. Гэхдээ яаж ийгээд бэлэн мөнгө тарааж тэр фонн дээрээ ялья, бусад нь хамаагүй гэж шуударсан. Ингээд нийт 800 сая ам.долларын өр тавин, иргэдээ нас болоод эрүүл ба доголонгоор нь ялгаж ангилж байгаад бэлнээр мөнгө тараачихсан. Үүнийх нь лайг өнөөдөр жинхэнэ утгаараа нуруундаа үүрсэн ард олон “юу хийчихсэн юм бэ, та нар” гэж өмнөх эрх баригчдаас асууж байна.
.
“Бид нар цэмбийсэн машин шиг “зассан” эдийн засаг хүлээлгэж өгсөн. Энэ Н.Алтанхуягийн Засгийн газар л олхиогүйтэж ийм болголоо” гэж өмхийгөө тавихгүй улс төрийн хожоо хийчих гээд л зурагт хэвлэлээр малийтал ярих юм. Тухайн цагт бэлэн мөнгөгүй хэвтэж байсан дугаар хорооны иргэн Доржийг бодсондоо биш, өөрсдөө л Засгийн эрх баригчаар үргэлжлүүлэн үлдэхийн төлөө улайрч, хутгасан жонхуугаа яаж ийгээд аргалж цайруулна гэж хөнгөмсөг бодсон байх. Гэхдээ эх орны эрх ашиг яригдаж байхад ирээдүйн албан тушаал намынхаа төлөө тэд шийдсэн.
.
Шулуухан хэлэхэд, эх орноо, ард түмнээ бодоод тийм их бэлэн мөнгө тараах боломжгүй, ирээдүйгээ бодьё гэж хэлэх зориг тэр үеийн эрх баригч МАН-д дутсан. Өрсөлдөгчдөө ялагдахаас айхдаа “1.5 саяыг өгчих чадал манай эдийн засагт байгаа. Хишиг хувиа аваарай, бид чадна” гэсэн. Яаж чадсаныг нь бид өнөөдөр харж байна.
Амлалтынхаа бэлэн мөнгийг 800 сая ам.долларын өр тавьж байж тараасныг дээр өгүүлсэн. “Эрдэнэт”-ийн 200 сая, “Эрдэнэс Тавантолгой”-н 350 сая, “Оюутолгойн” 250 сая ам.доллар гээд энэ их хөрөнгийг эргэлдүүлсэн бол Монголын эдийн засаг өдийд яаж сэхэж сэвийх ч байсан юм билээ.
.
Хамгийн сүүлийн мөнгөө тарааж амлалтаа боохын тулд Хятадын өмчит Чалко компаниас 350 сая ам.доллар зээлсэн байдаг. Амлалтын ялалтаа найдвартай болгохоор Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн тойрогтоо хууль зөрчин эх орны хувь хишгийг гүйцээн бэлэн мөнгөөр сэмхэн олгосон шуугиан одоо ч яригдаж байгаа.
.
Гэхдээ асуудлын асуулт бол энэ амлагчид ер нь хэн бэ гэдэг.
Тэд эх оронч лав биш, хутган үймүүлэгч арай ч биш. Харин сонгуулиас сонгуулийн хооронд тасралтгүй хор хутган ажиллаж төрийн эрх авах ганцхан зорилго бүхий өөрийн үзэл баримтлалгүй, эрхэм зорилгогүй болсон улс төрийн нам буюу биднийгээ “нам” алагч нар байж гэвэл үнэнд ойртоно.
.
Алдаа бүхний ард “хэрвээ” гэсэн асуулт зүүгддэг. Хэрвээ тэр үед бэлэн мөнгө тараах гэж өр тавиагүй бол, хэрвээ 800 сая ам.доллар эдийн засагт эргэлдэж байсан бол, хэрвээ МАН сонгуульд ялахын төлөө бус маргаашийн сайн сайхны төлөө эрсдэл үүрэн хоосон амлалтаа цуцалсан бол, хэрвээ эх оронч дүр үзүүлэх гэж сонгууль тосон хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөн гадаадынхныг үргээгүй бол ...гэсэн олон “хэрвээ”-гийн пайзыг урьдын эрх баригч намынхны хүзүүнд асуулт болгон зүүх нь ард түмний хувьд шударга хэрэг юм.
.
Хэрвээ бидэнд 800 сая ам.доллар байсан бол, хэрвээ Чалко-д 350 сая ам.долларын өр тавиагүй, хэрвээ Тавантолгойн нүүрснээс олсон мөнгөө өр дарж буцаж гардаггүй бол, хэрвээ Алтанхуягийн Засгийн газар эргэлтийн хөрөнгө гэх хэдэн сая доллартай засаг хүлээж авсан бол бид бас ингэтлээ дордохгүй байсан болов уу. Үнэндээ Оюутолгойн бүтээн байгуулалт гацчихаад байгаа бус эхний хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалт нь дуусч, хоёрдох бүтээн байгуулалт эхэлж энэ хөрөнгө оруулалтыг даган эдийн засагт эргэлдэх хэдэн сая доллар нь орж ирэх хоорондын завсар гараад байгаа үе нь энэ зун намраар дамжин таарч байна.
.
МАН-ынхан минь. Яг энэ үед та бүхний 2008-2012 онд салхинд хийсгэх мэт хүмүүст тарааж, архи тамхи, чихэр боов болгочихсон нэг их наяд орчим төгрөг буюу 800 сая ам.доллар минь байсан бол завсрын энэ үеийг өөрийн хэдэн доллароор нөхөж, хүндрэлийг алзахгүй давчих байжээ, бид.
Хайран бас харамсалтай үрсэн 800 сая ам доллар.
.
П.Баярхүү /тоймч/