Эмнэлэг бол уг нь өвчин гэдэг мангаа ирсэн үед манийгаа аврах буянтны орон, ачтаны өлгий юм. Харин одоо цагт төрийн өндөр дээд эрхмүүд “бүдэрч” янз бүрийн хэрэгт орооцолдох ахул ивээлд нь багтддаг газар болсоон. Дээд зиндаанд шүүхээр таслагдах эрхмүүдийг эмнэлгээр дамжуулахгүйгээр хорьж барахгүй гэдгийг энэ хавтгай дээр та ч харлаа, би ч харлаа, шүүх ч ойлголоо. Шүүх хурлын танхим эмнэлгийн ор хоёрын дунд ойрхон зай байна. Мэдээж эрх мэдэлтнүүдэд энэ зай хамаарна. Жирийн иргэнд бол саналтгүй. Шүүх хурлын танхимаас өнөөх хэцүү нэрт хүлээнэ. Энэ төрлийн жишээ мэдээндээ хамгийн дуулиантай ТОП болсон нь цагдаагийн дарга асан, хурандаа нарын хэрэг.
.
“....Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд ор хүлээн дугаарлаж байдаг. Гэтэл таслан сэргийлэх арга хэмжээ авсан хурандаа нарыг жирийн өвчтөнүүдийн өмнүүр оруулан байж эмчилж байлаа. Хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойрон дахь үйл явдлаас иргэд олон зүйлийг мэдэж авсан. Цагдаагийн даргыг хорих шийдвэрийг шүүх гаргасан ч, биелэлээ олох боломжгүйг харууллаа. Мөн хурандаа нарыг хорихын эмнэлэгт хэвтүүлж болохгүй байгааг харахад тэнд хүнийг эмчилдэггүй юм байна. Ерөөсөө л хорихын эмнэлэгт даралт бууруулчих хэмжээний эмчилгээ хийх боловсон хүчин байхгүй бололтой. Тиймээс шоронд хоригдож байгаад эмчлүүлэх шаардлага гарвал хорихын эмнэлэгт найдаж л лав болохгүй нь. Үүнээс гадна дэлхий нийтэд чихрийн шижинтэй хүнийг хорьж болдоггүй хуультайг хурандаа нарын ачаар иргэд мэдэж авлаа. Мэргэжлийн хүний яриагаар урьд өдөр нь согтууруулах ундаа хэрэглээд, маргааш нь чихэрлэг ундаа уучихвал бие дэх сахарын хэмжээ ихэсдэг гэнэ. Хурандаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн өдөр цагдаа нарын нэг архи бариад орж байсан нь ийм учиртай ч байж мэдэх. Чихрийн шижинтэй хүн хоригддоггүй, шинжилгээгээр сахарын хэмжээгээ их гаргаж болдог аргыг иргэд хурандаа нарын ачаар мэдлээ...” гэж гайхаж цөхөрсөн сэтгүүлч тэр үед нэг сонинд бичиж байлаа.
.
Хэзээ ч жирийн иргэн болохгүй гэдгээ харуулсан манай экс Н.Энхбаяр гуай бол бүр тасарцан. Шүүхийн шийдвэрээр ялтан хоригдол болсон ч эмнэлэгт байсаар байгаад л гарч ирсэн. Намынхаа сайдаар тушаал журам гаргуулж Сайд нарын гэх тодотголтой ямбаны эмнэлгийг сайн эрчүүдийн амралтын эмнэлэг болгож чадсан үнэхээр түүхэн хүн. Гэхдээ хамгийн өөдгүй нь улстөрчид ,албан тушаалтнууд ингэж шударга шүүхээр орох болохоороо эмнэлгээ санагалзаж анхаарч эхэлдэг. Харин цагаан цамцтайгаа, хүрэн ширээнийхээ ард сууж байхдаа бол эмнэлгийн салбарт хөрөнгө мөнгө хаяна гэсэн төсөл, төсөв орж ирвэл “дунд хуруу”-мөнгө байхгүй ээ, дараа оруулаад ир л гэдэг байж.
.
Хамгийн сүүлд батлагдаж хамгийн бага мөнгө авдаг төсөвтэй нь хөөрхий эмнэлгийн барилгууд. Эх нялхсын гэх ариун нандин нэрээр овоглодог нэг нүсэр барилгад сая л нэг их засвар орж байна. Аргагүй нөхдүүд яаж ч бодоод эх нялхаст очиж хэвтэхгүй л дээ. Нийслэлийн гурван амаржих газрыг өргөтгөж, дөрөв дэх төрөх эмнэлгийг барих шийдвэрийг хуучин засгийн үед тодруулбал, хоёр жил гаруйн өмнө гаргасан гэх ч тэр өргөтгөлүүд, шинэ амаржих газрууд нь сая л нэг сураг нь гарч дутуу хагас барилга нь зурагтаар харагдах болсон.
.
Орон сууцны хэд хэдэн хороолол босч, Тусгаар тогтнолын ордон сүндэрлэж амжсан ч өнөөх төрөхийн барилга одоо л нэг битүүрч байгаа юм. Барилга нь эхэлсэн ч дулаан усыг нь яаж өгөхөө ярилгүй мартчихсан байсан шахуу л юм бас араас нь яригдаад байгаа. Дахиад зөндөө эмнэлэг, төрөх барих хэрэгтэй л байгаа.
Тээр дээр байдаг, тэрбум тэрбумыг зохицуулдаг дарга нар хэрэгт холбогдвол нууц байсан архаг өвчин нь аймаар хурдан сэдэрч яаралтай эмнэлгийн “хамгаалалт” хяналтад орж байна.
.
Олон улсын стандартын эмчилгээ, оношлогооны төв Улаанбаатарт байгуулахад 69 тэрбум төгрөг батлах гэвэл манай хэд кнопоо дарахгүй босч сунайсаар гарч чадах л байх шүү. Харин хийсэн хэргийнхээ төлөө шударга шүүхээр орох бол эмнэлэгт очихгүйгээр таслагдана гэж байхгүй шүү гээд л чардайна. Тэд /хэн гэдэг нь тодорхой/ эмнэлгийн үйлчилгээ хэцүүдсэн байгаа тул жилдээ 140 тэрбум төгрөгийг манай иргэд гадаадын эмнэлгүүдэд төлдгийг бол мэдэхгүй л гэнэ. Мөн тэд зөвхөн нийслэлд нэг шөнийн дотор тавин хүн өвчний улмаас нас барж буйг мэдэхгүй юм.
.
Эмнэлэг хэрэгтэй цагт та нарыг түр ч гэсэн хамгаална. Харин ард биднийг эмнэлэг байнга авран хамгаалж байх энэ үүргээ түүртэлгүй биелүүлэх чадамжтай, боломжтой байх ёстой юм гэдгийг заавал шүүх танхимаас эмнэлгийн орыг үгүйлэх үед чинь сануулж байх ёстой юм уу, хаашаа ч юм бэ дээ. Муу ёрлож байгаа юм биш зүгээр хэлье.
.
Н.Энхбаяр дарга шиг заавал биеэр туулж мэдрэхийн оронд, цэлгэр танхимдаа сунайн сууж байхдаа жирийн амьдралыг цонхоор ч болов харж мэдрэх хэрэгтэй юм шүү, эрхмүүдээ. Эмнэлэг олныг барих төсөв мөнгөн дээр кнопоо уралдан дарцгаа.
.
Нэгэн цагт таныг биш гэхэд садан төрлийг тань, үгүй дээ ард бидэнд үхлээс аврагдаж, амьдралд үлдэх боломж нэмэгдэнэ. Үхэлд арын хаалга байхгүй гэдэг шүү дээ.
.
Б.ШҮХЭРЧ