Жил бүрийн хавар их, дээд сургуулиуд шинэ оюутнуудаа хүлээн авч, бүртгэлээ эхлүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулиа /ЕБС/ төгсөж буй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож буйг, мөн ирээдүйгээ, Монгол Улсын боловсролын салбарыг яаж харж, дүгнэж байгаа талаар бяцхан сурвалжилга бэлдлээ.
Мэргэжил сонголт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй. Европын улс орнуудад үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд технологийн шийдлийг нэвтрүүлж, олон зүйлийг автоматжуулсантай холбоотойгоор хүний ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх нь тулгамдсан асуудлын нэг нь болжээ. Монгол Улсын хувьд ажлын байр нэмэгдэж байгаа ч ажилгүйдлийн тоо өсөх болсон нь мэргэжил сонголттой холбоотой болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Нэн ялангуяа энэ жилээс ажлын байрны орон тоо дутагдалтай зургаан мэргэжлийн босго оноог 400-440 болгон тогтоосон. Харин бусад мэргэжил дээр босго оноог өсгөж, хамгийн багадаа 480 болгосон юм.
Монгол Улсад жилд 40 орчим мянган оюутан төгсдөг бөгөөд 28,5 хувь нь буюу 10 мянга орчим нь ажлын байраар хангагддаг аж. Гэхдээ тэдний олонх нь мэргэжлээрээ гэхээс илүү мэргэжлийн бус ажлын байранд хамрагддаг байна.
Нийслэлийн 18-дугаар сургуулийн сурагч О.Нандин-Эрдэнэ /12-р анги/:
-Би эмч мэргэжлээр суралцахаар сонгосон. Сургуулиа төгсөөд шууд гадаадад сурах хүсэлтэй байгаа учраас англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын тулд сургалтанд тогтмол хамрагдаж байгаа. Хэдий сувилагч мэргэжлийг сонгох гэж байсан хэдий ч хэт их ачаалал, цаг наргүй ажилладаг гэдгийг сонсоод эмч болох нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Манай ангийхны хувьд ихэвчлэн хуульч, эдийн засагч, олон улсын харилцаа, инжинер гэх мэргэжлийг сонгосон байсан. Энэ жилийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн босго оноог бага болгосон байсан нь зарим хүүхдүүдэд их олзуурхууштай болж байгаа хэдий ч нөгөө талаараа ямар ч сонирхолгүй хүүхдүүд тэр мэргэжлүүдээр элсэн ороод чанаргүй төгсөгчид бий болох вий гэдгээс эмээж байна даа. Үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд, өөрийн сонгосон мэргэжилдээ хариуцлагатай байж өөрийн төдийгүй бусдынхаа ирээдүйн сайн сайхны төлөө хичээцгээе. ЭЕШ-аа сайн өгөөд хүссэн сургуульдаа орж аав ээжийгээ баярлуулаарай.
Нийслэлийн 97-дугаар сургуулийн сурагч М.Өлзийжаргал /12-р анги/
- Би Нийгмийн удирдлагаар Батлан хамгаалах их сургуульд элсэн орох гэж байгаа. Яагаад сонгосон бэ гэхээр багаасаа л цагдаа цэрэг хууль нийгэм тал илүү таалагддаг байсан ер нь л жоохон байхаасаа мэргэжлээ сонгосон. Мөн нийгэмшилт сайтай нийтэч болохоор гэр бүлийнхэн маань хүртэл намайг маш сайн дэмжсэн. Энэ жилийн хувьд зарим мэргэжлийн босго оноог 400-440 болгосон байсан. Миний хувьд энэ тал дээр жоохон сөрөг бодолтой байгаа хэдий ч нөгөө талаасаа бид чинь 10 дугаар ангиа бүтэн цахимаар харин 11 дүгээр ангиа танхим цахим хосолсон хичээл үзэж байсан болохоор нэг талаасаа бас боломж олгож байна гэж харж байгаа.
Миний хийсэн мэргэжил сонголт бол хүүхдүүдрүү илүү чиглэж ажиллахаар бодож байгаа. Энэ нь илүү хүмүүжилтэй холбоотой. Одоо үед хүүхдүүд интернетээр ямар нэг юм болбол шүүд бичлэг хийж тавих зэргээр маш хараа хяналтгүй байдаг. Энэ тал дээр илүү ажиллаж хүүхдүүдэд интернетийн тухай зөв ойлголт өгөх хүсэлтэй байна.
Харин үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд, Хүн бүрт өөрийн сурах арга барил гэж байдаг. Тэр аргыг олж чадаагүй хүн 1000 хичээгээд ч юмыг сурч чаддаггүй. Харин өөрийнхөө сурах арга барилыг олсон хүн 3 аас 4 удаа оролдоод үзэхэд сурчихсан байдаг. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр, өөрийн арга барилаа одоо олоод мэдчихвэл ядаж нэг хичээлээ бүрэн сурч өөрийн болгож авч чадна. Иймээс өөрийн амархан сурч чадах аргыг олоорой тэгээд эеш-д нь амжилт хүсье.
Хэнтий аймаг, Чингис хотын Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Ш.Тэмүүлэн /12-р анги/
- Миний сонгосон мэргэжил бол цэрэг цагдаа. Энэхүү мэргэжлийг сонгосон шалтгаан маань өвөө, ах нар маань байсан юм. Яагаад ч юм төрийн хувцас өмсөөд явна гэхээр л сайхан санагдаад байдаг. Миний эргэн тойрны найзууд маань цагдаа, эмч, инжинер, сэтгэлзүйч зэрэг мэргэжлийг түлхүү сонгож суралцахаар бэлдэж байгаа. Босго онооны хувьд нэг талын боломж нөгөө тал нь тухайн хүүхэд яг өөрийн сонирхлоор орж байгаа юу? эсвэл дүнгээсээ шалтгаалаад л орж байгаа юу гэдэг нь асуудалтай. Тиймээс хүсээгүй орсон хүүхдүүд ажлын байран дээр гараад тийм ч амжилттай явахгүй байх. 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүддээ Хүсэл, сонирхлоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хүсэл, сонирхол нь өөр зүйлс. Сонирхол харьцангуй тогтвортой. Харин хүсэл та хоол идмээр санагдаад идсэний дараа дахиад идмээргүй санагдахтай адилхан. Түүнтэй адил хүсэл сонирхлоо зөв тодорхойлохыг хүсэж байна.
Нийслэлийн 77-дугаар сургуулийн сурагч Л.Амарбаясгалан /12-р анги/
-Багаасаа гар урлалын зүйлд сонирхолтой байсан. Бас зурах тэр тусмаа fashion sketch зурах дуртай байсан.Тэгээд гэр бүлтэйгээ зөвлөлдөж бас үүнээс гадна мэргэжилийн маань онцлог таалагддаг хэний ч сэтгээгүйг сэтгэж хараагүйг харж муухайг ч сайхан болгож чаддаг учраас маш их таалагдаж сонгосон Хувцас дизайнер гэх мэргэжлийг сонгосон байгаа. Манай ангийн хүүхдүүд түлхүү программ хангамж, it инженэрээр суралцах гэж байгаа. Энэ жилээс зарим мэргэжлийн дүнг буулгаж байгаа нь эх орондоо хэрэгтэй хүмүүсийг улам их болгий гэвэл тодорхой хэмжээнд буулгасан нь зөв ч гэсэн мэргэжлийн талаас ур чадварын шалгууртай байвал аль алинд нь хэрэгтэй гэж бодож байна.
Би өөрийн сонгосон мэргэжилдээ 100% итгэлтэй байгаа. Тодорхой хэмжээнд саад бэрхшээл гарах ч гэсэн надад энэ мэргэжлийн онцлог, үнэ цэнэ нь таалагддаг учраас жижигхэн асуудлыг давж гарч чадна гэж бодож сонгосон доо.
Харин төгсөх ангийн сурагчдадаа хандаж хэлэхэд юун түрүүнд мэргэжлээ сонгоогүй хүүхдүүдэд бусдын юу гэж хэлэхээс илүү өөрийнхөө хүсэл сонирхол чаддаг зүйл дээрээ тулгуурлаж сонгоорой. Мэргэжлээ зөв сонгоод ЭЕШ-аа бэлдэж байгаа хүүхдүүдэд амжилт чи хийж л байвал чадна гэдэгт итгэж байна.
Нийслэлийн 77-дугаар сургуулийн сурагч Ц.Буянтогтох /12-р анги/
Би өөрийн хүсэл сонирхлоор хуульч өмгөөлөгч мэргэжлийг сонгосон. Яагаад гэвэл багаасаа бусадтай харилцаа тогтоох чадвар болон хэргийг шийдвэрлэх надад сонирхолтой санагддаг байсан. Манай ангийнхны хувьд өндөр цалинтай, ажлын байр ихтэй мэргэжлийг сонгосон байсан.
Энэ жилийн хувьд багшийн мэргэжлийн босго оноог багасгасан нь буруу шийдвэр байсан. Босго оноог буулгахаас илүүтэйгээр цалин нэмэх нь илүү чухал санагддаг. Тэгэхээр цалин өндөр мэргэжлийг хүмүүс их сонгох болсон юм шиг санагдсан.
Аливаа зүйлд 100 хувь итгэнэ гэдэг байж боломгүй зүйл гэж би хувьдаа боддог амжилтанд хүрхэд 98 % хичээл зүтгэл үлдсэн хоёр хувь нь аз байдаг учраас би энэ мэргэжлийг эзэмшиж чадна гэж бодсон. Үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд, хичээл зүтгэл амжилтанд хүрэх энгийн зам учир үе тэнгийн найзууд минь хамтдаа хичээцгээе
Ц.Наранцацрал