Лидергүй болсон гэх намын орон зайд лидер болох тавилантай гэдгээ шар зурхайгаар зуруулж тодруулсан бүлэг фракцийн төлөөлөл, нэр дэвшигчид хэвлэл, цахим нийтлэлийн хойморт хэд хоногтоо буухааргүйгээр ярилцлагаа байршууллаа.
7
Ж.Сүхбаатарын “Би өрсөлдөөнөөс айдаг хүн биш”, М.Энхболдын “Цаашаа л явцгаах нь чухал”, Н.Энхболдын “Намын амьдралд оргил дандаа дундынх байдаг юм”, Т.Аюурсайханы “МАН-д наймаачин дарга хэрэггүй”... гээд зүүсэн гарчиг, ишлэлээрээ санаа зорилгоо “базан” илэрхийлсэн ирээдүйн намын дарга, генсект горилогчид ил гарч ирлээ.
6
МАН-ын их хурлаас гишүүд болон дэмжигчид нь шинэчлэлийг, их уналтын дараах сэхэлтийг хүлээж байгаа гэдэг. Харин жирийн иргэдийн хувьд энэ их хурлаас юу хүлээж, одоо идэж байгаа талханд нь юу нэмэгдэж юу хасагдах ёстой вэ.
6
Бид парламентын засаглалтай. Энэхүү засаглалын хэлбэрээс хамаарч улс төрийн нам нь төрийн нэг интитуци болж өгдөг. Ийм учраас МАН-ын ямар үзэл баримтлалтай, бодлого хөтөлбөртэй, төрд дүрэх гар савар нь хэр цэвэр байх нь анхаарлын төвд байх нь зүй.
6
Энэ өдрүүдэд хэн МАН-ын дарга болох вэ гэдэг дээр бүх ажиглагч, улс төр хөөгчдийн анхаарал төвлөрөөд байна. Тоолж тоочиж хэлэхэд ч бухимдал нь төрөхөөр олон ялагдлын хариуцлагыг тооцож одоогийн намын удирдлага болон Ө.Энхтүвшин дарга болон генсекээ солино гэж байгаа.
6
Энэ хооронд ямар хор гээч нь хутгагдаж хэн нь юугаараа илүүрхэн намын даргад өрсөлдөж ялах талаар хэвлэлүүд тоймчид хангалттай бичиж таамгаа уралдуулж байгаа тул энд дахин нуршин бичээд яахав. Ард иргэдээ ингэж тэтгэнэ, улсаа оргилд гаргана, хөгжүүлнэ гэж номчирхдог намууд 20-оод жил төрд хутгалдлаа. Энэ хугацаанд хэдхэн хүнийг баяжуулж ирснийг, шинэ залуу үеийнхээ моралийг эвдэж, намын гишүүнээс дарга, даргаас тэрбумтан болж болдог дамжаанд хавгайруулан сургаж ирсэн балагт мөрөө засч чадах уу гэсэн хүлээлт олон нийтэд байгаа.
6
Намыг амархан баяжиж, төрийн сэнтийд хүрч болох цахилгаан шат болгон харж, нөлөөтэй нэгэнд долигонох, зусардахаас эхлээд авилгачийг авилгадах хүртлээ албан тушаалын төлөө улайрч ирсэн, улс төрийн болоод нийгмийн үнэ цэнэтэй ойлголт бараг байхгүй гэж болох ялзарлаас залуусаа, намаа цэвэрлэж авах суурь шинэчлэл тавигдвал энэ хурлын тэмдэглэлт ололт биз ээ..
6
Учир нь улс төрийг амархан баяжих буюу цэцэрхэж болох чөлөөт талбар гэж ойлгож харж байгаа хүмүүс дээш их өгсвөл хэтдээ улс оронд, ард түмэнд ирэх төвөг чирэгдэл нь мөн их болно. Яг үнэндээ манай намууд зүүний эсвэл барууны чиглэлтэй юм уу гэдгийг нь ч ойлгогдохгүй болоод байгаа. Нам дотроо хэнийг нь дагаж гутлыг нь сайн тосолбол дээшээ гарах уу гэж шаналсан, дээдэстэй хор найруулж яаж ийгээд төрийн албанд гарч мөнгө хийх үү гэсэн нэгэн үеийн нялх сэнгүм болоод асман улстөрчид сүүлийн жилүүдэд хэт олширсон. Энэ нь намын нөхөд төрийн албыг бие биедээ шагнал болгон өгч ирсэн гажууд хөшүүргээс үүдэлтэй.
6
Аймаг сум дүүргийн намын хорооноос эхлээд тэрний энэний гэх холбоогоор дээш өгсөх, нам дотроо хэн нэг нь, ямар нэг санал хураалтаар унах, ялахыг шийдэлцдэг бага хурлын гар өргөгч гишүүн болохын төлөө өөр зуураа хормойгоо хүүлэлцэж улс төрийн хамгийн бохирыг нь эхэлж суралцаад, намынхаа толгой өөд мацах амбицтай нэгэн үеийнхэн бий болсон байх магадлалтай. Аливаа нам дотроосоо өтвөл нийгэм дагаад үнэр орчихоод байгааг өнгөрсөн хэдэн жил бидэнд тод харуулж өгсөн. Тийм болохоор энэ намыг цаашид яаж хөдлөхийг олон нийт ажиглаж байна.
5
“...Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс үүдэлтэй, харин амжилт, ололт бол баг, хамт олон, магадгүй мянга мянган хүний бүтээл байдаг билээ...” гэж ялагдлыг зөвхөн удирдлага руу нялзаах маягаар улс төр хийж байгаа нөхдүүддээ хандан дарга Ө.Энхтүвшин нь нэгэнтээ сануулан хэлж байсан. Мөн тэрбээр “...Сөрөг хүчин болсон үеийн намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан” гэжээ.
6
Хэн ч намын дарга болж болох юм. Үүнийг хурлын төлөөлөгчид шийднэ. Харин сонгосон даргаа эвэр, туурайтай, хазах шүдтэй болгож намын дүрмээ шинэчлэх нь их хурлын элч төлөөлөгчдийн гишүүдийнхээ өмнө хүлээх нэн чухал үүрэг нь болох байх. МАН-ын сүүлийн хэдэн жил хойморлож ирсэн улс төрийн их ноёрхлын сүүдэрт монголын төр нь асар их намчирхсан, хөгжлийн хоосон онолоор номчирхсон, популист сонгуулиар эдийн засгаа уруудуулсан он жилүүдийг бичиж үлдээсэн. Мэдээж улс орондоо хийсэн сайн сайхан үйл хэрэг ч их байгаа. Алдаа завхралаа нэгтгэн харж энэ их хурлаараа шүүмжлэн хэлэлцэж дүрэм болоод хөгжлийн хөтөлбөр, үзэл баримтлалаа шинэ шатанд авчрах цаг үеийн шаардлага дор МАН-ын их хурал хуралдах гэж байна.
6
Ард түмэн өнгөрсөн сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа гэдгээ харуулж, ирэх 4 жилд хүчтэй сөрөг хүчин байх төрийн манааны том үүргийг үлдээсэн. МАН үнэхээр Ардын нам гэдгээ харуулж, жирийн гишүүд дэмжигчдээсээ үг сонсч, өнгөрсөн сонгуулийн үеэр олж авсан давуу тал, ухаарлаа бататган улс орноо хөгжүүлэх бусдаас ялгарсан үзэл баримтлал, өрсөлдөхүйц хөгжлийн хөтөлбөртэй болж ард түмэнтэйгээ амь нэг нам болох шаардлага бол өөрөө нийгмийн захиалга байсаар байх юм. АН яаж ч гайхалтай төр барилаа гээд нэг намыг шүтэх үеэ өнгөрөөсөн ард түмэн бид. Сөрөг хүчингүй, шүүмжлэгчгүй, ганцхан АН-ын төр байхыг ард түмэн сайшаахгүй. МАН-д өнгөрсөн цагт гаргасан гажуудал хэтийдэл бүхнээ засах, эрх баригчдыг хянах том үүргийг өгөөд хэрхэхийг нь ард түмэн харж байна. Энэ нам өөрчлөгдөх ёстой юу гэвэл ард нийт бүгд тийм л гэх байх. Харин яаж өөрчлөгдөх вэ гэдэг асуултад энэ их хурлаараа хариулт өгөх юм.
6
Намын дарга хэн байх вэ гэдэг топ сунгааны цаана, энэ нам улс оронд ямар хөтөлбөр, хөгжлийн онолыг дэвшүүлэх вэ гэсэн өргөн агуулга, хол хараатай хүлээлт байгааг МАН-хан бүү мартаасай.
6
П.Баярхүү /тоймч/