МАН-ын XXYII их хурал хэдхэн хоногийн дараа болно. Их хурлын өмнөх дажин ч эхэллээ дээ. Тус намын фракц бүлэглэлүүд дотроо ид буцалж байна. Энэ их хурал намаа шинэчилж чадах уу, их хурлаас сонгогдох удирдлагууд ирэх 2016 онд намаа сонгуульд ялалт байгуулах хэмжээнд ажиллаж чадах уу гээд л олон асуулт, асуудал таамаглалыг хөврүүлж байгаа. Хэн намын удирдлагаар сонгогдохоор энэ бүхэн хамаарна. Энэ сарын турш МАН-ын дарга, генсект нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаарх таамаглал хэвлэлээр цацагдлаа. Өнөөдрийн байдлаар зарим нь нэр дэвшихээ ил тод зарлаад байна. Тухайлбал, МАН-ын даргад УИХ-ын дэд дарга М.Энхболд, Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар, ерөнхий нарийн бичгийн даргад М.Энхмандах өрсөлдөнө гэдгээ олон нийтэд ил тодоор зарлалаа.
Ер нь МАН-ын хуучин арга барил бол дотоод зохион байгуулалтаа ил тод зарлаад байдаггүй. Асуудлаа тогоон дотроосоо халиалгүй дарж байгаад цаг нь болохоор дэлгэдэг. Гадуур ямар ч мессэж явж байсан дуугаа хурааж чаддаг давуу талтай байлаа. Байлаа гэдгийн учир өнөөдөр сөрөг хүчний үүрэг хүлээсэн МАН эрх баригчдыг хянахаас гадна дотоод зөрчлөө хянах, салхи оруулахгүй байх хамгаалалт суларсантай холбоотой. Цаг үе нь ч өөр болж, цагаа дагаад өөрчлөгдөж байгаа юм болов уу даа. Аль ч их хурлын үед намын даргад нэр дэвшиж байгаа эрхмүүдээс “би өрсөлдөнө” гэж ил тод зарлаад байсан түүхгүй. Өнөөдөр өрсөлдөхөө мэдэгдээд байгаа М.Энхболд ч 2005 онд намын даргаар сонгогдохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхаглаж байгаагүй.
6
Юм өөр болжээ гэдэг энэ биз. Тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх эрхмүүд нь мөрийн хөтөлбөрөө зарлах байтугай ганц үг ган хийж байсангүй. Намын даргаар хэн сонгогдоно, түүнтэй гар нийлэх эрхэм л дотоод аппарат хариуцах генсек болох “жамтай”. Энэ жам Сү.Батболдыг дарга байх үед гажсан хэдий ч хүнтэй эвийг олчихдог, дипломатч даргад цэрэгжсэн “школтой” баруун гар нь харин ч дэм болж байлаа.
6
Намын дотоод асуудлаараа хэвлэлээр мэтгэлцэх нь МАН-ын зан биш, Монголын ууган хүчин болж, зүүний чиглэлийг баримталсаар ирсэн энэ намд ийм үйлдэл зохихгүй гэх мессэж ажиглагчдын зүгээс гарч байна. Цаг үеэ дагаад нийгэм өөрчлөгддөг ч намын уламжлал тэр бүр алдагдаад байсан удаагүй. Энэ удаагийн үзэгдлээс харах юм бол намын даргад нэр дэвших өрсөлдөөн хүчтэй явагдах бололтой дог. Хэдхэн хоногийн өмнө тус намын экс дарга С.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа намын даргыг УИХ-ын гишүүдээс сонгох албагүй гэсэн бол гишүүн Ж.Энхбаяр мөн л намын даргад нэр нь явж байгаа эрхмүүдийг шүүмжлээд авна лээ.
6
Их хурал болох өдөр ойртох тусам намын дотоод зөрчил ийнхүү ил цухалзаж, ширүүн үг шидэлцэх болов. МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн М.Энхболд “би хийсэн юмтай хэлэх үгтэй хүн, хямралтай үед ачааны хүндийг үүрсээр ирсэн, одоо л намайг дэмжиж, миний хүчийг үзэхгүй бол хэзээ үзэх билээ” хэмээн өөртөө итгэлтэйгээр бусад өрсөлдөгчдөө хатгалаа. УИХ-ын дэд дарга, хотын фракцыг атгадаг энэ эрхмийн хувьд замаа тун сайн засчээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар уг нь намын дарга Ө.Энхтүвшингээ дэмжиж байсан, нөгөө талаас намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг ч чадлаараа дэмжиж, өөрийн тойрог болох Төв аймагт түүнийг ялуулсан гээд тал алдаагүй байна. Магадгүй, их хурлын үеэр Ө.Энхтүвшин намын даргын ажлаа хүлээлгэн өгөхдөө, өөрийн дараагийн хүнээр М.Энхболдыг санал болгох сценари явагдахыг үгүйсгэхгүй. Ер нь М.Энхболдыг хотын фракцынхан хийгээд УИХ-ын гишүүдийн дийлэнх, тэдний тойргоос сонгогдсон төлөөлөгчид дэмжих гээд энэ их хурлынх сценари аль эрт бэлтгэгчихсэн байгаа гэдэгтэй “гар барьсан” ч болно. Харин намын даргыг парламентаас гадуур сонгох С.Баяр, У.Хүрэлсүх ба түүний нөхдийн зүгээс хэр цохилттой тулгарахыг хурлын уур амьсгалаас харж болох юм. С.Баярын хувьд улс төрийн чадварлаг дэглэлттэй, нам байтугай төр, засгийг хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. МАН-ын даргад 50, 60, 70 гээд он оныхон л өрсөлдөх нь.
6
Тус намын Шинэчлэлийн хорооноос Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханы нэрийг намын даргадаа дэвшүүллээ. Т.Аюурсайханы намтрыг харахад Турк улсад эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны докторант, англи, оросоос гадна турк, япон, солонгос хэлтэй. Нэг үе Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж байсан. 2008-2012 он хүртэл Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс, тэргүүлэгч, Засаг дарга хүртэл албыг хашжээ. М.Энхболдтой харьцуулахад Улаанбаатар хотын унаган иргэн, 23 дугаар дунд сургуулийн төгсөгч, басхүү Чингэлтэй дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг даргын албыг хүртэл хашсан гээд харьцуулахад ижил төстэй зүйл байгаа ч нас, зүс амьдралын туршлагаараа тэс өмнөө л дөө. Юутай ч Шинэчлэлийн хорооныхон хэн нэг “ах”-ынхаа нөмөрт суулгүй, намын даргад өрсөлдүүлэх хүнийхээ нэрийг дэвшүүллээ. Тэднийг “ах нар” нь хэр “балишиглах” бол. Цаашлаад их хурал хүртэлх цөөн хэд хоногт хэн хэн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга өрсөлдөхөө илээр зарлах бол. Монголын ууган хүчний их хурал улс төрийн намууд, ажиглагчдын төдийгүй анхаарлын төвд байна.
6
Их хурлын тов ойртох тусам фракцуудын дуу хоолой нэлээд өндөрсөх төлөвтэй. Нэрээ ил зарласан хэдээс гадна намын даргад Н.Энхболдын нэр дуулдах болсон. Түүний хувьд С.Баярын дэмжлэгийг авах нь ойлгомжтой. Дээр нь элдэв зүйлд нэр нь холбогдсон зүйл сонсогддоггүй нэгэн. Түүнчлэн Ц.Нямдорж гишүүний нэр дуулдаж байгаа ч түүнийг хол явахгүй гэх хүмүүс ч байна.
6
Намын генсекийн хувьд фракц бүлэглэлүүд өөр өөрийн хүнээ ил тод зарлаад байгаа. Дээр дурьдагдсан М.Энхмандахаас гадна Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар гээд хотын фракцийн дэмжлэгтэй, Сү.Батболдын түлхээстэй нэрс ч дуулдаж байна.
6
Б.Халиун