Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт хийх үедээ хүчтэй салхины нөлөөнд орж, хажуу бөөрөөрөө унасан “А-Жет Авэйшн” ХХК-ийн МИ-8 нисдэг тэрэгний талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа гэж ИНЕГ-ынхан гомдол мэдүүлж мэдэгдэл гаргасан байна. Шуугиад эхлэнгүүт нь хариуцах газар баттай эх сурвалжууд нь мэдээлэл өгөхгүй харзнаад ч юм уу, дараад ч юм уу битүү байгаад байвал таамаглаж баримт мэдээлэл цуглуулах нь хэвлэлийнхний нэг “хобби” бас үүрэг нь мөн.
.
Хэд хоногт “МИ-8”-ийн тойрогт янз янзын л гайхалтай үгүйсгэл, мэдэгдлүүдийг сонслоо, бид. Бөөрөөрөө бөндийтөл уначихсан зураг нь гарчихаад байхад осол биш буулт байсан гэж мэдэгдэх юм. Хэрэв хэн нэгэн эрсдэж, гэмтсэн бол үүнийг осол гэдэг ба харин энэ тохиолдолд ослын буулт хийсэн гэж үзэж ёстой гэсэн тайлбар ч явж байна.
:
Анхандаа бол нисдэг тэрэг Мөнгөнморьтод ослын буулт хийсэн гэх мэдээлэлд Онцгой байдлын ерөнхий газрынхан "тийм мэдээлэл манайд ирээгүй, энэ бол ташаа мэдээ байна" хэмээн хариулж байсан гэж байгаа. Үнэхээр осол болсныг мэдээгүй юу, мэдсэн ч ямар нэгэн шалтгаанаар нуугаад өнгөрөхийг хүсэв үү гэж хардаж байгаа хэвлэлийнхнийг энд буруутгаж худал ташаа мэдээллээ гэж адрах нь хэрэггүй юм. Одоо энэ тойрогт тодорхой болоод байгаа баримт юу байна. Нисдэг тэрэг хувийн компанийн өмч байсан. “А-жет Авэйшн” ХХК-ийн өмч. Нисдэг тэрэг дотор нэр нөлөө, хөрөнгө бэл бүхий эрхмүүд явсан. Нисэхийн багийн 3 гишүүнээс гадна 7 насанд хүрсэн зорчигч 1 хүүхэд явсан. “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, Голомт банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүд трейд”-ийн н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” компанийн захирал Б.Баяр, “Харш констракшн” ХХК-ийн захирал н.Батболд нар. Аяллын гэх үү, нислэгийн гэх үү зорилго нь бас албан ёсоор тэмдэглэгдээгүй байна. Таамгаар бол ан хийх, аялаж зугаалах байсан гэж байгаа. Мөнгөтэй улс луувангаа иднэ үү, онгоцоо унана уу бидэнд үнэндээ хамаагүй. Хувийн ч бай, хувьсгалын ч бай Монголын тэнгэрт хөөрсөн монголд бүртгэлтэй нэг нисдэг обьект ослын байдалд хүрсэн нь анхаарахгүй өнгөрч болохгүй л асуудал болоод байгаа юм. Нисэх биет техник, автомашинаас өөрөөр яригдана. Аюулгүй байдал баталгаат байдлын хяналт нь хэний өмч байхаас үл хамааран Иргэний нисэхэд хамаарна.
:
Энэ шуугиан дэгдсэнээс хойш явж байгаа хандлагыг харахад осол ч бай, буулт бай үүнд нэг буруутан байх ёстой бөгөөд тэр нь явж явж өнөөх муу нисэгчид болж таарах гээд байх шиг байна. Саяхан ИНЕГ-аас хийсэн мэдэгдлээс ийм л санаа нэвт үнэртэж байна. Шууд ингэж мэдэгдээгүй ч нисдэг тэрэг болон нисэгчид нь Иргэний нисэхээс тавигдах бүх шаардлагыг хангасан шалгалт үзлэгт тэнцсэн байсан гэж байгаа. Үүнээс харахад өнөө хайгаад тогтоох гээд байгаа буруутан алга болчихлоо. Агаар салхи хэвийн, буулт хийхээр байсан гэж байгаа. Тэгэхээр өнөөх нисэгчид л “тэр” агшинд нэг алдаа гаргасан байж таарах дүгнэлтэд хөтлөх ажил явагдаж байх шиг байна. Мөнгөтэй ба нэртэй хүмүүсийн хариуцлагаас мултарч нэрээ бүтэн авч цэвэрхэн үлддэг ээлжит нэгэн найруулга эхэлсэн гэж харж болохоор байна. Явж явж жолоо атгасан нисэгч л буруудаад өнгөрөх бололтой.
:
Хэдэн жилийн өмнө Монголын нисэх хүчнийг нэг муу үнэг сөнөөчихөж байлаа. Түүх товчхон сөхвөл, “Симба” Батаа гэгч энэ нөхөр одоогоос хэдэн жилийн өмнө Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох “МИ-8” нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад үнэг ч үгүй, нисдэг тэрэг ч үгүй болж байлаа. Улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвдэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээгүй өнгөрсөн юмдаг. Нисдэг тэрэг унагаасан хэрэгт нисгэгчид буруудаж, “Симба” Батаа шүүхэд хохирогчоор очсон байдаг. Энэ нь бас л улс төржсөн шинжтэй. “Симба” Батаа гэгч эр тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан саднаар тодорсон байсан ба энэ байдал нь тухайн үеийн шүүгч нарт нөлөөлж “Симба Батаагийн хэрэг дарагдаж, түүнийг бүр хохирогч болгон үлдээсэн” гэдэг.
:
Энэ удаагийн “бөөрлөдөг” нисдэг тэргэнд бас л улс төр болон бизнесийн нөлөө бүхий эрхмүүд явж байсан. Одоо шуугианыг хэрхэн намжааж, хэн буруудах сценарийг нэг мундаг “Пи Ар”-чинаар хийлгүүлээд багаа хөдөлгөж эхэлсэн байх ч магад. Нисдэг тэргээрээ ангаа хийнэ үү, агаараас дэгээ шидэж уснаас загас барина уу, баавгайг загасны дэгээгээр өлгөж чирнэ үү, ер нь мөнгөтэй хүн кайф авах юм жирийн биднийхээс тэс өмнөө гэдгийг ойлгож байна. Гэхдээ асуудал нэгэнт анд явсан гэдгээр бус осол гарсан гэдгээр тавигдаж байгаа энэ үед жирийн нэг нисэгч шуугиан дарах нэг золиос болж хэлмэгдэх вий гэдэг болгоомжлол төрж байна.
:
Ерөнхий сайдыг цасан шуурганд төөрөхөд хайж олоход гарсан зардал гэх 16 сая төгрөгийг хамт “төөрсөн” бизнес найзууд нь гаргаж ижил олон баячууддаа үлгэр үзүүлж байсан. Нисдэг тэргэнд явсан хэд ч бас эр хүн шиг загнаж болсон явдлыг үнэн цагаанаар мэдэгдэж амьдралаа гэж яваа аавын хүү нисэгчдийг хэлмэгдүүлэхгүй байх гэж найдаж болох уу, эрхмүүд ээ.
:
П.Баярхүү /тоймч/