Хасагддаггүй эрх
2013-10-23

Өчигдөр “жоохон” уугаад, эрхээ хасуулчихлаа гэж хэн нэг нь энгүүн ярина. Энд архи уух ч юм уу, амьд явах эрхээ хасуулсан тухай биш автомашин жолоодох эрхээ хасуулсан тухай ярьж байгаа нь тодорхой.

7

Та эрүүл бус буюу согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар өчиггүй 6-н сараас 2 жил хүртэлх хугацаагаар өөрөө явагч хэрэгсэл болох машинтайгаа замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болдог тухай энд ярьж байна. Ёстой харагдаач гэдэг хар яриа шиг амьдралд биелдэггүй зүйл бол энэхүү жолоодох эрх хасах арга хэмжээ гэхэд хилсдэхгүй. Эрхээ хасуулчихсан, гэхдээ яахав ингээд явж л байна гэж хэлээ гаргах хэн нэгэнтэй та таарч л байсан байх.

6

Бусдын болоод өөрийн эрүүл мэнд амь нас, амьдралыг самрахаар явж байсан этгээд цагдаад амжиж баригдаж. Үүндээ баярлах ёстой байтал яах уу баларлаа, яриач, аргалж үзээч гэнэ. Хүлээх шийтгэл нь тодорхой. Хэрвээ шаардлагатай бол эрүүлжүүлэх арга хэмжээ авна, тэгээд эрхийг нь хасна. Зөвхөн жолоодох эрхийг нь 2 жил хүртэл хугацаагаар хасна.

6

Архи нь гарч, гэмшил нь жоохон дарагдсан эрхээ хасуулагч өөр арга алга гэсээр хэд хоногоос машинаа унан хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Эрхээ хасуулсан хэрнээ ийнхүү машин барьж байгаа нь хууль журамд харшлах ба мөн зохих шийтгэлтэй. Захиргааны хариуцлагын тухай хуулинд зааснаар бол жолоодох эрхээ хасуулсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Согтуугаар дахин явсан бол баривчлагдана. Хуулинд заасан дараагийн шатны энэ шийтгэлээс айж халширдаг хүн бараг үгүй. Жолоодох эрхээ хасуулсан болохоос хөл гараа тайруулчихсан биш машинаа барина даа л гэнэ. Аятайхан дүрэм зөрчихгүй яваад байвал гайгүй, бүр аргаа баригдахдаа тулбал аргалнаа гэж машинаа хөдөлгөнө. Торгуулийнхаа мөнгөний талыг буюу 250000 төгрөгийг гардуулсан цагдаагийнхаа гарт “мартан” явж аргалах  хувилбар ч байгаа.

7

Энэ нь аливаа юмыг аргалах гэдэг монгол зан уу, цаасан дээр байвч амьдралд ямар ч үйлчлэлгүй болсон хуулийн нэг заалт уу гэж асуухад хүргэж байна.

7

Дээхнэ үеийн жолооч нарын хувьд эрхээ хасуулна гэдэг нь талхаа алдана гэдэгтэй яг адил үйлчлэлтэй, үнэхээр том шийтгэл байлаа. Учир нь машин жолоодох эрхтэй тулдаа л 4 дугуйтай юм хөдөлгөж, ар гэр амьдралаа авч явдаг хүн олон байсан. Эрхээ хасуулбал  талхгүй болж, амьдрал нь хүндэрч, ар гэр нь өлсөнө. Ийм шууд үйлчлэлээрээ жолооны эрхээ хасуулах гэдэг үг хэн ч сонссон ноцтой, тухайн үеийн “намаас хөөгдөх” гэдэгтэй адил шийтгэл байсан.

7

Харин одоо бол өөр. Насанд хүрсэн охид хөвгүүдийн иргэний үнэмлэхээ аваад араас нь хийх ёстой хойшлуулшгүй нэг зүйл бол жолооны үнэмлэх авах. Монгол Улсад нийт 800-гаад мянган жолооч байна гэж үздэг гэнэ. Бидний бараг гуравний нэг нь жолооч гэж хэлж болно. Эрхээ хасууллаа гээд хоосон хонох, ажил амьдралгүй болох дарамт хүлээдэг цаг улиран одож. Бүгд мэдэж байгаа ч ганц нэгээс нь дурдья.

6

Эрхээ хасууллаа гэхэд машинаа эхнэр, нөхрөөрөө, дүүгээрээ бариулж болж байна. Зүгээр машинаа унахгүй тавьчихаж болж байна. “Аргалаад” цагдаатайгаа аятайхан зохицоод, торгуулаа гарт нь өгөөд яваад байж болж байна. Энэ мэт машинаа хөдөлгөөд амьдрал хэвийн л үргэлжлээд байх олон арга, гарц байна. Тэгэхээр энэ бол согтуу жолоочоос салах хязгаарлалт, арга хэмжээ биш.

6

Жолоодох эрхээ хасуулах бол арга хэмжээ авахуулах биш, сайндаа л хатуу сануулгатай л адил үйлчлэлтэй болжээ. Гэтэл согтуу жолооч  ямар хохирол үр дагавар авчирдаг билээ.

6

Хүний амьдрал аз, жаргалыг нураадаг чөтгөр гэж байдаг бол түүний ганц баруун гар, гал найз нь АРХИ. Чөтгөрт толгойгоо мэдүүлж яваа согтуу хүн жолоо атгавал юу болдог тухай хар мэдээ, гашуун нулимстай баримт барагдахгүй мэт үргэлжилсээр. Гэтэл эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрээгүй, азтай өнгөрсөн нэгний толгойг илж хэдэн сар машин барихаа боль доо, эрхээ хасуул гэж байгаа нь тааруулж ууж бай л даа гэсэн найзын зөвлөгөө шиг л сонсогдож байгаа юм.

 7

Та УИХ-ын гишүүн ч бай, Замын цагдаагийн газрын дарга ч бай, жирийн нэгэн хэн ч бай  жолооны ард сууж байхдаа бол жолооч гэх субьект болж байдаг. Энэ талаасаа эрхэм их хурлын гишүүн байлаа ч, хууль зүйн сайд байлаа ч, зуун айлын архичин байлаа ч согтуугаар машин баривал хоромын төдийд хүний амь насанд хүрсэн гэмт хэрэгтэн болох эрсдэлд ойр байдаг. Тийм болохоор согтуугаар машин барьж замын хөдөлгөөнд оролцсон этгээдэд хүлээлгэх хариуцлага шийтгэл нь сануулга бус, төгс үйлчлэх арга хэмжээ байх ёстой. Азтайгаар баригдсан согтуу жолооч цаашаа метр өнхрөөд хэнийг ч яаж ч гэмтээж, амь насыг нь бусниулж болох байсныг ойлгуулах бол тусдаа хийгдэх олон нийтийн сурталчилгааны ажил байх. Харин жолоодох эрхээ хасуулаад архинаас гарч, явган алхаад байдаг уу гэвэл, үгүй гэдгийг амьдрал харуулж байна. Харин ч цайрсан гэдэг шиг уусан үедээ машин руугаа гуйван алхаж, эрсдэлтэй алхам хийсээр байгаа юм. Эрхээ хасуулаад дахин согтуу машин барьж замын хөдөлгөөнд оролцвол шүүхийн тогтоолоор 7-30 хоног баривчилна гэж байдаг. Үүнийг нь тоож, тооцож, айдаг эмээдэг, болгоомжилдог хүн ч үнэндээ алга, аргалнаа л гэнэ.

 6

Захиргааны хариуцлагын тухай хуулийн тогтоол шийтгэврээр тодорхой хугацаагаар хязгаарлагдаж, компьютерт хасагдсан гэж бүртгэгдсэн ч амьдрал дээр хасагддаггүй ийм нэг эрх байна. Манай орон Америк биш болохоор сэтгэцийн өвчтэй буу барьсан балмад гарч ирээд арав хориор нь шүршээд хүн алаад байхгүй. Харин ганц шил архиндаа халамцсан согтуу жолооч нэг айл өрхийн арван хүнийг гэртэй нь дайраад алчихаж байна. Алаг үрээ хөтлөөд харьж явсан цэл залуу бүсгүй нэг согтуу жолоочийн хар гайд өртөж  нөгөө ертөнцөд одож байна.

6

Азаар хашаа хайс дайраад өнгөрчихвөл эрхээ хасуулаад нууц байдалд шилжин, жолоогоо мушгин архиа уусаар байдаг. Яадгийн, үсрээд л баривчлагдана биз гэж нүдээ ирмэх согтуу найзыгаа өрөвдөлгүй цагдаад мэдэгдээд өгчихөөрэй. Та найзыгаа төдийгүй нэг халуун бүлийг хагацалд унахаас, хэн нэгнийг цаг бусаар амиа алдахаас сэргийлсэн байх болно.

7

Харин хуулийнхан согтуу машин барьсан бол эрхийг нь хасаад өнгөрөөдөг энэ байдлаа  эргэн харах хэрэгтэй байх аа. Өдөрт 500 мянга орчим машин хөдөлгөөнд орж байдаг гэвэл энэ дотор хэд нь согтуу, хэд нь эрхээ хасуулчихсан явж байгааг хянах бололцоо манайд тийм их биш.

6

Хуулийн үйлчлэл нь шийтгэхээс гадна урьдчилан сэргийлэх зорилготой байдаг гэдэг. Дахин согтуу жолоо бариулахгүйн тулд, иргэдийн эд хөрөнгө амь насыг согтуу жолоочийн золиос болгохгүйн тулд, дахин давруулж хүний амь насанд хүргэхгүйн тулд согтуу жолоочийг эхлээд баривчилж, дараа нь эрхийг нь хасдаг байвал бараг шулуун биз. Баривлагдах 30 хоногт нь айдас дагуулсан согтуучуудын хар мөртөө, аваар ослын бичлэг баримтыг үзүүлж, ард хохирсон хүмүүсийн харуусал хагацал, өнчирлийн нулимстай яриаг сонсгож, согтуугаар машин барьж хүн алчихсан хүний шүүх хуралд суулгаж, хэрвээ машинаа дахиад жоохон өнхрүүлсэн бол юу болж, амьдрал нь яаж хөмөрч болох байсныг, хаана сууж байх байсныг нь тархи ухамсарт нь сайн чихэж өгөөд гаргавал өөр болж болох юм.

6

Магадгүй цаашид согтуу байтугай эрүүл үедээ ч машинаа барихаас өөрөө татгалзаж магадгүй. Одоо практикт бол давтан согтуу машин барьж, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан нөхдүүд “111” гэдэгт юу хийж, юуг ойлгож ухамсарлаад гарч ирж байна. Эхнэрээ байнга зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд болон засрашгүй архичид, нийгмийн хог шааруудын дунд хэд хонож, муу муухай үг яриагаар чихээ сайн “онгойлгож” аваад гарч ирж, стресстлээ хэмээн хэд хоног архидаж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй. Тэгэхээр одоогийн жолоодох эрх хасах, баривчлах гэдэг бол шийтгэл биш толгой илэлт санагдана.

 6

Ганц шил архиар эрдэнэт хүний амийг цаг бусаар аваад явчихаж болзошгүй тул энэ төрлийн хэрэг зөрчилд хүлээлгэх шийтгэл чанга бөгөөд “аргалах аргагүй” нэг мөр байх  ёстой. Үндсэн хуулинд амьд явах эрх маань хасагдашгүй байдаг бол замын хөдөлгөөнд хасагддаггүй жолооны эрх гэж бас байна.

 6

П.Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
tsagdaa:
mongol tsagdaa nar archaagui, jeep haraad bugd nudee ta anidag shuu dee, tsagdaa naraa ta nar hudalaa gej melzej chadahgui biz dee
2013-10-24