Чингисийн талбайг гурван тэрбумаар гэрэлтүүлнэ хэмээн ташаа мэдээлэл тараасан гэж хотынхон их л гомдолтой байгаа бололтой. Зөвхөн төв талбай бус Хүүхдийн ордон, Дуурийн театр, СТӨ, Төрийн ордон, МҮЭ-ийн төв байр, Засаг даргын Тамгын газар, Хөрөнгийн бирж, Сүхбаатарын хөшөө гэсэн найман байршилд чимэглэлийн гэрэлтүүлэг тавьж байгаа. Бас талбайн эргэн тойрны дөрвөн том, 18 жижиг гэрэлтүүлгийн ажил бүхэлдээ гурван тэрбум болж байгаа гэж зах замбараагүй зарлагаа цагаатгах гэж оролдож сууна. Нэгэнт хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, ажил нь эхэлчихсэн учраас яахав гээд орхиё гэтэл ажлын үр дүн арай л биш ээ. Товчхондоо, хотын төсвийн гурван тэрбум төгрөгөөр “Синтино лайтинг” компани тоглож байна. Гурван тэрбумын эрх өгч, “Синтино лайтинг” компанид даатгасан энэ хэсэг бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай, товчхондоо нүүр царай нь гэсэн үг.
6
Гэтэл томоохон орон сууцны хотхон ч тоож тавихгүй саарал шон байрлуулж, гэрэлтүүлэг нь сүүмийсэн, худалчхан хүнд лааны гэрлээс долоон дор. Юун шинэчлэл, хуучны гэрэлтүүлэг нь илүү тохиромжтой байж. Заавал тэрбумыг зарлагадаж, нүглийн нүдийг гурилаар хуурах шаардлага байсан юм уу. Хуучны шонг нь будаж, шарлаж муудсан гэрлийг нь сольчихсон бол өнөөдрийнхөөс илүү дээр харагдах байлаа. Гэтэл нэг инээдтэй зүйл сонсогдсон нь хотын удирдлага, холбогдох байгууллагууд төв талбайн гэрэлтүүлэг шаардлага хангахгүй байна гэж дахин хийлгэхээр болсон гэнэ, ажил нь дуусах шатандаа орж байхад шүү дээ.
6
Хэн ч харсан чанаргүй, нүд хуурсан ажил хамар дор нь явагдаж байхыг харсаар байж үл тоомсорлочихоод гэнэт ухаан орсон мэт аашилсныг ойлгоход хэцүү. Хотын дарга Э.Бат-Үүл, түүний орлогч Н.Батаа, С.Очирбат, Захирагчийн ажлын алба, Хөрөнгө оруулалтын газар гээд хамаатуулбал мундахгүй олон хүн, байгуулага бий. Засаг даргын Тамгын газар, Хангарьд ордноосоо гарах дургүй бол юу хийж байгааг цонхоороо ч харж болно. Харамсалтай нь хотынхон сэтгэл гаргасангүй. Тэгээд хэвлэлийнхэн буруу мэдээллээ, гурван тэрбумаар цогц ажил хийж байгаа гэж өөрсдийгөө өмөөрөөд сууж байгаагаасай ичих хэрэгтэй. Өөрсдийгөө тойруулж өнгө өнгөөр алаглуулах яахав, цаана чинь гэр хорооллынхон сохор номин шиг л бүдчиж явна.
6
Мөн л тэрбум
6
Улаанбаатар хотын гэр хороололд 15000 гаруй гэрэлтүүлэг шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Баянзүрх дүүргийн 5, 22, 27 дугаар хороо, Сүхбаатарын 18, 20, Баянгол 11, Чингэлтэйн 8, 9, Сонгинохайрханы 4, 26, Хан-Уулын 5, 6, 7 дугаар хороо зэргээр тас харанхуй гудамж хаа сайгүй бий. Энэ бүхнийг гэрэлтүүлэх зураг төслийг 200 сая төгрөгөөр хийж, 4500 гаруй гэрэлтүүлэг тавихад бэлэн болсон ч ажил нь эхлээгүй. Бичиг баримт нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэн нэгний ширээн дээр бий гэсэн үг. Үүнээс гадна энэ сарын 1-нд хотын дарга захирамж гаргаж, 3.6 тэрбумын өртөгтэй гэрэлтүүлгийн ажлын эрхийг дүүргүүдэд шилжүүлсэн гэнэ. “Ихэнх нь гэр хороолол руу чиглэж байгаа. Гэр хороололд 2500 цэгт гэрэлтүүлэг тавих судалгаа гарсан. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 200сая төгрөгөөр зургийн ажлын тендер зарлагдаж байгаа” гэж Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбат тайлбарлав.
6
Хэдийгээр хөрөнгө мөнгө, зураг бэлэн байгаа ч гэр хорооллынхон энэ өвлийг мөн л харанхуй өнгөрөөнө, хүйтний улирал ирсэн учраас. Тэгвэл өнгөрсөн зун, намар гэрэлтүүлгийн чиглэлээр ямар ажил хийгдэв. Мэргэжилтний хэлж буйгаар Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэг л өөрсдийн хөрөнгөөр гэрэлтүүлэг хийсэн гэнэ. Харин хотын хөрөнгөөр хийгдэх ажлууд зураг төсөл энэ тэр гэсээр өвөлтэй золгосон нь түүний ярианаас тодорхой болов. Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Баруун Сэлбэ, Зориг, Сөүл, Жуулчдын гудамж зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайд гурван тэрбумаар лед гэрэл тавьсан гэнэ. Бас авто замын шинэчлэл, “Гудамж” төслийн хүрээнд гэрэлтүүлгийн ажил хийгдсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ гэрэл зайлшгүй шаардлагатай байгаа гэр хорооллын гудамжинд гэгээ ч туссангүй.
5
Үүл дарга мэдэхгүй л дээ
6
Одоо Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн 85 хувь нь асч байгаа гэнэ. Шалдаа буучихаагүй үзүүлэлт ч бодит байдалтай хэр нийцэж байгаа нь сонин. Уг нь гэрэлтүүлэгт эзэн мундахгүй их. Захирагчийн ажлын албанд нэгдсэн удирдлага нь байхад дүүрэг бүр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хариуцдаг ашиглагч байгууллагатай, Сонгинохайрханд хоёр ч бий. Эзэнгүйдэхгүй л гэсэн үг. Үүний зэрэгцээ нийслэлийн гэрэлтүүлэгт зориулагддаг мөнгө жилээс жилд нэмэгдэж, тэрбум тэрбумаар тоологддог болж. Харин гэрэлтүүлгийн чанар дээшилсэнгүй. Хотын захын гудамжууд харанхуй хэвээр, гэрэл тавьсан ч тэр нь шонгоо гэрэлтүүлэхээс цааш хэтрэхгүй. Төсвийн хөрөнгө үргүй зарагдахын хэрээр хүний амь нас, эд хөрөнгөд аюул дагуулж байдаг. Нийт гэмт хэргийн 15-20 хувь нь гэрэлтүүлэггүй, харанхуй газар үйлдэгддэг гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад байна. Дээрэм, булаалт, хулгай, хүчингийн золиос болохгүйн төлөө залбирч, ямар их айдастайгаар гудамжаар явж, булан тохой тойрдгийг хотын дарга Э.Бат-Үүл мэдэхгүй л дээ, насаараа гэрэл гэгээтэй хотын төвд амьдарсан болохоор. Харин одоо хотынхноо, захын хорооллынхон яаж амьдардгийг, гэрэлгүй гудамжаар хэрхэн бүдчин явдгийг өөрийн нүдээр харах цаг болж. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн амьдралаас огт өөр дүр төрх таныг угтах болно, хотын дарга аа.
.
В.Хэрлэн